
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.СҮХБАТ
Он гараад хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгнө үү?
-ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалт болон стратегийн төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилго тавьж, үндсэн 5 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2015 оны үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэн ямар ололт, дутагдал байв, цаашид юунд түлхүү анхаарах вэ гэдгээ ярилцаж, 2016 оны төлөвлөгөөндөө тусгасан. ЗХЖШ-ын үйл ажиллагааны стратегийн хүрээнд ЗХЖШ-ын бүтэц, зохион байгуулалтад тодорхой хэмжээний өөрчлөлт хийлээ. Үүнтэй уялдаад ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд, командлалуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажил явагдаж байгаа, 3 дугаар сард батлагдана. Мөн зарим газар, хэлтсийн нэр, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн. Үүнээс гадна ЗХЖШ-ын дотоодод мөрдөгдөх хэд хэдэн баримт бичгийг шинэчиллээ. Тухайлбал, ЗХЖШ-ын даргын болон Төрийн албаны Зөвлөлийн журам, Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтаар “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг удирдах бүрэлдэхүүнд сурталчлан таниулж, үүний хүрээнд цаашид авах арга хэмжээ, хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Уг цугларалтад ХХЕГ, ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн хамрагдсан нь онцлогтой байв. Түүнчлэн ЗХЖШ-ын стратегийн сургуулийг зохион байгуулж уг баримт бичигтэй нийцүүлэн стратегийн түвшинд анхаарах асуудал, шинээр боловсруулах баримт бичиг зэрэг чиглэлээр ажиллаж хэд хэдэн тодорхой асуудлыг дэвшүүлэн Зэвсэгт хүчинтэй холбоотой стратегийн баримт бичгүүдийг боловсруулах үндэс суурийг тавьсан гэж болно.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багуудын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажиллагааны газар орон руу илгээх, ажиллагааны өмнөх сургалтуудыг зохион байгуулж байна. Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд явагдах “Хааны эрэлд”, “Сэлэнгэ” зэрэг хамтарсан сургуулийн зарим төлөвлөлтийн хурлыг зохион байгуулж, ажлуудаа тодотгосон. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажил, арга хэмжээнүүд явагдаж байна.
2016 онд ямар онцлох гол ажлууд байна вэ?
-2016 оны гол ажлууд дэвшүүлсэн зорилго, зорилтоос тодорхой харагдах байх. “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигтэй уялдуулж стратегийн төлөвлөлтийн хэд хэдэн томоохон баримт бичгүүдийг боловсруулах, “Зэвсэгт хүчин-2030” хөгжлийн хөтөлбөрийг БХЯ-тай хамтарч боловсруулж батлуулах, төлөвлөгдсөн олон улсын болон дотоодын нэлээд хэдэн сургалт дадлагуудыг зохион байгуулах зэрэг онцлох ажлууд байна. Үүнээс гадна “АСЕМ”-ийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Зэвсэгт хүчин тодорхой үүрэг хүлээж байгаа. Үүний бэлтгэл ажлууд хийгдэж байна. Мэдээж хэрэг уламжлалт арга хэмжээ, ажлууд явагддагаараа явагдана.
Сургалтын хувьд ...
-Сургалт бол бидний үндсэн хөдөлмөр. Сургалт дадлагууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Сургалтын хувьд аль ч түвшинд өндөр шаардлага тавина. Штаб, командлалуудын дотоод сургалтаас эхлээд анги, байгууллагын удирдлагын түвшин, хүн нэг бүрийн сургалт, байлдааны буудлагатай болон буудлагагүй хээрийн сургууль, тусгай тактикийн сургуулиуд төлөвлөгөөний дагуу явагдана. Үүнд тавих хяналтыг сайжруулж, оролцох оролцоо, хамрах хүрээг нэмэгдүүлнэ. Мөн энэ онд төрийн цэргийн болон бусад байгууллагуудтай хамтарсан сургалт дадлага хийхээр төлөвлөж байгаа. Үндсэн сургалт, дадлагуудаас гадна НҮБ-ын Энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаа, хамтарсан сургууль, дадлагад оролцож байгаа нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшлэх, орчин үеийн зэвсэглэл техникүүдийг эзэмших, дадлага туршлага хуримтлуулах зэрэг ач холбогдолтой юм. Мөн Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ арга хэмжээ Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаа, сургалт бэлтгэлд багагүй түлхэц өгдөг. Анги, байгууллагууд цэргийн алба хаагчдын жагсаалч байдал, дүрэмч ажиллагааг хэвшүүлэх, бие бялдар, ажиллах орчин гээд олон зүйлд анхаарч бэлддэг. Энэ хэрээрээ ч үр дүн, ач холбогдолтойг онцлох нь зүйтэй.
Манай уншигчдад хандаж...
-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнө хийж бүтээх олон чухал ажил хүлээгдэж байгаа. Хамтдаа зүтгэж, хөдөлмөрлөж, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ажилтан албан хаагчиддаа “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.