Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүх цэргийн наадам энэ сарын 13-ны өдөр эхэлж байна.
Батлан хамгаалах яамны 110, Орчин цагийн Зэвсэгт хүчний 100, "Алдар" спорт хорооны 75 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог 30 дахь удаагийн Бүх цэргийн наадмыг үзэж сонирхохоор Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, спорт хороодын дарга нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.
Бүх цэргийн наадмыг нээж Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол цэрэг, монгол бөх түүхэн салшгүй холбоотой юм. Монгол бөх нь цэрэг эрсийн бяр хүчээ сорих, тулалдан тэмцэх, тэсвэр хатуужил, саад бэрхшээлийг давах арга барилд сургах үндсэн хэлбэрийн нэг төдийгүй баяр цэнгэл, найр наадмыг хөгжөөн түмэн олноо баясган цэнгүүлэх үндэсний соёл, уламжлалын салшгүй нэгэн өв болон эдүгээ бидэнд өвлөгдөн ирсэн. Бүх цэргийн наадмаар аймаг, цэргийн цолтнууд, шинэ залуу бөхчүүдийн хүч чадлаа сорих, уран мэхийг уралдуулах, цол эрэмбээ ахиулах үндсэн сорилго болдог төдийгүй Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоог илэрхийлсэн “Цэргийн” хэмээх үндэсний бөхийн цол, чимэг олгодог уламжлалтай билээ. Тиймээс энэхүү наадамд зодоглох эрэмгий дайчин бөхчүүддээ эр бяр, уран мэхийг уралдуулан үзэгч олноо баясган наадахыг хүсэн ерөөе. Өргөн олон түмэндээ хүчит бөхөө уухайлан дэмжиж, сэтгэлийн цэнгэл эдлэн сайхан наадахыг хүсье” гэлээ.
Ийнхүү үндэсний бөхийн цол, чимэг олгодог 30 дахь удаагийн Бүх цэргийн наадмыг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байгаа бөгөөд 256 бөх зодоглож байна.
Эх сурвалж: "Соёмбо" сонин