МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч Та бүхэнд болон улс орныхоо бүтээн байгуулалтын их үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан үе үеийн ахмадууддаа Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 95, орчин цагийн Зэвсэгт хүчинд Барилгын цэрэг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бүх цэргийн жанжин, маршал Г.Дэмидийн 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тушаалаар Монголын Ардын Хувьсгалт Цэргийн бүтцэд Барилгын тусгай суманг байгуулснаар өнөөгийн Барилгын цэргийн түүхийн хуудас нээгдсэн билээ.
Барилгын цэрэг нь бүтээн байгуулалтын түүхэн он жилүүдэд монгол орныг аж үйлдвэрийн орон болгох төр, засгийн бодлогын хүрээнд хүн ам цөөн суурьшсан, алслагдсан газар тариалангийн бүс нутгуудад олон арван сум, сангийн аж ахуйг байгуулж, хэдэн мянгаар тоологдох газар тариалан, мал аж ахуйн объект, 400 орчим үйлдвэрийн барилга, байгууламжуудыг бие даан барьснаар эх орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрчлэн нийслэл хотноо олон арван орд харш, төр, захиргааны барилгуудыг барихын зэрэгцээ Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Сүхбаатар, Булган болон бусад хот, сууринд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, спортын ордон зэрэг томоохон барилгуудыг сүндэрлүүлсний зэрэгцээ улс орны батлан хамгаалах хүч чадлын үндэс болсон материаллаг баазыг өргөтгөх чиглэлээр томоохон ажлуудыг гүйцэтгэснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
Зэвсэгт хүчний бүтцэд Барилга-инженерийн цэрэг байх тухай заалт Улсын Их Хурлаар ёсчлон батлагдаж, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд шинээр байгуулагдсанаар Ардын Армийн түүхэнд бие даасан томоохон салбар болтлоо хөгжсөн Барилгын цэргийн үйл ажиллагаа эрчимтэй сэргэн, улс орны өнөөгийн хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаа нь бидний зүй ёсны бахархал юм.
Барилгын цэргийн бахархах үйлсийг бүтээж, бахдам түүхийг нь бичилцсэн үе үеийн ахмадууд болон тэдний бүтээлч үйл хэргийг түүчээлэн залгамжлагч Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүнд дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсэд тань арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ