Энэ сарын 7-ны өдөр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хуралдааныг зохион байгууллаа. Цахим хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, удирдах албан тушаалтнууд оролцов.
Цахим хурлын эхэнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг 2022 оны эхний хагас жилд Зэвсэгт хүчний хэмжээнд хийсэн бүтээлч ажлууд, хэрэгжүүлсэн гол ажлуудаас онцлон “Бид 2022 оны эхний хагас жилд дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангаж, их ажлын ард гарсан. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн үндсэн хөдөлмөр цэргийн сургалт бэлтгэлдээ онцгой анхаарч, төлөвлөгдсөн сургалт бэлтгэл, хээрийн гаралт, үе шатны шалгалтууд, олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль, дадлагыг амжилттай зохион байгуулж, энхийг дэмжих ажиллагаа, улс орны бүтээн байгуулалтын ажлуудад дэмжлэг үзүүлэх үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Мөн энэ онд бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн бөгөөд энэхүү ойг угтаж энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, анхдагч энхийг сахиулагчдын уулзалт, эрдэм шинжилгээний хурлууд, урлагийн тоглолт, спортын уралдаан, тэмцээнүүд болон энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг зохион байгууллаа. Эдгээр ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүн, удирдах албан тушаалтнууд, нэн ялангуяа захирагч нарын үүрэг, оролцоо их байсанд талархал илэрхийлье” гэлээ.
Үүний дараагаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт цаг үеийн тулгамдсан асуудлаар өгсөн үүрэг, чиглэлүүдээс онцлон хүргэе. Үүнд:
1. Баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ЗХЖШ-ын даргын тушаал гарч хүргүүлсэн ба энэхүү тушаалын хэрэгжилтийг бүрэн хангах, энэхүү тушаалыг заалт бүрээр нь цэргийн алба хаагч, ажилтнуудад нэг бүрчлэн танилцуулан, баталгаажуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
2. Үндэсний их баяр, наадмын үеэр зохион байгуулах төрийн болон цэргийн ёслолын ажиллагаанд томилогдсон бүрэлдэхүүн үүргээ өндөр хариуцлагатайгаар биелүүлэх;
3. Нийт алба хаагчид 7 дугаар сарын 9-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд олон хоногоор амрах болсонтой холбогдуулан эдгээр амралтын өдрүүдийг зөв зохистой, үр дүнтэй өнгөрүүлэх, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа муу зуршлаас ангид байхыг хатуу анхааруулж, хяналт тавих;
4. Баяр, наадмын ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, сахилга, дэг журмыг бэхжүүлэх бүх талын арга хэмжээг зохион байгуулан ажиллах;
5. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, цэргийн хүрээ (хотхон)-ний баярын өдрүүдээр гарах харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэлтэд онцгой анхаарч, дотоодын болон харуулын албыг “Монгол Улсын цэргийн дүрмүүд”-ийн дагуу зохион байгуулах;
6. Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын ахуй хангалт, эрүүл мэндэд онцгой анхаарч амралт, чөлөөт цагаар соёл хүмүүжлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж, дайчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл, бололцоог хангах;
7. Цэргийн хүрээ, хотхоны цэргийн цагдаагийн нэгжүүдийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх, ажиллах нөхцөл боломжийг нь хангаж, хамтран ажиллах, үр дүнг тооцох;
8. Баяр, амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэн ялангуяа улсын хэмжээнд гол, мөрний усны түвшин нь үерийн хэмжээнээс дээшилсэнтэй холбоотойгоор гол, усанд орохгүй байж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.
Мөн наадмын маргааш намар гэдгийг санаж, энэ оны хагас жилийн ажлаа бодитой дүгнэх, сүүлийн хагас жилийн Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тодотгол хийж, хэрэгжүүлэх, хэмнэлтийн горимыг чанд сахин үйл ажиллагаагаа жигд зохион байгуулах, өвөлжилт, сургуулийн бэлтгэлийг хангах, 2021-2022 оны сургуулийн жилийн үр дүнг тооцох, шинэ сургуулийн жилийн төлөвлөлтийг үндэслэл сайтай боловсруулах, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн байдалд онцгой анхаарал хандуулах зэрэг олон асуудлаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.
Энэхүү цахим хурлын төгсгөлд ЗХЖШ-ын дарга болон даргын зөвлөлийн гишүүдээс нийт генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, сайхан наадахын ерөөл дэвшүүллээ.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн захирагчийн асуултад хариу өгснөөр цахим хурал өндөрлөв.
Хурандаа Б.ОТГОНБАЯР