• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Дэд түрүүч Б.Эрдэнэдаваа: ГЕНЕРАЛЫН ХАМТ ҮДИЙН ХООЛОО ЗООГЛОСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2021-12-30 15:41:40
Үзсэн: 62

Дэд түрүүч Б.Эрдэнэдаваа: ГЕНЕРАЛЫН ХАМТ ҮДИЙН ХООЛОО ЗООГЛОСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2021-12-30 15:41:40 Үзсэн: 62



         Ойрын өдрүүдэд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил үйлчилгээнийхээ үр дүнг дүгнэн хэлэлцэж, ирэх оны зорилго, зорилтуудаа тодорхойлон зав тун багатай байна. Энэ өдөр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллан, хугацаат цэргийн алба хаагчдынхаа хамтаар үдийн хоолонд орлоо.

         Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн албыг хааж буй дайчдын хувьд өдөр тутмын цагийн хуваарьт ажиллагаанд бүрэн хамрагдаж, цэргийн хэрэгт шамдан суралцахын зэрэгцээ баяр, амралтын өдрүүдэд урлаг, соёл, спортын олон ажил, уралдаан тэмцээнд тогтмол амжилт гарган оролцдог юм. Тэдгээр олон ажлын нэг нь дайчдын төрсөн өдрийг тэмдэглэх ёслолын ажиллагаа бөгөөд анги бүр өөр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулалтын өндөр түвшинд ёслон тэмдэглэдгээрээ онцлогтой.

          Ард түмэндээ “Төрийн торгон цэргүүд” хэмээн хүндлэгдсэн Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, төр, цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хувьд 12 дугаар сард дайчдынхаа төрсөн өдрийг өнөөдөр буюу шинэ жилийн баярын өмнөхөн тэмдэглэж байгаа нь энэ билээ.

         Энэ үеэр бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ “Та бүхэндээ удахгүй тохиох шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд арван хоёрдугаар сард төрж, хорвоод мэндэлсэн ховорхон хувь заяаны баяраа цэргийн хуаранд дайчин нөхөдтэйгөө, захирагч, дарга нартайгаа, цэргийн гал тогооны ажилтнуудтайгаа хамт тэмдэглэж буйд баяр хүргэе. Аливаа хүний насан туршид тохиох нандин сайхан дурсамж нь цэргийн хуаранд л хөвөрч, амьдралын турш дуурьсагдаж байдаг учиртай. Түрүүч, байлдагч Та бүхэн тун богино хугацаанд цэргийн эрдэмд суралцаж, төрийн болон цэргийн хэд хэдэн ёслолд амжилттай оролцоод байгаад ЗХЖШ-ын удирдлага талархаж байна. Цаашид тэргүүний ангийн нэр, алдраа өндөрт өргөн, цэргийн албаа нэр төртэй хааж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангахын төлөө хичээл зүтгэл гаргана гэдэгт итгэл төгс байна“ гэдгийг онцлоод ЗХЖШ-ын даргын “Дурсамж”-ийг тус ангийн захирагч хурандаа Ж.Мөнхбаярт гардуулсан юм.

           Мөн тус ангийн 2021 оны тэргүүний түрүүч, байлдагчаар шалгарсан дэд түрүүч, Б.Эрдэнэдаваа, байлдагч Б.Төрболд болон Хүндэт харуулын тусгай ротын байлдагч Г.Лха-Очир, Н.Цогмагнай, О.Отгонбаяр, Г.Хангай, Б.Жигмэд, Харуул, үйлчилгээний ротын байлдагч Б.Тэмүүжин, Г.Түвшинтөгс, Х.Мөнхзул нарт гарын бэлэг гардууллаа.

           Шинэ жилийн баярт зориулан арван хоёрдугаар сард мэндэлсэн дайчдын төрсөн өдрийг тэмдэглэж буй энэхүү ёслолын үеэр дэд түрүүч Б.Эрдэнэдаваагийн сэтгэгдлийг сонсоход “Би Архангай аймгийн Хайрхан сумаас цэргийн албанд ирсэн. Ангийнхаа оны тэргүүний түрүүчээр шалгарч, Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Батлан хамгаалах яамны 110 жилийн жилийн ойд зориулсан төрийн ёслолын ажиллагаануудад амжилттай оролцлоо. Энэ мөчид эрхэм генералтайгаа хамт үдийн хоолоо зооглосондоо туйлын баяртай байна. Бригадын генерал С.Дашзэвэг дарга маань өмнө нь тус ангийн Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирснээр бидний танил болсон юм. Энэ мөчид ангийнхаа нийт түрүүч, байлдагч нарынхаа өмнөөс аав, ээж, ахан дүүстээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсье” гэсэн юм.

               Мөн энэхүү ёслолын үеэр тус ангийн цахилгаан хөгжмийн “Цагаан сүлд” хамтлаг болон ахлах ахлагч Б.Эрдэнэбаатар, ахлах ахлагч Я.Бямбасүрэн, Г.Батбаяр нар урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226