МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын иргэд, “Чингис хаан” одонт Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч Та бүхэнд Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоосон бөгөөд уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ.
Энэхүү бахархлын өдөр нь өнө эртний түүхтэй монгол эх орны төрт ёс, соёл, уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах, иргэд, залуучуудад өвөг дээдсийнхээ баатарлаг түүх, бахдам амжилтаар бахархах сэтгэлийг төрүүлж, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.
Билгийн тооллын арван долоодугаар жарны цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн нэгний өлзий дэмбэрэлтэй энэ өдөр эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ энх амгалан байдлыг өнө мөнхөд батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, монгол цэргийн түүхэн амжилтыг баяжуулж ирсэн Та бүхнийхээ гавьяат үйлс, суу алдрыг бахархан тэмдэглэхэд нэн таатай байна.
Бид бүхэн энэ онд орчин цагийн Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн ойг улс орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж ирсэн ахмад үеийнхний бахдам үйлс, тэдний залгамж халаа болсон өнөө цагийн нийт бие бүрэлдэхүүний амжилт ололт, алдар гавьяаны баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн юм.
Тэрчлэн “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн бөгөөд энэхүү монгол төрийн их хүндэтгэл, ард түмний бахархлыг төрүүлсэн төрийн дээд шагналыг хүртсэндээ бид бүхэн туйлын баяртай байдгаа онцлон тэмдэглэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “…Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны ялагдашгүй цэргийн залгамж монгол цэргийн нэр төр, яруу алдрыг өндөрт өргөж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнасугай” хэмээсэн нь монгол хүмүүн бүрд хамаарах төрийн их хүндэтгэл билээ.
Цаашид Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэн, бахархах түүх, бахдам амжилтаа улам бүр бататгаж, төр, засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн үүрэг, даалгаврыг амжилт дүүрэн гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
Та бүхнийхээ ажил үйлсэд арвин амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ