Зэвсэгт хүчний Жанжин штабаас “1-Р СУВАГ” телевизийн уран бүтээлчидтэй хамтран энэ онд нийт 14 цуврал нэвтрүүлгийг бэлтгэж, олон нийтэд түгээгээд байна. Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан эдгээр цуврал нэвтрүүлэг нь тухайн анги, байгууллага, албан тушаалтнуудын түүх, дайчин замнал, дурсамж, хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйл ажиллагааг сурталчлах өндөр ач холбогдолтой юм.
Бид энэ удаа Зэвсэгт хүчний материал хангалтын төв бааз буюу 310 дугаар ангийн бүтээлч хамт олны үйл ажиллагааг сурталчилж буйн дээр тус ангиас Зэвсэгт хүчний Ар талын 100 жилийн ойг угтан хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээг нь онцлох болно.
"Цэрэг хаана, бид тэнд ..." хэмээх уриатай тус анги нь 1978 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй юм. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд тус анги нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогод нийцүүлэн төвлөрсөн хангалт, тээвэр, үйлчилгээний төв болох олон арван ажлыг хэрэгжүүлж, монгол орны өнцөг булан бүрд байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын материал хэрэгслийн хангалт, үйлчилгээг тогтоосон хугацаанд нь түргэн шуурхай, стандартын дагуу амжилттай зохион байгуулж байна. Түүний зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд, цэргийн алба хаагчдынхаа материал хэрэгслийн хангалтыг тив алгасан амжилттай зохион байгуулж буйг бид өндрөөр үнэлдэг юм. Тэрчлэн цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, аж ахуйн олон талын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор “Найман шарга” амралт, Эрчимжсэн мал аж ахуй болон Мод үржүүлгийн сургалтын төвийг байгуулан ажиллаж буй нь үр өгөөжөө өгч байгаа юм.
Уг нэвтрүүлгийг тун удахгүй олон нийтийн хүртээл болгохоор бэлтгэж буй бөгөөд энэ талаарх мэдээллийг эрхэм Танд шуурхай хүргэх болно.
Нэвтрүүлэг цаашид ч үргэлжилнэ . . .
Хурандаа Б.ОТГОНБАЯР