• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2022-05-19 17:14:55
Үзсэн: 82

“БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Нийтэлсэн: 2022-05-19 17:14:55 Үзсэн: 82



        Батлан хамгаалах салбарт эмэгтэй алба хаагчдын эзлэх байр суурь, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан дүгнэсэн судалгааны үр дүнд үндэслэн, цаашид хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, үйл ажиллагааны төрөл, хэлбэрийн талаар санал, зөвлөмж боловсруулах боломжийн талаар хэлэлцэх зорилготой “Батлан хамгаалах салбарын эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

       Хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр нарын хүндэт зочид болон БХЯ, ЗХЖШ, ҮАБЗ-ийн ажлын алба, БШУЯ, МЦНХ, ҮБХИС, БХЭШХ-ийн холбогдох албан тушаалтан, багш, эрдэмтэд оролцлоо.

       Дэлхий нийтээр тэгш байдлыг энх тайван, аюулгүй байдлын үндэс суурь хэмээн үзэж, нийгмийн гишүүн бүр боломж, нөөц, үйлчилгээ, хамгааллыг тэгш хүртэж, шийдвэр гаргахад тэгш оролцохын чухлыг онцолсоор байна. Үүнтэй холбоотойгоор жендерийн тэгш байдал нь хөгжлийн явцад оролцох болон үр шимийг нь хүртэх боломжийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст, нийгмийн бүлгүүдэд тэгш бүрдүүлэх ойлголт бөгөөд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” (UNDP, 2016) -ын “хөгжлийн явцад хэнийг ч үл орхигдуулах” зарчмыг хэрэгжүүлэх арга зам болж байна. Бүх насны эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг ялгаварлан гадуурхалт, шударга бус хандлагаас сэргийлсэн ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, ялгаатай хэрэгцээг анхаарч, ажил, ар гэрийн тэнцвэрийг хангах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгууллагын хөгжлийг хурдасгах, хувь хүний болон гэр бүлийн хөгжлийг дэмжихэд бодит нөлөө үзүүлдэг нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг.

       Батлан хамгаалах салбар болон бусад салбаруудын хувьд жендерийн талаар баримтлах бодлогыг үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн нь салбарын байгууллагуудын хүний нөөцийн хөгжилд төдийгүй эрэгтэй, эмэгтэй, ялгаатай хэрэгцээтэй хүн бүрд үр өгөөжтэй байж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох нь тодорхой юм.

       Иймд салбарын жендерийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг дэмжих, сайжруулах ажлын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Батлан хамгаалах салбарт эмэгтэй албан хаагчдын эзлэх байр суурь, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулах, үүнтэй холбоотой илтгэл хэлэлцүүлэх, санал, зөвлөмжийг дүгнэн нэгтгэх зорилгоор “Батлан хамгаалах салбарын эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ийнхүү зохион байгуулж буй юм.

       Хуралд Жендерийн үндэсний хорооны Салбар дундын бодлого, зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын бодлого төлөвлөлт, хамтын ажиллагаа”, БХЭШХ-ийн БХДШТ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Б.Баатарсүрэн “Батлан хамгаалах салбарт ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын салбартаа эзэлж буй байр суурь, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдэвт судалгааны үр дүн, санал, зөвлөмж, ҮАБЗ-ийн Ажлын албаны Стратегийн бодлогын хэлтсийн дарга, доктор, хурандаа Р.Энхболд “Цэргийн байгууллагад эмэгтэй алба хаагчдыг ажиллуулж буй гадаадын зарим орны туршлага, сургамж”, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн ахмад Б.Золжаргал “НҮБ-аас гаргасан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолыг Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага” зэрэг олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэв.

         Энэ бүгдээс Батлан хамгаалах салбарын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн хуваарилалт, ажлын ачаалал, онцлог, хэрэгцээ мөн бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх боломж, үүрэг хариуцлага зэргийг шинжлэн дүгнэсэн, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдвэр гаргалтад ашиглаж болохуйц чанартай судалгааны материал бүрдүүлэхээс гадна судалгааны үр дүнд тулгуурлан хүний нөөцийн албаны албан хаагчдын жендерийн ойлголт, хандлагыг сайжруулах зөвлөмж бүхий хурлын эмхэтгэл хэвлэгдэн талуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226