БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны 10 дугаар ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 28-ны өдөр ЗХЖШ-ын жагсаалд зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэрэг, удирдах газрын дарга нар, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний мэргэжлийн ахлагч нарыг түүчээлэн БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагааны командлалд штабын ахлагчаар мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан тэргүүн ахлагч Ч.Түвшин нарт Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хойд бүсийн командлалын “Эко” баазын ажиллагааг удирдан цэргийн алба хаагчдын таатай орчныг бүрдүүлж, томилгоот хариуцлагын бүсэд эргүүл, цувааны үүргийг амжилттай зохион байгуулсан хурандаа Ц.Бат-Орших, батальоны үндсэн бүрэлдэхүүн болох ахлагч нарын бүрэлдэхүүнийг амжилттай удирдан, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтэд байнгын хяналт тавьж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн нарын 8 цэргийн алба хаагчид Цэргийн гавьяаны одон, болзошгүй цагийн байдалд цэргийн аюулгүй байдлыг хангах дадлага, сургуулилтуудыг төлөвлөн зохион байгуулж, бэлэн байдлыг хангаж ажилласан сургагч ахлагч Д.Чулуунсүх нарын 10 алба хаагчид Цэргийн хүндэт медаль хүртээлээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа амжилттай оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлсэн дэслэгч Э.Батсүх, байлдагч Ш.Гэндэнгончиг нарын 434 алба хаагчийг “Энхийн төлөө” медалиар тус тус шагнаж урамшуулсан юм.
Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль хүртээх ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монголчууд бид энх тайван, амар амгалан үгүйлэгдэж, гамшиг зовлон тохиолдсон улс оронд ямагт туслахыг эрмэлздэг ард түмэн билээ. Дэлхийн энх тайван, аюулгүй байдалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын цэргийн алба хаагчид 2002 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 20356 цэргийн алба хаагч, түүний дотор 872 эмэгтэй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж, манай улс энхийг сахиулагчдын оролцоогоор дэлхийн цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт, эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоогоор Зүүн хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бахдам амжилтад хүрчээ. Өдгөө монголын энхийг сахиулагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс “гуйвшгүй, төвшин, чадвартай” гэсэн үнэлгээг авч, дэлхий дахинд Монгол цэрэг хэмээх алдар сууг байгаад монгол төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна” гэдгийг онцоллоо.
Мөн “Цэргийн хүний ард үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх боломжийг олгож, бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг хүмүүс бол тэдний гэр бүлийнхэн билээ” хэмээн тодотгоод энхийг сахиулагчдын гэр бүлд монгол төрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар салбарын шагналаар шагнагдсан энхийг сахиулагч цэргийн алба хаагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР