• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-16 12:36:26
Үзсэн: 80

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-16 12:36:26 Үзсэн: 80



     ЗХЖШ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. 
         Дэлхий дахинд болон манай оронд тархсан коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах үндсэн дээр энэ удаагийн тайлангийн хурлыг БХЯ, ЗХЖШ-ын сургалтын танхимд болон цахимаар зохион байгуулсан юм. 

     Энэхүү тайлангийн хурлын эхэнд ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, харьяа анги, байгууллагуудын бүтээлч үйл ажиллагааг сурталчилсан бичил үзэсгэлэнг гаргасан ба хуралд оролцогсод тэдгээрийг үзэж танилцлаа.
        Тайлангийн хуралд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын орлогч дарга, газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга оролцлоо.
      Мөн ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн командлал, удирдах газрын үндсэн бүрэлдэхүүн 5 байрлалд цахимаар оролцож, энэ оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлантай танилцсан юм.
     

    Үйл ажиллагааны тайлангийн хурлыг ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал удирдсан бөгөөд хурлын эхэнд ЗХЖШ-ын 2021 оны үйл ажиллагааны тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба  зурагт мэдээллийг ашиглан дэлгэрэнгүй байдлаар танилцуулав.
       

      Дараа нь ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа Ж.Өсөхбаяр "ЗХЖШ ын 2021 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлэлт, дүгнэлт"-ийг танилцууллаа. Хурандаа Ж.Өсөхбаяр Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газрын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой үр дүнтэй явагдаж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн биелүүлсэн хэмээн дүгнэв. Тэрээр энэхүү дүгнэлтийг гаргахдаа ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газрын 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудын хүрээнд төлөвлөсөн болон хэрэгжүүлсэн ажлуудыг нэг бүрчлэн үнэлсэн байна.
   

     Үүний дараа хурлын дэгийн дагуу асуулт, хариулт, санал өрнүүлэхэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч,  хошууч генерал Б.Энхбаяр нар тулгамдаж буй асуудлын талаар саналаа илтгэлээ.
       Дараа нь ЗХЖШ-ын энэ оны үйл ажиллагааны тайлангийн хуралд оролцож буй бие бүрэлдэхүүнд хандаж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлсэн юм. 
     

     Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ "Энэ онд олон тэгш ой тохиосны дотор орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг бид бүхэн бүтээлч ажлын жил болгон олон талт ажил, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Би Батлан хамгаалахын сайдын хувьд улс орны хэмжээнд Зэвсэгт хүчний хэрэгжүүлсэн маш олон ажил, арга хэмжээг тодорхой жишэн дээр дурдаж болно. Хэдийгээр манай оронд цар тахлын хүнд нөхцөл байдал үүсэж, зарим үед хорио цээрийн дэглэм тогтоосон ч Зэвсэгт хүчний Жанжин штаб төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлж чадлаа. Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тэргүүн зэргийн одон-"Чингис хаан" одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн. Энэ бол өнгөрсөн нэгэн зууны болон шинэ зууны бахархам үйл явдал юм. Энэ жил Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн дэвшил гарсан. Зэвсэгт хүчний хэмжээнд үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт бэлтгэлийг амжилттай зохион байгуулсны зэрэгцээ улс орны бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Зэвсэгт хүчин анх удаа үйлдвэрлэгч, бүтээлч төрийн байгууллага боллоо. Цаашид Батлан хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, нийт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, Зэвсэгт хүчний жишиг нэгтгэл, анги, салбарыг бий болгох чиглэлд онцгой анхаарч ажиллах болно. Ирэх жил Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулна. Ирэх жилийн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бүтээлч үйл ажиллагааг улам гэгээлэг байдлаар төсөөлж байна. Энд Улсын Их Хурлаас баталсан төсөв чухал ач холбогдолтой" гэдгийг онцолсон юм. Мөн цаашид ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдах албан тушаалтнууд албандаа туйлын хариуцлагатай хандах, дунд хугацааны удирдлагын баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүрэн хангах, цэргийн сургалтыг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалыг чадварлаг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах, зэвсэг, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хамтарсан сургалт, дадлага болон энхийг дэмжих ажиллагаа, улс орны бүтээн байгуулалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх, дотоодын хяналт шалгалт, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт, сахилга, ажлын хариуцлага, дэг журмыг улам бүр сайжруулах зэрэг үүргийг өглөө.
      Дараа нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ЗХЖШ-ын энэ оны үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж,  ирэх оны зорилго, зорилтуудыг тодорхойлж, бие бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.
        Энэхүү тайлангийн хурлыг зохион байгуулахын өмнө ЗХЖШ-ын Зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, удирдах газар, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд энэ оны тайлангийн хурлаа хийж, оны шилдгүүд, онцлог үйл явдлууд, бүтээлч ажлуудаа тодруулсан юм.
       Тун удахгүй Зэвсэгт хүчний болон ЗХЖШ-ын шилдэг алба хаагчдыг шалгаруулахын зэрэгцээ оны онцлох болон бүтээлч ажлуудыг тодруулах болно.
                                 

    Хурандаа Б.ОТГОНБАЯР

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226