• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ "БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ ...
Нийтэлсэн: 2022-11-22 16:14:17
Үзсэн: 188

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ "БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ ...
Нийтэлсэн: 2022-11-22 16:14:17 Үзсэн: 188



        Зэвсэгт хүчний Жанжин штабаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эх орон даяар хэрэгжүүлж буй "Бидний бахархал" төслийг дэмжиж Нийслэлийн Налайх болон Хан-Уул дүүргийн их, дээд сургуулиудын оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд энэ сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд цуврал уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж байна.

        Энэхүү цуврал уулзалт, өдөрлөгийг хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, эх байгаль, түүх, соёлоо хайрлан хамгаалах ухамсартай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгээр зохион байгуулж байгаа юм.

        Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ удаагийн цуврал уулзалт, өдөрлөгийг Нийслэлийн Налайх дүүргийн Соёлын ордон болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Соёлын төвд зохион байгуулав.

       Тодруулбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн Соёлын төвд зохион байгуулсан энэ удаагийн "Бидний бахархал" сэдэвт уулзалт, өдөрлөгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15, 32, 42, 75 дугаар сургуулиудын багш, сурагчид хамрагдсан юм.

        Уулзалт, өдөрлөгт хүндэт зочноор ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал Д.Баасандамба, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Т.Мөнхсаруул, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Жаргалсайхан нар оролцож, багш, сурагчидтай нөхөрсөг дотно ярилцлагыг өрнүүлэв.

        Уулзалт, өдөрлөгт оролцохоор ирж буй багш, сурагчдыг ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуун дор угтаж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний гардан тулааны тоглолтыг үзүүлэв. Мөн Монгол цэргийн музей болон Зэвсэгт хүчний зарим ангиас дэлгэсэн Монгол Улс, монгол хүмүүн, монгол цэрэг, Зэвсэгт хүчнийг сурталчилсан үзэсгэлэнг үзүүлж сонирхууллаа.

        Энэхүү уулзалт өдөрлөгийг нээж Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал Д.Баасандамба үг хэлсэн бөгөөд тэр бээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй "Бидний бахархал" төслийг 2022, 2023 онд эх орон даяар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох асуудлын суурь үндэс болдог. Уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран улс орон даяар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Та бүхэн эх орныхоо түүх, үнэ цэн, үнэт зүйлийг сайтар мэдэж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, монгол хүмүүн, эр цэргийн алдар гавьяа, амжилт бүхнийг дээдэлж яваарай" гэдгийг онцлов. Мөн энэ сарын 24-ний өдөр тохиох "Монгол бахархлын өдөр", 26-ны өдөр ёслон тэмдэглэх "Бүгд найрамдах улсыг тунхагласны баяр"-ын мэндийг өргөн дэвшүүлж, ажил, сурлага, урлаг, спортын бахдам амжилтыг бэлгэдэн ерөөсөн юм.

       Дараа нь Зэвсэгт хүчний Тусгай цэргийн командлалын Дэмжлэгийн хэлтсийн дарга хурандаа С.Түвшинбаяр "Эх орны үнэ цэн, бахархал, хайрлан хамгаалахын учир" сэдвээр мэдээлэл хийж, олон сонирхолтой асуудлуудыг хөндсөн харилцан яриаг өрнүүлэв.

       Мөн ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" сэдвээр хүүхэд, залуусын мэдвэл зохих мэдээллийг хүргэж энэ үеэр энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэргийн оролцоо, үүрэг гүйцэтгэх үеийн онцлог, ач холбогдлын талаар ойлголт өгсөн нь тэдний сонирхлыг ихээхэн татаж байв.

       Үүний дараагаар Батлан хамгаалах яамны "Соёмбо" редакцын уран бүтээлчдийн бэлтгэсэн "Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн" контентыг болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзүүлэв.

        Ийнхүү "Бидний бахархал" төслийн хүрээнд ЗХЖШ-аас зохион байгуулсан энэ удаагийн уулзалт, өдөрлөгт оролцсон багш, сурагчид эрхэм генерал, офицеруудын мэдээлэлд онцгой ач холбогдол өгсний зэрэгцээ Монгол цэргийн музейн үзүүллэг, Зэвсэгт хүчний зарим ангиас дэлгэсэн үзэсгэлэнг сонирхож, ЦДБЭЧ-ын урлагийн тоглолтыг бахархалтайгаар үзэж, нэгэн өдрийг баяр хөөр дүүрэн хамтдаа өнгөрүүлэв.

        Уулзалт, өдөрлөгт оролцсон багш, сурагчдын зүгээс Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг уламжлахад таатай байна. Тэднийг төлөөлж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн 12 А ангийн сурагч Н.Билэгсайхан үг хэлсэн ба тэрээр "Зэвсэгт хүчний Жанжин штабаас иргэд, хүүхдэд, залуучуудад хандсан бүтээлч ажлыг утга төгс, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулсаар ирсэнд талархал илэрхийлье. Бидэнд бодох, санах, сэрэх, ирээдүйг харах боломжийг олгож, эх орноо хайрлах мэдрэмжийг үлдээн чин сэтгэлээсээ үйлчилсэн Та бүхэндээ маш их баярлалаа" хэмээсэн юм.

       "Бидний бахархал" төслийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабаас Нийслэлийн Налайх болон Хан-Уул дүүрэгт зохион байгуулж буй "Бидний бахархал" уулзалт, өдөрлөг маргааш үргэлжлэх болно.

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226