• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Г.Болор: СУРГАЛТЫН ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТАН БУСДААС ЯМАГТ ТҮРҮҮЛЖ АЛХАХ ЁСТОЙ
Нийтэлсэн: 2022-09-22 15:23:46
Үзсэн: 160

Г.Болор: СУРГАЛТЫН ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТАН БУСДААС ЯМАГТ ТҮРҮҮЛЖ АЛХАХ ЁСТОЙ
Нийтэлсэн: 2022-09-22 15:23:46 Үзсэн: 160



        Энэ сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд ҮБХИС-ийг түшиглэн зохион байгуулагдсан “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо-сэтгэл зүйн хангалт" сэдвээр нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч, сургалт, соёл хүмүүжил, сэтгэл зүй хариуцсан албан тушаалтнуудтай зохион байгуулсан мэргэжил, арга зүйн цугларалтын төгсгөлд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болорын хэлсэн үгийг хүргэж байна.

        Энэхүү цугларалтаар нэгдмэл чиг үүрэгтэй гурван өөр албан тушаалтнууд анх удаагаа хамт онол, арга зүйд суралцаж, харилцан туршлага солилцон, үйл ажиллагааны талаараа хэлэлцсэнээрээ онцлогтой байлаа. Цэргийн сургалт, сэтгэл зүйн гол хөшүүрэг болох манлайлал, түүний элементүүдийн талаар лекц сонсож, багаар ажиллах хэлбэрээр удирдах арга зүйд суралцлаа.

       Түүнчлэн төрлийн цэрэг, нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэгт чиглэсэн тус тусын онцлогтой бие даасан журам, заавар, төлөвлөгөөг боловсруулах аргачлал, агуулгын талаар хэлэлцүүлэг хийн, санал солилцож, нэгэн шийдэлд хүрсэн гэж итгэж байна.

        "Манлайлал" гэдэг бол алсын хараа, удирдан чиглүүлэх ухаан, бусдын итгэл үнэмшлийг олж, байлдан дагуулах чадварыг хэлнэ. Бүх шатны захирагч, дарга, соёл хүмүүжлийн офицеруудад манлайлагч шинж чанартай байх ёстой. Үүний тулд,

1. Өөрийгөө танихаас эхэлнэ. Хүн өөрийгөө таньснаар бусдыг удирдана.

2. Хүнтэй ажиллах арга барилаа олж мэдсэнээр хариуцсан ажил үүргээ үр дүнтэй, санаачилгатай хийх чадварыг эзэмшинэ.

3. Мөрөөдөлтэй, түүндээ хүрэх зорилготой байх хэрэгтэй.

4. Аливаа зүйлд итгэл үнэмшилтэйгээр ханддаг байх хэрэгтэй.

5. Боломжийг алдахгүй зөв цагт, зөв шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй.

6. Алдаанаасаа суралцаж, давтахгүй засаж байхыг хичээгээрэй.

7. Мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.

8.Багаар ажиллах чадвартай байх зэрэг ур чадваруудыг ажил, амьдралдаа тусгаж, хамт олондоо үлгэрлээрэй хэмээн хүсэж байна.

       Бид Зэвсэгт хүчний алба хаагчдын манлайллын талаар үзэл баримтлалыг бий болгох, бодлогын баримт бичигт тусгах, цэргийн бүх шатны мэргэжлийн сургалт, дамжааны хөтөлбөрт тусгах зэргээр алсын хараатай ажиллаж байна.

       Мөн бид ойрын хугацаанд дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:

1.Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн сургалт бэлтгэлийн зааврыг батлах;

2.Төрлийн цэргийн командлалууд, нэгтгэл, ангиуд 2022-2023 оны сургуулийн жилийн цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөгөө өмнөх жилүүдээс илүү бүтээлч байдлаар боловсруулан батлуулах;

3.Гүйцэтгэх үүргийн жагсаалтыг Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд, нэгтгэл, ангийн онцлогт нийцүүлэн илүү нарийн боловсронгуй болгож, мэргэжил, арга зүй, улиралд нь зохицуулан хяналт тавих;

4.Нэгтгэл, ангиудын салаа, тасаг, хүн нэг бүрийн гүйцэтгэх үүргийн жагсаалтыг боловсруулах асуудал нэн чухал байна.

       Цаашид мэргэжилдээ эзэн байж, илүү бүтээлч сэтгэлгээгээр хандах, зорилготой, зоримог байх шаардлага урган гарч байна. Цэргийн сургалт, сэтгэл зүйн хангалт нь бүх шатны дарга нарын үүрэг тул тэдний оролцоог нэмэгдүүлэх, хяналт, шаардлага тавих зэргээр үр дүнг нэмэгдүүлж та бүхэн хамтран ажиллаарай.

       Мөн энэ онд орчин цагийн Зэвсэгт хүчний цэргийн сургалтын алба үүссэний 100 жилийн ой тохиож байна. Төлөвлөгөөнд Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын хийх дөрвөн төрлийн ажил орсон байгаа, түүнийг тодотгож хараарай. Та бүхэн энэ боломжийг бүтээлчээр ашиглан, ажил мэргэжил, албаны үйл ажиллагаагаа сайтар сурталчилж, ойгоо амжилт дүүрэн угтаарай гэж хүсье.

       Бид мэргэжил, арга зүйн сургалт, цугларалтаа өөр цаг улиралд, өөр өөр агуулга, аргачлалаар зохион байгуулан, харилцан туршлага солилцож, ямагт хөгжиж байх талаас анхаарч ажиллах болно.

       Цаашид дэлхийн хөгжлийн жишигт нийцсэн үйл ажиллагааг явуулж, үр дүнд хүрэхийн тулд дараах үүрэг, чиглэлийг өгч байна. Үүнд:

-Бүх шатны захирагч, дарга нар цэргийн сургалтын орчин, техник, материал хэрэгслийн хангалтыг сайжруулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэн, албандаа хичээл зүтгэлтэй ажиллах;

-дэлхийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал, удирдлагын тушаал, шийдвэрийг бие бүрэлдэхүүнд үнэн зөвөөр таниулан ойлгуулах;

-бие бүрэлдэхүүний сэтгэл зүйд тогтмол судалгаа, дүгнэлт хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллах;

-хэвлэл мэдээллийн байгууллагатай батлагдсан журмын хүрээнд харилцах, цахим орчинд мэдээлэл түгээхдээ нууцын зэрэглэл, аюулгүй байдалд анхаарч, бие бүрэлдэхүүндээ ойлголт, мэдээлэл өгөх;

-төрийн цэргийн болон бусад байгууллагуудтай нягт хамтарч ажиллах;

-хувь хүний хөгжил, төлөвшлийг түлхүү анхаарч, ёс зүй, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах.

       Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох өндөр хариуцлагатай үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Та бүхэн өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, идэвх санаачилгатай, зөв хандлагатай ажиллана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна гэв.

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226