Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган"-ыг ирэх сарын 8-ны өдрөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэхүү чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж, гишүүдэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага багтсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлсэн юм.
Залуу офицеруудын чуулганыг угтаж 3 үндсэн чиглэлээр 43 ажлыг төлөвлөж, төлөвлөсөн ажлууд бүрэн хэрэгжиж байгааг Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаанаар дүгнэсэн билээ. Дээрх төлөвлөсөн ажлын оргил нэг хэсэг нь "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах уралдаан, тэмцээн юм.
Эл уралдаан, тэмцээнд оролцох шилдэг залуу офицеруудыг шалгаруулах тэмцээнийг байгууллага бүр урьдчилан шалгаруулсан онцлогтой. Энэ удаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг залуу офицерыг тодруулах уралдаан, тэмцээнийг 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Уралдаан, тэмцээний нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа өнөөдөр (8 дугаар сарын 24) Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд боллоо. Нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд, Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Солонго, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Ажиллагааны удирдлага газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан шилдэг залуу офицерууд оролцсон юм.
Уг тэмцээнд оролцох байгууллага тус бүрээс шалгарсан шилдэг офицерууд Цэргийн дүрмийн болон Гадаад хэлний мэдлэг, Эсээ бичлэг, Илтгэх ур чадварын уралдаанд оролцож, Сэтгэл хөдлөлийн оюун ухааны тест бөглөж өрсөлдөнө. Мөн Буудлагын тэмцээнд оролцож Бие бялдрын бэлтгэлжилтийг сорих буухиа тэмцээнд ур чадвараа сорих болно. Түүнээс гадна энэхүү уралдаан, тэмцээний удирдамжийн дагуу Багийн тэмцээнд оролцож өрсөлдсөнөөр "Шилдгийн шилдэг залуу офицер тодрох болно.
Шилдэг офицер шалгаруулах уралдаан, тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага тус бүрээс 5 эрэгтэй, 3 эмэгтэй офицер буюу нийт 80 шилдгүүд шалгарч, өрсөлдөж байгаа юм. Тэмцээний явц, дүнгийн талаар өргөн нэвтрүүлгийн телевиз, мэдээллийн сайтууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Хэвлэл, олон нийттэй харилцах нэгжүүдийн ажилтнууд цаг тухайд нь Та бүхэнд хүргэх болно.
Тэмцээнд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг залуу офицерууддаа амжилт хүсье.
Хурандаа Б.ОТГОНБАЯР