Намрын ургац хураалтад оролцож буй цэргийн алба хаагчдын ажил үйлс, ахуй байдалтай нь танилцахаар Төв аймгийн Цээл суманд ажиллах үеэр “Шинэ залуучууд” компанийн ерөнхий захирал Б.Шагдаржавтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Тэр бээр: “Би ханийнхаа хамтаар сүүлийн 10 жил газар тариалангийн аж ахуй, түүний дотор үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Бидэнд нэн тэргүүнд хүн хүчний асуудал нэн чухлаар тавигддаг. Тодруулбал, газар тариалангийн салбарт мэргэжилтэн, туслах ажилтнууд ирж ажиллахгүй байна. Тэдэнд хангалттай цалин хөлсийг амладаг ч зарын дагуу ирж ажиллахдаа цөөн хоноод л буцчихдаг юм. Бид Зэвсэгт хүчний удирдлагад хүсэлт тавьж, гэрээ байгуулсны үндсэн дээр сүүлийн жилүүдэд цөөн тооны цэргийн алба хаагчдыг ажиллуулж байна. Миний хувьд үр тариагаа тарьж, арчлах, ургуулах, хураан авч, цэвэрлэх, хадгалалтад шилжүүлэх, гэрээт байгууллагад хүргүүлэх ажлын зэрэгцээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд тариалалтын талбайгаа мал, амьтнаас хамгаалах хашааг барих ажилд анхаарлаа төвлөрүүлж байгаа. Бид туслах ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч, нийтийн орон сууцаар хангаж байгаагийн дээр энэ жил гал тогоо, хооллох байрыг шинээр ашиглалтад орууллаа” гэдгийг онцолсон.
Мөн “Хугацаат цэргийн алба хаагчид маань чин сэтгэлээсээ маш сайн ажиллаж байна. Надад магтаж хэлэх үг олдохгүй байгаа нь тэдний хөдөлмөрийн үр дүнг илэрхийлж байгаа юм. Тэд үр тарианы улаан буудайг нуруулдах, хашаа барихад дэмжлэг үзүүлэх, зарим аймаг, сумдад тээвэрлэх өвсийг зөвхөн доороос ачаалах үүргийг маш хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Бид хариуцсан даргынх нь удирдлага дор зөвхөн ажлын цагаар ажиллуулж байгаа бөгөөд аюулгүйн арга хэмжээг чанд сахиж байгаа. Туслах ажилтан дутагдалтай, хүн хүч хүрэлцэхгүй байгаа энэхүү хүнд үед бидэнд дэмжлэг үзүүлж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн гэрээний дагуу цэргийн алба хаагчдыг ажиллуулж буй Зэвсэгт хүчний удирдлага, хамт олондоо баярлалаа гэдгээ нийт тариаланчдынхаа өмнөөс илэрхийлэхийг хүсэж байна. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээснийг нь уламжилъя.
Хурандаа Б.ОТГОНБАЯР