• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-06-20 13:25:30
Үзсэн: 88

АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2022-06-20 13:25:30 Үзсэн: 88



        Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас "Олон улсын цэргийн наадам"-ыг жил бүр зохион байгуулсаар байна. Зөвхөн өнгөрсөн жил уг наадамд дэлхийн 36 улсын 200 багийн 5000 гаруй цэргийн алба хаагчид 10 орны цэргийн хээрийн сургуулийн талбайд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд уг наадам нь дэлхийн улс орнуудын цэргийн алба хаагчдын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйн зэрэгцээ хамрах хүрээгээрээ дэлхийд дээд амжилт тогтоосныг албаныхан онцолж байлаа.

       Энэхүү “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг “Танкийн биатлон”, цэргийн тогооч нарын “Хээрийн гал тогоо”, “Цэргийн ралли”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчийн зааг” зэрэг тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2014 оноос оролцож эхэлсэн бөгөөд маш хүчтэй өрсөлдөгч нь байж, хэд хэдэн медальтай ирж байсныг уншигч та санаж буй биз ээ.

       Тэрчлэн Монгол Улс дээрх наадамд оролцогч орноос зохион байгуулагч орны статусыг албан ёсоор авч, 1999 оноос “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн эх оронд зохион байгуулж, алтан медаль хүртэж байсан юм. Харин өнгөрсөн жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэхүү тэмцээн ОХУ-ын Тува улсад зохион байгуулагдаж, манай баг тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлж байлаа.

        Үүний нэгэн адилаар өнгөрсөн жил Оросын Холбооны Улс болон Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөсөн “Цэргийн ралли” уралдаан зөвхөн хойд хөршийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж, манай баг тамирчдаас цөөнгүй офицер, ахлагч нар медаль хүртсэн бахдам амжилтыг гаргаж, энэ талаарх мэдээллийг бид тухай бүрд нь хүргэж байсан юм.

       Энэ оны тухайд “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулах “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг бид бүхэн өөрийн эх орондоо зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.

       Үүний зэрэгцээ Оросын Холбооны Улс болон Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөсөн “Цэргийн ралли” олон улсын уралдааныг ч бид зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү тэмцээний нэгдүгээр шатны бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж, тэмцээний ерөнхий зохион байгуулалт, хөтөлбөр, зам, маршрутыг тодотгох ажлыг хэрэгжүүлж байна.

       Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон төрийн цэргийн ба хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, нэгдсэн ойлголтод хүрсэн талаарх мэдээг бидэнд ирүүлсэн юм.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226