• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР...
Нийтэлсэн: 2022-01-14 17:11:41
Үзсэн: 74

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР...
Нийтэлсэн: 2022-01-14 17:11:41 Үзсэн: 74



       Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр гаргасан Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

     Үүнд: "Монгол Улсын хэмжээнд коронавируст халдвар (ковид-19)-ын “Омикрон” хувилбар илэрч, тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, цэргийн алба, өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, салбарын дарга, командлагч, захирагч нарт даалгаж байна. Үүнд:

       1. Батлан хамгаалах яамны “Шуурхай удирдлагын бүлэг”, Зэвсэгт хүчний Жанжин штабын “Шуурхай удирдлагын штаб”-ын үйл ажиллагааг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлтөд тодотгол хийж, шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

       2. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тогтоол, тушаал, зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллах;

       3. Цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, нөхцөл байдлын бодит мэдээллээр хангах;

       4. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр аливаа мэдээлэл нийтлэхгүй, түгээхгүй байхад онцгойлон анхаарах;

       5. Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад онцгой анхаарал хандуулж, дархлаажуулалтыг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

      6. Нэгтгэл, анги, байгууллагын “Тусгаарлах байр”-ын бэлэн байдлыг хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;

     7. Нэгдсэн арга хэмжээ, хурал, зөвлөгөөн, сургалтын үйл ажиллагааг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон Батлан хамгаалах яамнаас гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд хязгаартай /цахим хэлбэр/-гаар зохион байгуулах;

      8. Байгууллагуудад гаднаас нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, нэн шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулан нэвтрүүлж байх;

      9. Цэргийн төв эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч, алба хаагчийг шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх арга хэмжээг холбогдох журмын дагуу зохион байгуулах;

      10. Хүний эрх, ялангуяа хөдөлмөрлөх эрх болон жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, шахалт, хүчирхийлэл, хүнлэг бус байдлаар хүний нэр хүндийг доромжлон харьцах, дам үгээр шийтгэх зэрэг зөрчлийг гаргуулахгүй байхад анхаарах;

      11. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ажил таслалт, хийдэл гаргуулахгүй байх, сахилгын хариуцлагыг бүх түвшинд чангатгах талаар нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч ажиллах зэрэг болно.

       Албан даалгаврын хэрэгжилтийн талаар 7 хоног бүрийн Баасан гарагт Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчид танилцуулж байхыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, харьяа байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгож байна" гэжээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226