• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨР ТҮШИЛЦСЭН ХУРАНДАА
Нийтэлсэн: 2016-03-25 09:13:35
Үзсэн: 37

ТӨР ТҮШИЛЦСЭН ХУРАНДАА
Нийтэлсэн: 2016-03-25 09:13:35 Үзсэн: 37



Дархан хотод очихдоо би, багийн Засаг даргын алба хашдаг нас тогтсон эртэй танилцсан юм. Та цэргийн хүн юм уу, Төмөр хурандааг мэдэх үү? Би их бууны ангид алба хаасан хүн. Төмөр хурандаагийн гар дээр гурван жил болж, ажил албаны дөр суусан, хотод байдаг сурагтай, нэг уулзана даа гэж билээ. Ховд аймгийн Манхан суман дахь алдарт Гурван цэнхэрийн агуйн дэргэд уг сумын Иргэдийн хурлын дарга эр надаас мөн л  Төмөр хурандааг, мэдэх үү? гэж асууж л байсан. Тэгээд би бодсон юм, энд тэнд нэр нь дуулдаад байдаг Төмөр хурандаа гэдэг ер нь шаггүй эр байж таарна гэж. Дал, наяад оны цэргийнхэн байлдааны болон улс төрийн бэлтгэл гээд гэрийн бараа хардаггүй, хээрээр голцуу гэр хийдэг хүмүүс байв.Арми өргөтгөн зохион байгуулагдаж байсан тэр оргил цаг үед Төмөр хурандаа гэдэг нэр мөн мандаж явсан ажээ.

-Надад ч лут намтар түүх гэж юу байхав, өргөсөн тангараг, хариуцсан ажилдаа чин сэтгэлээ зориулж, цэргийн хүний туулах зам мөрөөр л явлаа даа. Чи тэтгэвэрт гарсан өвгөн надаас шалгааж суухаар гадаадад үүрэг гүйцэтгэдэг залуугаас үг сонсвол яана, аан гээд хөхрөх нь ёжтой.

-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул хүн. 1957 онд нийслэлд ирээд суугуул болсон. Аав маань 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдсан хүн байлаа. Манайх чинь ажилчин ангийн айл байгаа юм. Аав Аж үйлдвэрийн комбинатад, ээж Гутлын үйлдвэрт насаараа ажилласан.

1967 онд 18 дугаар дунд сургуулийг төгсөөд ЦЕС-ийн артиллерийн ангид элсэн суралцаад 1970 оноос 019 дүгээр ангийн салаа, батарейны захирагчаар ажиллаж байгаад ЗХУ-д академид суралцсан юм. Төгсөөд мөн ангидаа ажилласан, ер энэ ангиас салаагүй шүү, одоо Ахмадын зөвлөлийн дарга гэж байгаа. Энэ ангийн штабын дарга, захирагчаар арав гаруй жил ажиллажээ. Олон сайхан залуустай гар сэтгэл нийлэн, цэргийн сургалт бэлтгэлийн төлөө, өөрөөр хэлбэл бэлэн байдал, мэргэжлийн ур чадварын төлөө залуу насаа зориулжээ.

Намайг захирагч байхад манай анги армийн 5 удаагийн онц ангиар шалгарсан юм. Ийм амжилт гаргасан анги армийн түүхэнд дахин гараагүй. Ямар ч дайнд хамгийн чухал нь их буу. Хэзээ ч гологдож, хуучрахгүй. Тиймдээ ч их бууг “дайны бурхан” гэдэг биз дээ, одоо дайны бурхан биш гэлэн гавж болчихоогүй биз, аан гээд жингэнүүлэн хөхрөх нь  наргиантай эр бололтой. Түүний улс төрийн орлогчоор ажиллаж байсан, шинжлэх ухааны доктор, бэлтгэл хурандаа Х.Шагдар надад хэд хэдэн наргиантай зүйл ярьсан юм. Ухаандаа, би Төмөр гэж хэн бэ гэдгийг судалж явсан хэрэг. Түүнтэй ойр дотно явсан гэх хэд хэдэн хүнтэй уулзаж ярилцахад бүгд л нэг тодорхойлолт хэлсэн шүү. Ер нь дажгүй эр гэх юм билээ. Тэдний ярьсан инээдэмтэй зүйлээс өөрт нь дуулгатал, хүүе бичиж болохгүй шүү гээд байсан. Тэр хэдэн наргиа үнэн байсан учраас тэр биз.

-Бидний үед хугацаат албаны цэргийг жинхэнэ утгаар нь сургаж байсан юм шүү. Цаг үе, үзэл суртлаас болоод дайны аюул дэргэд, дуудахад бэлэн бай л гэдэг байв. Салаа, салбарын захирагч нар сурган хүмүүжүүлэгч шүү дээ. Их бууны нэг л ангид гуч шахам жил алба хаажээ. Одоогийн хэллэгээр бол мэргэжлийн болсон гэсэн үг. Манай ангийн буудлага болоход бай оноогүй офицер байтугай цэрэг гараагүй шүү. Эхний сумаар бай онох хөдөлгөөн чинь манай ангиас гарч, арми даяар дэлгэрч туршлага, энэ тэр гээд “Улаан Од” сонинд цөөнгүй нийтлэгдэж байлаа. Их буу шинжлэх ухаан юмаа, тоо бодно. Их буучдаас олон математикчид төрж гарсан байдаг юм. Одоо би ажил, туршлага гэж яриад хэнд хэрэгтэй юм. Чи ер нь надаар оролдоод байна уу, аан гээд мөн л хөхөрч байна.

-Насаараа цэргийн алба хаасан танд туршлага байх л ёстой доо гэхэд:

-Манай анги манддаг юм, хэдэн сайхан залуусын хүч хөдөлмөр л дөө, би чинь Ардын Их Хурлын депутатаар сонгогдоод бүр төр түшилцлээ шүү дээ. Тэгтэл нэг залуу офицер, би таны нууцыг мэдсэн шүү гэж байна. Ямар нууц гэсэн чинь, та биднийг явсны дараа үлдээд түрүүч нартай ажилладаг юм байна. Тэгээд л тэр гэж билээ.

-Та цэрэгт гар хүрсэн үү? гэж асуусан чинь:

-Гар хүрээгүй ээ, харин сэтгэл бол хүрсэн шүү, аан гээд мөн л хөхрөв.

-Таныг их ширүүн дарга явсан гэж ярих юм билээ гэсэн чинь:

-Хэн тэгж байна, би ширүүлдэггүй. Харин шаардлагыг бол үүрэг, ном журмын дагуу хатуу тавьдаг байсан. Намайг харааж зүхсэн хүн гэж дуулдаагүйг бодоход хэтрүүлээгүй юм байлгүй. Цаг үе нь тийм байлаа. Офицерууд ч дуулгавартай, үг сөрдөггүй байж. Цэргийн хуарандаа арав хонож сахилга сайжруул гэхэд цэргүүдтэйгээ хамт хооллож ундлаад хуаранд арав хоносон офицер байлаа шүү дээ. Их буучдын эцэг болсон А.Шуувай хурандааг оруулахгүй бол чиний бичсэнийг их буучид уншихгүй байж мэднэ шүү. А.Галсан-Очир, Ж.Бадамбазар (бригадын генерал) гээд цэрэгт эрдэм сургахын төлөө уйгагүй ажилласан хүмүүс олон бий. Хурандаа Даваацэрэн гялалзтал ажиллаж, МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсныг санаж байна. Миний хоёр орлогч доктор болсон шүү дээ.

Тэр жил Дархан хотоос дайчилгаагаар цэрэг аваад байлдааны буудлагатай тактикийн хээрийн сугууль хийж, бүх байг устгаж байсан үеэ харин чиний буянд дурсаад авлаа гээд мөн л хөхрөх.

Нэгэн үе армийн ангиудын манлайд бичигдэж, алдар нь дуурсагдсан  019 дүгээр ангийг удирдаж байсан Лувсандавгын Төмөр гэх энэ хурандааг хүний эвийг их олдог, дандаа магтаж дэмжих маягаар ажлаа хийлгэдэг, гүйлгээ ухаантай, аж ахуйч хүн гэж сонссон, энэ тухайгаа хэлтэл:

-Хүүе, манай анги цагтаа армид хүүхдийн цэцэрлэгтэй ганц анги байлаа шүү дээ. Залуу офицерууд өглөө хүүхдээ хөтөлж ирээд орой хөтлөөд гарч байгаа юм. Ер нь тэр цаг үед ч одоо ч залуучуудын ар тал, аж амьдралыг нь эхэлж харах хэрэгтэй. Ардаа татлаагүй, сэтгэл амар тайван бол ажил нь тийм л байдаг. Тэр аж ахуйч гэдэг ийм юмаа. Би өөртөө зориулаагүй юм шүү дээ. Хамт олныг л эвтэй нэгдэлтэй байлгах гэж тэр. Манай ангид тэмээнээс бусад мал, тахиа, туулай,  гахай бүгд байсан шүү.

-Та яасан цөөхөн одон медальтай юм бэ? гэсэн чинь:

-Цэргийн гавьяаны одон аваад гучин жилийн дараа дээд одонгийнх нь барааг харсан. Гэхдээ мундирын энгэрт АИХ-ын депутатын тэмдэгтэй хурандаа байлаа. Энэ бол том шагнал, би энэ тэмдгийг зүүчихээд хийрхээд яваад байж болохгүй гэдгийг ухаарсан. Олон түмний итгэл гэдэг чинь ухаарал, үүрэг л авчирдаг юм билээ. Одоо миний яриа болсон гээд таг дуугүй суучихдаг байгаа. Үүнээс цаашихыг нь чи өөрөө бичиж гүйцээ гэсэн хэрэг гэж ойлгоод би энэ эрхэм хурандаагийн хөргийг гаргая гэж бодлоо.

Хаа ч явсан инээд хөөртэй, хүнийг их, бага гэж алагчилж үздэггүй хүн гэдэг нь хараажаар илэрхий. Энэ чанар нь насаараа цэргүүдтэй, залуустай ажилласных биз. Хөдөлмөр түүний насан туршийн үйлс. Цэргийн тэтгэвэрт гараад хорь шахам жил болсон ч нэг өдөр гэртээ суугаагүй гэж байгаа. Төр, засгийн үйлчилгээний авто баазын орлогч даргын алба хашиж, иргэний нийгэмд хөдөлмөрлөж эхэлсэн гэж ярьж, бас энэ албаараа бахархаж байсан шүү. Тэндээсээ дэвшсэн шиг байгаа юм. Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолборын даргаар хэдэн жил ажиллаад авч. Тэгтэл мань эр цэргийн газарт хэрэг болжээ. Цэргийн хэвлэлийн “Шувуун сааарал” компанийн захирлаар ажиллаж байхад нь би сонин хэвлүүлэх гэж очдог байснаа тод санаж байна. Сүүлдээ, “Монгол цэрэг” жуулчин баазын дарга болчихсон явсан шүү. Цэргийн дарга байж тэтгэвэрт гарсныхаа дараа аж ахуйн ажил хийгээд байсан нь түүний овсгоо самбаатай, аж ахуй хөтлөөд явчихдаг эдийн засгийн мэдрэмжтэйг илтгэнэ. Өвөрхангай аймгийн Уянга суманд Монгол, Чехийн хамтарсан алтны уурхайн даргаар хоёр жил, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Канад, Монголын хамтарсан уурхайд мөн даргаар ажиллажээ.

Л.Төмөр, ангийнхаа охин Б.Думаахүүтэй ханилан сууж, таван хүүхэд өсгөж, хүмүүжүүлж, өрх тусгаарлуулсан өнөр өтгөн өрхийн тэргүүн. Түүний гэргий Б.Думаахүү эдийн засагч мэргэжилтэй, Төлөвлөгөөний комисс зэрэг хариуцлагатай албаны газарт насаараа ажилласан таван яамны тэргүүний ажилтан цол, тэмдэг хүртсэн ажилсаг эмэгтэй. Энэ хоёр, гэр бүл болсныхоо тавин жилийг ёслон тэмдэглэх бололтой зүйл ярьж байсан шүү. Охин Т.Нансалмаа нь сэтгүүлч, Т.Цэндсүрэн нь анагаах ухааны доктор, Т.Самбууням, Т.Батмөнх, Т.Батням нар нь Англи улсад магистрын зэрэг хамгаалсан эдийн засагч, хуульч мэргэжилтэй хүмүүс. Биднийг уулзаж байхад хэн нэг нь утас цохив. Л.Төмөр хурандаа эхнэртэйгээ гарах бололтой.

-Тэтгэвэрт гарсан хүн юу хийдэг юм гэж надаас асууж байнаа.

-Тан шиг олон ажил хийдэг, эсвэл огт хийдэггүй гэртээ суудаг гэхэд:

-Тэтгэвэрт гарсан хүний хийдэг мэргэжлийн ажил байна, цаана чинь. Ач, зээгээ харахаар дуудагдаж байна гэснээр бидний уулзалт өндөрлөсөн юм. Хүний амьдралын тойрогт хугараагүй ноён нуруутай энэ эр хүүхэд харах ажилд дайчлагдан дуудагдаж байгаа нь өвөөгийн үүргийг үнэнчээр биелүүлдгийн шинж. Ардын Их Хурлын депутатаар сонгогдон төр түшилцэж, түмний олон хөвгүүдийн төлөө нойртой нойргүй явсан он жилүүдээ үүргээ л биелүүлсэн гээд тоох янзгүй хүүхэд харна гээд гэрээсээ гарч байгаа хурандаагийн хөрөг миний дэвтэрт ингэж л буулаа даа.

Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226