Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас агаарын цэргийн ангиудын радиотехникийн инженерүүд, тусгай ротын захирагчийн зэвсэг, техник хариуцсан орлогч нарын цугларалтыг 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Агаарын цэрэг нь “Зэвсэгт хүчний тухай хууль”-аар Монгол Улсын агаарын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэхүү хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг үе үеийн агаарын цэргийн алба хаагчид нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр ч тайван цагт байлдааны жижүүрлэлтийн үүргийг манай цэргийн алба хаагчид өндөр хүчин чадалтай техник хэрэгслийн тусламжтайгаар 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж, улсын агаарын орон зайд хяналт тавьж байна. Энэхүү чухал үүргийг амжилттай гүйцэтгэхийн гол үндэс нь техникийн бэлэн байдал, тэдгээрийн найдвартай ажиллагаа бөгөөд уг асуудлыг Зэвсэгт хүчний агаарын цэргийн ангиудын радиотехникийн инженер, тусгай салбаруудын захирагчийн зэвсэглэл, техникийн орлогч нар хариуцан ажиллаж, зэвсэглэл, техникийн үзлэг, үйлчилгээг явуулж, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гэмтлийг яаралтай оношлон засварлан, хэвийн ажиллагаанд оруулан ажилладаг. Тэдэнд чиглэгдсэн цугларалтыг зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн цугларалтын гол зорилго нь радиотехникийн инженер техникийн бүрэлдэхүүний онол, дадлагын мэдлэгийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгдсэн юм.
Тус цугларалт нь “Радиотехникийн анги, салбаруудын тусгай зориулалтын техникүүдийн ашиглалт, чанар байдлыг дээшлүүлэх аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдвийн хүрээнд онол, дадлагын хэлбэрээр дөрвөн ангийн байрлалд нэгэн зэрэг хоёр үе шаттайгаар явагдаж агаарын цэргийн анги, тусгай салбаруудын 40 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
Ингэснээр олон жил, үр бүтээлтэй ажилласан туршлагатай инженерүүдээс залуу үеийнхнээ сурган дадлагажуулахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Нөгөө талаас техник, технологийн дэвшил өдрөөс өдөрт улам хүчирхэгжин, хурдацтай хөгжсөөр байгаа энэ цаг үед техникийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай тулгарч байгаа. Тиймээс манай инженерүүд үндсэн зэвсэглэлд ашиглагдаж байгаа техникүүдийг ямар нэгэн алдаа мадаггүй хэвийн ажиллуулан, байнгын бэлэн байдлыг хангасаар байгаа нь тэдний мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн дадлага туршлагын үр дүн хэмээн үзэж болно.
Тэрчлэн өөрсдийн нөөц боломжоо ашиглан орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан “Цуурай”, “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж” зэрэг төслүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Хошууч Э.ОЧБАДРАХ