
Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байгаа ч олон жил оролцсон туршлагатай бусад орнуудын баг тамирчидтай ижил түвшинд өрсөлдөж байгаа ажээ.

Энэхүү “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын ахлагчаар ЗХЖШ-ын Материал, техникийн газрын даргын орлогч, техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, багийн дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж нар ажиллаж байна.

Энэ сарын 23-ны өдөр явагдсан нэгдүгээр шатны буюу нэг бүрийн уралдааны дүнгээр “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль хүртсэн байна.
Мөн 24-ний өдөр зохион байгуулсан хоёрдугаар шат буюу хөөх уралдааны “Урал 6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар алтан медаль, “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медалийн эзэн болсон тухай баярт мэдээг бидэнд ирүүллээ.

“Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР