Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 278 дугаар байгууламжийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан биеийн тамир спортыг бүх нийтийн хүртээл болгох, сурталчлах, цэрэгжлийн спорт сонирхогчдын хүрээг тэлэх, байгууллага хоорондын харилцан ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх сургалтын материаллаг орчныг бүрдүүлэх зорилгоор саадын зурвас, гранатын болон гимнастикийн талбай бүхий биеийн тамирын цогцолбор хотхоныг тохижууллаа.
Энэ сарын 12-ны өдөр тус хотхоны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр “Саадын зурвас”-ын цогцолбор тэмцээнийг явуулав. Энэхүү тэмцээнийг цаашид аймгийн Засаг даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын биеийн тамирын мэргэжилтэн, дэд хурандаа Н.Түмэнбаяр, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Захирагчийн орлогч, Захиргаа удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Г.Баатархүү, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн дарга, дэд хурандаа Д.Ганболд болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцов.
“Саадын зурвас”-ын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 065 дугаар анги болон түүний харьяа 104, 252, 278, 281 дүгээр байгууламж, тусгай рот болон Дундговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 10 багийн 60 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр “Гимнастикийн талбай туулах” төрлөөр I байрт Зэвсэгт хүчний 065 дугаар анги, II байрт 252 дугаар тусгай рот, III байрт Дундговь аймгийн Онцгой байдлын газар, “Ерөнхий цэргийн саад” төрлөөр I байрт Зэвсэгт хүчний 065 дугаар анги, II байрт 252 дугаар тусгай рот, III байрт 104 дүгээр тусгай рот, “Гранат шидэлт” төрлөөр I байрт Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, II байрт Зэвсэгт хүчний 065 дугаар анги, III байрт 252 дугаар рот тус тус шалгарлаа.
Ахмад З.Анхбаяр