Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 017, 110, 338, 339, 340 дүгээр ангиудад 2021 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн залуус цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтаа дүүргэж, өнөөдөр цэргийн тангаргаа өргөлөө.
Тангаргийн баярын арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан болон аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлага хүндэт зочиноор уригдан оролцож, шинэ дайчиддаа баяр хүргэн, цэргийн албанд нь амжилт хүслээ.
Шинэ дайчдын тангараг өргөх цэргийн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Гавьяат барилгачин хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байрлалд шинээр баригдсан 100 цэргийн алба хаагчдын байр ашиглалтад орсон нь Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн алба хаагчдын ая тухтай орчинд алба хаах нөхцөл боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зорилтот ажлын нэгээхэн илэрхийлэл болж байна.
Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан цэргийн байрны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “...шинэхэн байраа угтан авч буй барилгачин дайчид та бүгдийн улс, эх орон, Зэвсэгт хүчнийхээ хөгжил, дэвшилд оруулах ирээдүйн их бүтээн байгуулалтын их үйлсэд улам их амжилтыг хүсэн ерөөе” хэмээн шинэ дайчдын урам зоригыг бадраалаа.
Өнөөдөр тангаргаа өргөсөн эдгээр дайчид цэргийн алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ аймаг, орон нутагт байрлах Политехникийн коллежууд болон МСҮТ-үүдэд барилгын өргөн мэргэжлээр суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ улс орныхоо бүтээн байгуулалтын үйл хэрэгт гар бие оролцохын зэрэгцээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, урамшуулал хүртдэгээрээ давуу талтай юм.
Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ардын эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн түүхийг сануулах олон тэмдэглэлт тэгш ой тохиосон энэ жилийн цэргийн тангаргийн баяр нь манай улс Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 97 жилийн ойн баяртай давхцан тохиосон бөгөөд Зэвсэгт хүчний ангиуд аймаг, орон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагууд, ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж цахимаар зохион байгуулснаараа онцлог боллоо.
Хурандаа Б.ОТГОНБАЯР