

Тэнгэрийн ээж хүнсээ авахаар дараалалд зогсоно
Африк тивд хуурай улирлын үеэр өдөртөө маш их хална. Тааралдсан чулуун дээр өндөг тавиад шарчихмаар цельсийн 50 хэмээс давсан энэ их халуунд цэрэг хүний тэвчээр зааж, цэнхэр дуулга, хантааз буугаа агсан бүгчим халууныг үл ажран үүргээ гүйцэтгэх монгол хөвгүүд бахархалтай. Бусдын амь насыг өөрийн биеэрээ хамгаална гэдэг хэн хүний хийгээд байх ажил биш. Тиймээс л тэртээ 1973 онд “Энхийг сахиулна гэдэг цэрэг хүний хийх ажил биш ч зөвхөн цэрэг хүн л үүнийг хийж чадна” хэмээн НҮБ-ын ЕНБД асан Дек Хаммершилд хэлж байсан биз ээ.
Бөөнөөрөө хуарагнан амьдрах 120 гаруй мянган хүнээс би нэгэн хүүг олж уулзах гэж эртлэн гарав. Тэр хүүгийн талаар харуулын цэгт гардаг залуус ам уралдан ярьж байхыг сонсоод уулзахаар шийдсэн нь энэ. Түмэн бужигнасан энэ газраас ганц хүн олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил гэлтэй. Хаанаас эхэлж хайх вэ гэж хэсэг хугацаанд бодсоны эцэст захаар явж үзэхээр шийдлээ. Учир нь хүүхдүүд захаар явж ачиж, буулгах ажил хийж, жаахан гурил, будаа олдог. Гэвч хайсан хүүхэд маань олдох янзгүй. Энэ захад ихэвчлэн Кени, Уганда зэрэг ойролцоох улсаас ирсэн хүмүүс лангууны ард зогсоно. Хэдий дайн, хүчирхийлэлтэй улсад гадны хүмүүс амь насаа эрдсэлд оруулан байж амьдардагийн гол шалтгаан нь БНӨСУ-д хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө маш ихээр эргэлдэж байдаг онцлогтой гэж нэлээд их сонсож байлаа. Энэ зуур явахад 90-ээд оны үеэр Дэнжийн мянгийн захаар явж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Урт, бүдүүн, нарийн утсан загаснаас эхлээд утасны батарей, элдэв янзын хуучин систем хөгжим, хөзөр, Барак Обамагийн зурагтай гар чийдэн гээд хүмүүс амьдрахын тулд энд зарж болох бүхий л зүйлийг газар сайгүй дэлгэсэн харагдана.
Хайсан хүүгээ нэгэнт олох янзгүй болсон учир Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүнс тараах цэгт очлоо. Энэ цэгээс хүмүүс үнэгүй хоол, хүнсээ цуглуулдаг юм. Түм бужигнасан энэ газар зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд л ирсэн байна. Тэд нэг шөнийг ч болтугай хоолтой өнгөрөөх гэж хэдэн цагаар наранд тэвчээр зааж дараалалд зогсоно. Нэг өрхөд сарын хэрэглээ болгож 10 кг сорго будаа, 3 кг хүүхдийн тэжээл, саван зэргийг өгнө. Нэг талаараа өлсөж, ядарсан эдгээр улсууд хоол хүнсээр ийн хангагдаж байгаа хэдий ч нөгөө талаараа тэднийг амьдралын төлөөх тэмцэлгүй болгож, бэлэнчлэх сэтгэлгээнд мансууруулж байна уу даа гэсэн бодол төрдөгөө нуух юун. Иймэрхүү дүр зурагтай тааралдаж явтал Петер хүүг оллоо шүү.
Энэ өдрийн халуунд заавал 15-хан настай тэр хүүг олж уулзах гээд байгаа шалтгааныг та бүхэнд дараа хэлсэн нь зүйтэй гэж бодлоо. Петертэй уулзаад:
-Сайн байна уу дүү минь, чамайг дүрвэгсдийн хуарангаар өдөржингөө хайж явлаа.
-Тийм үү, танд төвөг удсанд уучлаарай, дүүтэйгээ хамт голын эргээс загас барихаар яваад саяхан энд ирлээ гэв. Би ч учир явдлыг ойлгож гол яриандаа оров. Петер эхэндээ хүсэлтийг минь хүлээж авах тун янзгүй байв. Энэ зуур ээж нь хүнсээ барьсаар ирэхэд Петер хүсэлтийг минь ээждээ хэлсэн бололтой, над руу зааж, миний тухай тайлбарлаж байгаа нь харагдав. Ээжийнх нь дуу өндөрсөж, нүд нь эргэлдэн нуэр хэлээр түүнийг загнаж байгааг хараад хүсэлтийг минь зөвшөөрөх янзгүй болсныг гадарлав.
Петер над руу ирээд:
-Манай гэр их ядуу, дээрээс нь хоол хүнс ч хомс, дайнаас болоод бүх зүйлээ алдсан учир танаас их санаа зовж байна. Уучлаарай гэж ээж маань надаар дамжууллаа гэхэд нь:
-Та бүхнийг тийм байдалтай байгааг би сайн мэдэж байна. Иймээс л ярилцаж, ямар бодолтой байгааг чинь мэдэж байж бид та бүхэнд илүү сайн тусалж чадна. Тэгээд ч гэрээр чинь дөнгөж ороод л гарна гэж ээждээ дамжуулаад өгөхгүй юу хэмээн Петерийн гарыг атгаад аргадан байж хэллээ. Петер ч учир явдлыг ээждээ сайн тайлбарласан бололтой, хамт тэдний гэр рүү нь явах завшаан сая нэг тохиов.
Та бүхэн бид хоёрын хооронд болж өнгөрсөн яриаг уншлаа. Петер гэгч энэ хүү надтай ингэж л монголоор хээв нэг ярьж байгаа нь энэ юм. Түүнтэй уулзах болсон гол шалтгаан ч энэ. Манайхан түүнийг өхөөрдөөд Тэнгэр гэж дуудсаар байгаад сурчихсан. Гэхдээ Тэнгэр зарим үгээ надад ойлгуулахын тулд англиар ярьж байсныг дурдах нь зүйтэй. Бид хоёр хоорондоо монгол, англи хэл, дохио зангаа гээд ойлголцож болох бүхий л сувгаар ярилцах гэж оролдсон юм шүү.
Энэ агшинд хөл бөмбөгчдийн хуучирч муудсан богино цамц, өвдөг нь цоорч, сэмэрсэн өмдөө чирсээр жижигхээн сүрлэн овоохойгоос цагаан шүдээ гялалзуулан гараа даллан инээмсэглэх хүүхдүүд Hello Mongolia, How are you гэсээр намайг бүчив. Энэ багачууд хорвоод мэндлэхдээ л өлмөн зэлмүүн хонож, бүүвэйн дууны оронд буун дуу сонсож хөлд орсон болохоор энэ хүнд хэцүү байдлаа жирийн л амьдрал гэж ойлгоно.
Цааш явахад толгой дээрээ 30 гаруй кг бургас багцлан тавьсан эмэгтэйчүүдийн урт цуваа урдуур өнгөрөв. Тэдгээр эмэгтэйчүүд 15-20 км-ийн алсад байх газраас өдөрт ийм хэмжээний мод бэлтгэж ирдэг. Энэ улсад ер нь ахуйн бүхий л ажлыг эмэгтэй хүн хийж байгаа харагдана. Хоол хүнсээ бэлтгэх, хүүхдээ асран хамгаалах, мод түлээгээ бэлдэх гээд ер нь л эмэгтэй хүний ажил энд мундахгүй дээ.
Цааш явахад дайнаас болж хөл, гаргүй болсон хөгшин хүмүүс, гял цал хувцасласан нутгийн залуус, ядарч туйлдсан эмэгтэй хүний харц гээд энэхэн хооронд олон зүйлийг нэг дор харна. Чингээд хэсэг алхсаны эцэст Тэнгэрийн гэрт ирлээ.
Түүний гэр бусдын л адил сүрлээр хийсэн жижигхэн овоохой байв. Эргэн тойрон тав алхаад ч хүрэхгүй умгар сүрлэн гэрт шуудай зулаад газраар дэвссэн харагдана. Хөнгөн цагаан төмрийг нугалж, давтан аяга болгоод ханандаа өрж тохсон байв. Би ч гэрт ороод энэ бүгдийг гайхаагүй мэт дүр эсгэн байж, шалан дээр завилан суулаа. Энэ үед 2 хүүхэд гаднаас гүйн орж ирэв. Тэд Тэнгэрийн дүү нар бөгөөд Анури 7 настай (эмэгтэй), Маквах 5 настай (эрэгтэй). Хуурай халууны улирал эхэлсэн тул дүрвэгсдийн хуарангийн орчимд тоосжилт ихтэй. Тэнгэрийн дүү нар ч гэсэн үүнийг илтгэх мэт хар арьсан дээрээ үнсэн саарал болтлоо гадаа тоглосон байв. Тэнгэрийн ээж гэрт орж ирсэн хүүхдүүдийн тоосыг гөвөөд гадаа модны нүүрс шатааж, сорго будаагаа чанаж эхлэв. Энэ хооронд би Тэнгэрээс:
Чи яаж монгол хэлээр ийм сайн ярьж сурсан юм бэ?
-Та нарын хоорондоо ярьж байгааг сонсоод л сурсан.
Зүгээр л сонсоод хэл сурчихна гэж баймааргүй юм. Манайхнаас хэн нэг нь чамд зааж өгөө юу?
-Би эхлээд монголоор мэндэлж сурсан. Дараа нь тоолж сурсан, тэгээд л ойр зуурын үгийг цээжилж, зүгээр л дуурайгаад ярьдаг байсан. Тэгээд монгол цэргүүдийг хоорондоо ярьж байгаа үгсийг нь цээжилж тэр үгээ буцаагаад хэлдэг байсан. Ингэсээр байгаад л сүүлдээ ярьдаг болчихсон гэв. Тэнгэрийн ээжийг Анвуна гэх бөгөөд түүний баруун гар, тал хацар нь түлэнхийн сорвитой байсныг би өмнө нь ажигласан. Тэнгэрээс энэ тухай асуухад:
-Манай гэр бүл энд нүүж ирэхээсээ өмнө Адокийн усан боомтын орчимд амьдардаг байлаа. Би айлын хоёр дахь хүү. Манай том ах дайны үеэр цэргүүдэд олзлогдоод явснаас хойш одоог хүртэл ээж бид хоёр дээр ирээгүй л байна. Манайх газар тариалан, загасны аж ахуй эрхэлж амьдардаг байв. Гэвч дайны үеэр дээрэмчид ирж, тариалан, эдлэн газар гээд бүх зүйлийг маань дээрэмдэж, гэрийг ч (түкүл) шатаасан. Харин тэр үеэр бага дүү маань гэрт байсан учир ээж дүүг аврахаар шатаж байгаа түкүл рүү орсон юм. Үүний хариуд тэрээр ийм сорвитой болж үлдсэндээ гэв. Адок гэх газар нь Бентью хотоос 170 гаруй км-ийн зайд орших боомт газар юм. Нил мөрний нэгэн салаа тус нутгаар урсдаг болохоор дайн эхлэхээс өмнө загасны аж ахуй, худалдаа наймаа ид цэцэглэн хөгжиж байжээ. Энэ зуур Тэнгэрийн ээж тавагтай будаа, шарсан загас, гадуураа хатуу ястай самар зэргийг миний урд тавив. Мөн будаагаа исгэсэн усанд сироп хийн найруулж, нэг төрлийн ундаа болгоод аягалав. Энэ зуур Тэнгэр надад:
-Манай гэрийнхэн удахгүй эндээс нутаг руугаа нүүх гэж байгаа. Засгийн газрын болон Засгийн газрын эсрэг хүчнийхний хооронд гал зогсоох гэрээ байгуулагдсаны зэрэгцээ монголын энхийг сахиулагчид Лийр, Адок суурингуудаар байнгын эргүүл хийдэг болсон зэргээс тэнд буун дуу гарахаа байсан гэж сонссон.
Чи нутагтаа очоод юу хийе гэж бодож байна?
-Хөл бөмбөг тоглох маш дуртай. Тийм болохоор алдартай хөл бөмбөгчин болно доо.
Энэ чиний мөрөөдөл үү?
-Үгүй ээ, миний мөрөөдөл бол цас барьж үзэх гэж хэлснээ жижигхэн төмөр хайрцагнаас цасан ширхэгний цаана мөсөн дээр гулгаж буй хүүхдүүдийн зурагтай хуучирч муудсан сонины хайчилбар үзүүллээ.
-Би цасыг хүйтэн гэдгийг мэднэ, маш эмзэг амархан хайлчихдаг бас их хөнгөхөн, маш сонин зүйл байдаг гэж надад төсөөлөгдөж байна гээд шарласан цастай зургаа маш болгоомжтой нь аргагүй эмхлэн гадуур нь даавуугаар ороож нандигнан төмөр хайрцаганд хийж орхив. Надад анх удаа ийм хачин мөрөөдөлтэй хүүхэд таарсан учраас юу хэлэхээ мэдэхгүй хэсэг зуур балмагдаад авлаа. Хэзээ ч өвөл болдоггүй болохоор цасыг ингэж их хүсэж мөрөөддөг нь аргагүй л юм гэсэн бодол төрлөө. Энэ мөчид дэд хурандаа П.Батнайрамдалын Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэж байхдаа бичсэн цас барьж үзэхийг хүссэн Кеки гэгч эмэгтэйн тухай өгүүллэгийг уншиж байсан минь толгойд гэнэт орж ирэв. Гэхдээ энэ бүхэн надад ингэж гэнэтхэн тохиолдоно гэдгийг би яахан мэдэх билээ. Тэгээд би түүнээс лавшруулан:
Танай найзууд ч гэсэн ийм мөрөөдөлтэй юу?
-Тэгэлгүй яахав над шиг мөрөөдөлтэй хүүхэд бүр хөгшин хүмүүс ч бий. Гэхдээ хүмүүсийн дотор одоог хүртэл зарим нь цас байдаг гэдгийг ч мэддэггүй гэв. Тэгээд Тэнгэр цасан дээр хэвтэх ямар байдаг, ямар амттай, ямар үнэртэй гээд л цасны тухай янз бүрийн асуултаар намайг дарж орхилоо. Бид хоёрыг энэ мэтийн яриа дэлгэж байх хооронд хамт байсан “buddy” нүдээрээ ирмэн цаг руугаа зааж, гадаа нар жаргаж байгааг анхааруулан аль хэдийн явах цаг болсныг ойлгууллаа. Нэгэнт явах хугацаа болсон тул Тэнгэрт “Сайн хөлбөмбөгчин болвол ирээдүйд цас үзэх мөрөөдөл чинь биелнэ. Заавал мөрөөдлөө биелүүлээрэй” гээд түүний гэрээс гарсан юм.
Дашрамд, Тэнгэр Бентью хотын дунд суруульд сурдаг бөгөөд сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээд шаггүй сайн тоглочихдог гэж байгаа. Мартсанаас дүрвэгсдийн хуарангаас Бентью хот хүртэл 10 гаруй км-ийн зайтай. Тиймээс эндхийн хүүхдүүд боловсрол эзэмшихээр өдөртөө доод тал нь 20 км зам туулдаг гэсэн үг. Тэнгэрийн гэрт өнгөрүүлсэн цөөн хэдэн цагийг сийрүүлэхэд ийм байлаа. Магадгүй хэдэн жилийн дараа энэ хүү шилдэг хөлбөмбөгчин болоод дэлхий дахинаар аялан тоглоод явж байхыг хэн үгүйсгэх билээ.
Дэслэгч М.МӨНХЗОРИГ /Өмнөд Судан/