• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 032 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2022-04-01 17:04:01
Үзсэн: 110

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 032 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2022-04-01 17:04:01 Үзсэн: 110



        Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үйл ажиллагаатай энэ сарын 01-ний өдөр танилцлаа.

          ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийг Хүндэт харуул хүндэтгэн угтаж, үүний дараа тус ангийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр танилцуулга хийлээ.

         Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр танилцуулгадаа ангийн түүх, дайчин замнал, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг онцолж, ЗХЖШ-ын дарга, удирдлагад уламжлах саналын талаар илтгэв.

         Мөн энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Ангийн штаб, Соёлын төв, Дайчин алдрын танхим, Цайны газар, Цэргийн гал тогоо, Цэргийн байр зэрэг байр, объектуудаар явж, тус ангийн өнөөгийн байдалтай биечлэн танилцлаа.

        Үүний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг тус ангийн байнгын бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай тус тусад нь уулзаж, Зэвсэгт хүчинд өрнөж буй үйл явдал, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсний зэрэгцээ санал сэтгэгдлийг нь сонсох, цаашид зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм.

       Сонирхуулахад, Цэргийн зөвлөлийн 1924 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 12 дугаар тушаалаар Цэргийн Явдлын Яамны шууд харьяанд "Улаанбаатар хотын комендант'-ыг байгуулснаар тус ангийн түүх эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын комендант нь нийслэлийн 7 дүүрэгт, 14 маршрутаар, 60 гаруй км.кв талбайд цэргийн хүрээнд ёс журам сахиулах үүргийг гүйцэтгэж байна,

       Ардын хувьсгалын 30 жилийн ойн баяраар гадаадын 10 гаруй орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн манай улсад хүндэт зочноор уригдан үндэсний баяр, наадамд оролцсоноор Хүндэт харуулын үүргийг гүйцэтгэх эх суурь тавигдсан ажээ. Улмаар 1955 оны 12 дугаар сарын 27-ны өдөр БНАГУ-ын Төрийн зөвлөлийн дарга Отто Гортвалдийг хүлээн авснаас хойших бүхий л он жилүүдэд тус ангийн бие бүрэлдэхүүн Хүндэт харуулын үүргийг амжилттай гүйцэтгэсээр байна.

        Ингэснээр өнгөрөгч хугацаанд тус ангийн бие бүрэлдэхүүн төрийн болон цэргийн 5000 гаруй ёслолын ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн амжилтыг үзүүлжээ.

       Мөн Зэвсэгт хүчний Тэргүүний ангийн болзлыг 9 удаа бататган хангаж, улс, хот, дүүрэг, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах спортын болон соёл урлагийн олон арван уралдаан, тэмцээнд тэрлүүлсний зэрэгцээ шагналт байрт цөөнгүй удаа шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

       Тус ангийн амжилт ололтыг манай улсын төр, засгаас өндрөөр үнэлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1974 оны 324 дүгээр зарлигаар Байлдааны гавьяаны одон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 162 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны одонг тус тус хүртээсэн бөгөөд Засгийн газрын 2005 оны 230 дугаар тогтоолоор Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит болгосон нь монгол түмний бахархал, бахадлыг ямагт төрүүлдэг юм.

       Ард түмэндээ "Төрийн торгон цэргүүд " хэмээх нэр алдраар алдаршиж, ажлын амжилт дүүрэн яваа тус ангийн бүтээлч хамт олны цаашдын үйл ажиллагаанд улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226