Саяхан орчин цагийн Зэвсэгт хүчинд Артиллерийн цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 1921 оны 3 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын санаачилга, шууд удирдлагаар анхны их бууны салааг байгуулснаар орчин цагийн артиллерийн цэргийн үндэс суурь тавигдсан юм.
Тэрчлэн жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ардын журамт цэргийн нэгдүгээр морьт бригадын бүрэлдэхүүнд анхны их бууны хороог байгуулсан түүхэн өдрийг баталгаажуулан Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны тушаалаар жил бүрийн энэ өдрийг орчин цагийн Зэвсэгт хүчинд Их буут цэрэг байгуулагдсан өдөр хэмээн тогтоосон билээ.
Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан шинээр бүтээсэн Артиллерийн цэргийн 100 жилийн ойн дурсгалын медаль, “Монгол Улсын Зэвсэгт хүчний Артиллерийн цэрэг 100 жил” гэрэл зургийн цомгийг ЗХЖШ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүдэд “Монголын артиллерийн цэргийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн, удирдах зөвлөлийн гишүүн хурандаа Д.Мөнхсайхан, бэлтгэл хурандаа Ө.Батмөнх нар гардуулан өгсөн юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний түүхийн бүхий л хугацаанд артиллерийн мэргэжлийн дайчид маань онцгой гавьяа байгуулсан бөгөөд ганцхан жишээг дурдахад Та бүхэн өөрийн эх орондоо төдийгүй дэлхий нийтийн энх тайван, амар амгалангийн үйлсэд гар бие оролцож, 2003 оноос Афганистан улсад артиллерийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор сургалтын хөдөлгөөнт 13 ээлжийн багийг илгээн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадаад оронд өөрийн эзэмшсэн үндсэн мэргэжлээрээ сургалт, засварыг явуулсан анхдагч төрлийн цэрэг нь артиллеричид болсон бөгөөд өөрсдийн дадлага, ур чадварыг дээшлүүлэх, бусад орны цэргийн алба хаагчидтай харилцан туршлага солилцох боломж бүрдэн, Артиллерийн цэргийн түүх, дайчин уламжлалыг сурталчилсан түүхэн үйл явдал байсныг онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр уламжлан үе үеийн нийт артиллеричин дайчдадаа дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын арвин их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР