Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 136 дугаар зарлигаар “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдан гарсан. Энэхүү журмын 5.3 дахь заалтын дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийг байгуулаад байгаа юм.
“Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба ахлах бөгөөд гишүүдэд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа С.Ванчинхүү, ХХЕГ-ын Хүний нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга хурандаа Х.Гантулга, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.Үнэнбаатар, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Дугарсүрэн, Төрийн тусгай хамгаалалтын газрын Сургалт, хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Э.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Э.Наранхүү, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор, профессор О.Мөнхбат нар томилогдсон ба нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Гантулга ажиллах юм.
Тус зөвлөлийн гишүүд өнгөрөгч сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн хуралдааны танхимд анхны хурлаа зохион байгуулж, зөвлөлийн зохион байгуулалтын зарим асуудал, цаашдын үйл ажиллагааны чиглэл, дараагийн хурлын тов зэрэг асуудлыг хэлэлцлээ.
“Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ын дагуу Батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нар ахлах офицерын хурандаа цол олгуулах саналыг холбогдох материалын хамт Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад гаргаж, ирүүлэх ба дээрх зөвлөл нь санал, материалыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, байгууллага, хамт олны саналыг харгалзан ахлах офицерын хурандаа цол олгох эсэх талаар зөвлөмж гарган танилцуулах чиг үүрэгтэйгээр ажиллана. Ахлах офицерын хурандаа цолыг жилд хоёр удаа тушаал гарган олгох ба тушаал хоорондын зай нь хагас жил байх ажээ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР