Ойрын өдрүүдэд ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрлийн цэргийн командлал, удирдах газар 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, батлагдсан хуваарийн дагуу тайлангийн хурлаа зохион байгуулж байна. Энэ өдөр ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгуулсан ба уг хуралд ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, хурандаа Х.Ариунбаатар, БХЯ-ны “Соёмбо” редакцын дарга, хурандаа С.Төмөрхуяг болон Хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд оролцсон юм.
Хурлын эхэнд ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө, сар бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, жил, улирал, сар, долоо хоног бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан, тус албанд ирүүлсэн болон явуулсан албан бичиг, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас хэвлэл, олон нийттэй харилцах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан зэрэг энэ онд боловсруулсан удирдлагын баримт бичгүүдийг танилцуулав. Дараа нь ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Б.Отгонбаяр тус албанаас 2021 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг дэлгэрэнгүй байдлаар илтгэж, зурагт танилцуулгаар үзүүллээ.
Энэхүү илтгэлийнхээ төгсгөлд хурандаа Б.Отгонбаяр хэлсэн үгэндээ “Тус албаны 2021 оны үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилттай хэрэгжүүлж, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаарх мэдээ, тайланг тухай бүрд нь нэгтгэн ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албан тушаалтанд хүргүүлж хэвшсэн. Тус албаны 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 22, Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр 7, Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр 12, нийт 41 ажлыг тусган бүрэн хэрэгжүүллээ. Мөн ЗХЖШ-ын цахим сайт, фэйсбүүк хуудасны байнгын ажиллагааг хангаж, 800 орчим зурагт мэдээ, мэдээллийг байршуулан олон нийтэд түгээсний зэрэгцээ иргэд, олон нийт түгээмэл үздэг телевизийн сувгууд болон мэдээллийн сайтуудаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж, энэ чиглэлд томоохон ахиц гарсан жил байлаа” гэдгийг тодотгов.
Тайлангийн хурлын төгсгөлд асуулт хариулт өрнөсний дараа хуралд оролцогсод саналаа илэрхийлж, нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ