Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурлын нээлтийн ёслолын ажиллагаа 06 дугаар сарын 18-ны өдөр Шангрила зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруа, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, УИХ-ын эмэгтэй гишүүд, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бусад албаны ажилтнууд оролцлоо. Мөн Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ), Европын холбоо болон дэлхийн 30 орны 60 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 25 энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцож байна.
Түүнээс гадна дэлхийн зарим улс оронд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцож байгаа нь онцлогтой.
Энэхүү олон улсын хурлын үндсэн зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорил, бэрхшээл, түүний даван туулах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон туршлага солилцоход чиглэгдэж байгаа юм.
“ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААР:
• “НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээлүүд болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох”,
• “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээлүүд, сайн туршлага”,
• “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”,
• “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Түүнчлэн хуралд оролцогсод манай эх оронд зохион байгуулж буй “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийн явцтай танилцах бөгөөд цаашид энхийн ажиллагаанд тавигдах шаардлага: Олон улсад баримталж буй бодлого, туршлагын талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх болно.
Энэ жил манай улс Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 4,5 хувийг нь энхийг сахиулагч эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ хугацаанд манай улсын Зэвсэгт хүчний анхны энхийг сахиулагч эмэгтэй 2006 онд Баруун Сахар дахь НҮБ-ын “MINURSO” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш давхардсан тоогоор 911 эмэгтэй энхийг сахиулагч үүргээ амжилттай гүйцэтгэсний 853 буюу 93,5 хувь нь цэргийн багт, үлдсэн хувь нь цэргийн ажиглагч, холбогч офицероор болон штабын офицероор бие даан үүрэг гүйцэтгээд байна.
2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 878 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн 72 нь эмэгтэй энхийг сахиулагч байна. Тодруулбал, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүний 7,8 хувийг мөн НҮБ-ын ажиглагч, штабын офицеруудын 20 хувийг энхийг сахиулагч эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Үүний үр дүнд манай улс НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд нийт энхийг сахиулагчдын тоогоор 24, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоороо 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг Монгол Улс бүс нутагтаа анх удаа зохион байгуулж буй бөгөөд манай улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоог шинэ шатанд гаргаж, олон талт, идэвхтэй оролцоог бий болгоход чухал ач холбогдолтой билээ.
Энэ удаа уг бага хурлын нээлтийн ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд өргөнөөр сурталчилсны зэрэгцээ зарим телевиз, мэдээллийн сайтуудаар шууд дамжуулах ажлыг хэрэгжүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлсэн юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР