• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-10-01 09:05:26
Үзсэн: 61

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-10-01 09:05:26 Үзсэн: 61



    

       Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт мэдлэг, дадлага, ур чадвар, хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ахмадууд Та бүхэнд “Олон улсын ахмадын өдөр”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

       Ахмад үеийнхэн Та бүхний халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, улс орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсны ачаар манай улс үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалан бэхжүүлж, өдгөө хүн төрөлхтний хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхаж байна.

       Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхийн бүхий л үе шатанд бүтээлчээр хөдөлмөрлөж ирсэн ахмад дайчид, ахмадууд Та бүхэн маань бахархан дуурьсгах амжилттай, бахдан үлгэрлэх үнэт зүйлстэй эрхэм хүндтэй хүмүүс билээ. Иймээс Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн ахмад дайчид, ахмадууд Та бүхнийхээ залуу насны цог хийморь, эх оронч сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа, хөдөлмөр, зүтгэлийг тань ямагт дээдлэн хүндэтгэж байдаг юм.

       Энэ жил бид бүхэн орчин цагийн Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн ойг улс орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалж, эх орныхоо нэр хүндийг дэлхий дахинд болон сансар огторгуйд дархалсан ахмад үеийнхний гавьяат үйлс, цэрэг, армидаа бүхий л талаар тусалж ирсэн ард түмний сэтгэл, зүтгэл, даян дэлхийд энх амгаланг тогтоохын төлөө халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид, дипломат албанд зүтгэсэн цэргийн алба хаагчдын түүх, монгол хүмүүн бүрийн баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэлээ.

       Тэрчлэн “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн бөгөөд энэхүү монгол төрийн их хүндэтгэл, ард түмний бахархлыг төрүүлсэн төрийн дээд шагналыг хүртэхэд Та бүхний оруулсан бодит хувь нэмэр, бүтээлч үйл ажиллагаа хамгаас үнэ цэнтэй байсныг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

      Бид бүхэн цаашид ахмад, дунд, залуу үеийн чандмань гурван хэлхээ, харилцан шүтэлцээг хангаж, Та бүхнийхээ алдар гавьяа, амжилт бүтээлийг тань сурталчлан дэлгэрүүлэх, мэргэжил, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг тань хойч үеийнхэнд өвлүүлэн эзэмшүүлэх талаар идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөх болно.

       Та бүхэндээ эрүүл энх байж, аз жаргал, инээд баяслаар ямагт бялхаж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227