Зэвсэгт хүчний албан хаагчид сэтгэлийн болон биеийн тэнхээ тамир их шаардсан байнгын өндөр ачаалалтай, өвөрмөц хөдөлмөр эрхэлдэг болоод ч тэр юм уу бие бялдрын зөв тэгш хөгжилтэйгээс гадна эрэмгий дайчин чанартай, төлөвшил сайтай байдаг нь нүднээ илт.
Тиймдээ ч цэргийн албаа хааж байгаа болон цэргийн алба хаах хугацааг дүүргэж бэлтгэлд шилжсэн идэрхэн насны офицер, ахлагч нар “гавьяаны амралт”- аа эдэлж, тэтгэвэр авдаг хэдий ч гар хумхин суулгүй өөр хоорондоо эвсэн нэгдэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах, өөрсдийгөө хөгжүүлэх хийгээд нийгмийн сайн сайхны төлөө олон төрлийн ажил, арга хэмжээг манлайлан зохион байгуулж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлдэг сайхан уламжлал тогтсон байна. Тэд эдүгээ ч эр цэргийн тангарагтаа үнэнч, харьцангуй өндөр боловсролтой, иргэний ухамсартай, чанд сахилгатай, сэтгэлгээ нь зөв төлөвшсөн, ажил амьдралын арвин туршлагатай, эх орон ард түмэндээ чин сэтгэлээсээ хайртай хүмүүс гэлтэй.
Бэлтгэлд байгаа офицерууд нэгдэн төрөл мэргэжлийн цэргийн холбоо ТББ, баг, клубүүд байгуулан төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллаж, иргэд, залуу үеийг соён гэгээрүүлэх, цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд чиглэсэн сургалт, уулзалт ярилцлага зохион байгуулах, тэдэнд бие бялдрын өв тэгш хөгжил олгох, нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт ажил хийдэг болжээ. Ийм нэгэн клуб сошиал орчинд нэлээд идэвхтэйн зэрэгцээ тэдний хийж байгаа үйл хэрэг ихээхэн сонирхол татаад багагүй хугацааг үдэв. Түүгээр ч үл барахгүй нийгэмд, тэр дундаа цэргийн алба хаагчдад зөв үлгэр дуурайл, хандлага түгээж байгаад нь олзуурхан нэг өглөө тэдний багийг зорив. Хаана, хэдэн цагт “Болздогийг” нь мэдэж аваад цэнгэг өглөөний агаарт зорилго нэгдэн Туул голын хөндийг зорилоо. Болзсон газраа уулзсан тэд мэнд мэдээд л үндсэн ажилдаа орцгоолоо. Сугаа ажилтай бидний хэдэн нөхөд ч мөн тэдэнтэй нэгдэн агаар салхинд алхахын зэрэгцээ, дасгал нормативд нь нэгдэв. Өглөөний дасгал дууссаны дараа тэд нийгэмд нөлөөлөхүйц энэ мэт ажил, арга хэмжээнийхээ талаар хууч хөөрлөө.
Дэлхий даяар цар тахалт өвчин гарч Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоосон 2020 оны 11 дүгээр сард Зэвсэгт хүчнээс бэлтгэлд шилжсэн хурандаа Б.Мягмар, Ө.Батмөнх, Г.Сүхбаатар, Д.Цэрэнчимэд, С.Эрдэнэтөгс, Б.Батбаатар, Б.Алтангэрэл нар хамтран өөрсдийн дархлаагаа дэмжих зорилгоор өглөөний алхалтыг хийж эхэлсээр нэг жил гаруйн хугацааг үджээ.
Бэлтгэлд байгаа эдгээр хурандаа нар маань өглөө бүрийн дасгалаа баяжуулан, эгнээгээ тэлж, цэргийн албанд гүйцэтгэж байсан норматив дасгал, сургуулиудаа сэргээн хийж, нийгэмд зөв хандлагыг түгээх уриалга дэвшүүлэн үйл ажиллагаагаа нийгмийн цахим сүлжээгээр сурталчилж, үлгэрлэн манлайлах ажлын эхлэлээ түүчээлсэн байна.
Тэд хорио цээрийн дэглэмийн үед үндсэн дасгалтайгаа хамтатган Туул голын эрэг орчмоор гүйлтийн болон явган тактикийн уламжлалт хэлбэрүүдээр сургуулилт хийж, гранат шидэх, мөсний шагай харвах, харзны усанд шумбаж биеэ чийрэгжүүлэх зэргээр өөрсдийгөө хөгжүүлж, өрөөлд үлгэрлэж, өглөөний дасгалаа баяжуулсаар байгаа аж.
Эдгээр дасгал сургууль нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үлгэрлэн манлайлах, цэргийн албаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, хүүхэд залуучуудад цэргийн албаны онцлогийг таниулах, цэргийн хүний бие бялдрын хөгжлийг бодит байдлаар сурталчлах зэрэг олон талын ач холбогдлыг агуулж байгаа нь аштай гэмээр.
Ийнхүү багийн зохион байгуулалттайгаар дугуйгаар аялах, газрын теннисээр хичээллэх, уулын явган аялал хийх, долоо хоногийн тогтсон өдрүүдэд сагс, гар бөмбөг, хөл бөмбөг тоглох зэргээр олон хэлбэрийн спортын төрлүүдээр бие бялдраа хөгжүүлсний үр дүнд Батлан хамгаалах яамны Ахмадын хорооноос Төрлийн цэргийн холбоодын дунд зохион байгуулсан тэмцээнүүдэд бэлтгэл хурандаа Ө.Батмөнх, С.Эрдэнэбаатар, Д.Цэрэнчимэд, С.Эрдэнэтөгс, Б.Батбаатар, Б.Алтангэрэл, дэд хурандаа Б.Рагчаасүрэн нар баг тамирчдыг ахлах, зохион байгуулах зэргээр үлгэрлэн манлайлж амжилт гаргасан байна.
Түүнчлэн түүхт ойн өдрүүдээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх, Үндэсний соёл амралтын хүрээлэнд байх “Монгол Улсын Энхийг сахиулагчдын хөшөө”-ний талбайд цугларч, дасгалаа хийхийн зэрэгцээ хөшөө орчмыг тохижуулах, цэвэрлэх ажлыг тогтмол гүйцэтгэж, Зэвсэгт хүчний дайчдынхаа алдрыг илэрхийлсэн цогцолборыг өргөтгөхөд санал санаачилга гаргах, нийслэлийн Цэргийн штабтай хамтран хүүхэд залуучуудын дунд “Нийслэлийн хөгжилд бидний оролцоо” дугуйн аялал зохион байгуулсан зэрэг нь цэрэг, эх оронч үзлийг түгээх бас нэгэн чухал ажил болжээ.
Цэрэг хүн аливаа ажилд нэгэн сэтгэлийн үзүүрээр оролцдог, нэгэн удирдлагад ажилладаг зарчмыг энэ багийн нөхөд ийнхүү үйл ажиллагаандаа мөрдлөг болгон харуулахын сацуу ууланд аялах зориулалтын хувцас, таяг, үүргэвчээр ижилсэж, хээрийн хүнсээ бэлтгэсэн байдал зэргээс нь харвал яг л тушаал аваад үүргээ гүйцэтгэж байгаа цэргүүд мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлж байлаа. Түүгээр ч үл барам багийн хамт олон үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор нээлттэй клубийн зохион байгуулалтад шилжиж буйн дээр тус клуб хурандаа Г.Сүхбаатарыг томилон, дүрэм журмаа боловсруулахаас эхлээд цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулаад эхэлжээ.
Тус клубийн гишүүдийн 80 орчим хувь нь гадаад, дотоодын цэргийн академи төгссөн, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагад удирдлагын түвшинд ажиллаад бэлтгэлд шилжсэн, бүх төрөл мэргэжлийн 52-65 насны офицерууд байх агаад клубийн ахлагч бэлтгэлд байгаа хурандаа Г.Сүхбаатар “Цаашдаа цэргийн цолны ялгаваргүйгээр гишүүнчлэх бодлого барьж ажиллана” гэв. Эл клуб алсдаа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмадын хороо, Төрөл мэргэжлийн цэргийн холбоо болон “Хурандаа” нийгэмлэг зэрэг ТББ-уудтай хамтран ажиллах төсөл, саналаа боловсруулж байгаа бөгөөд клубийн гишүүд өөрсдийн ажлын туршлага, мэдлэг, чадвараа ашиглан цэргийн сургалт, бэлтгэлийн үе шатуудад / штабын шуурхай дадлага, команд штабын сургуулийн бэлтгэл үе/ зөвлөх үйлчилгээ үзүүлэх, клубийн гишүүдийг тогтмол хугацаанд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл хүмүүжлийг олгох ажилд оролцох зэргээр Зэвсэгт хүчний ахмадын хороо, Төрлийн цэргийн командлал, анги, байгууллагуудтай хамтран ажиллах саналыг дэвшүүлэх талаараа ч дурдав.
Ингэснээр бэлтгэлд байгаа офицерууд өөрсдийн оператив тактикийн мэдлэгээ бататгах, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, цэргийн урлагийн хөгжилтэй танилцах боломж бүрдэж, хэрэгцээтэй цагт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлаа хангаж чадна гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн “Зөв хандлага-Эрүүл мэнд” уриатай энэ багийн үйл ажиллагааг дэмжин Архангай, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагт ажиллаж, амьдарч байгаа бэлтгэлд байгаа офицерууд нэгдэн биеэ чийрэгжүүлэх, спортоор хичээллэх замаар хүүхэд, залуучуудыг биеэр үлгэрлэн дагуулах, ухамсарлуулан ойлгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа нь ийм эерэг нөлөөллийн арга хэмжээ нийгэмд нэн хэрэгтэй бөгөөд ихээхэн үгүйлэгдэж ирснийг харуулж буй гэлтэй. Тиймээс орон нутгуудад энэ мэт клуб олноор байгуулагдаж нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах үүсгэл санаачилгыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй юм.
Үүнээс гадна Зэвсэгт хүчний ахмадуудын хөгжлийн асуудлаар БХЯ, ЗХЖШ-аас нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж баталгаажуулан, тэдний мэдлэг, чадвар, туршлагыг зүй зохистой ашиглах өргөн боломж байгааг эдгээр бэлтгэлд буй ахмадууд тод томруунаар харуулж буй юм. Ийм ч учраас тэд Зэвсэгт хүчний ахмадуудын хөгжлийн төв болох “Ахмадын өргөө” баригдаж, үйл ажиллагаа нь эхлэхээр энэ чиглэлд тодорхой ахиц гарна гэсэн их найдлага тээж явдгаа энэ үеэр учирлаж байсан юм. Хүн хөгширч бус хөшиж үхдэгийг энэ л үүрэг хүлээсэн бэлтгэл дарга нар биеэрээ үлгэрлэж буй нь хэчнээн бахдам бэ.
Эх сурвалж: "Соёмбо" сонин