• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДАВАРЧ ЯВАХАД ААВЫН ДАРУУЛГА, ЯДАРЧ ЯВАХАД ЭЭЖИЙН СУРГААЛЬ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ХОВОР
Нийтэлсэн: 2017-02-07 10:45:27
Үзсэн: 30

ДАВАРЧ ЯВАХАД ААВЫН ДАРУУЛГА, ЯДАРЧ ЯВАХАД ЭЭЖИЙН СУРГААЛЬ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ХОВОР
Нийтэлсэн: 2017-02-07 10:45:27 Үзсэн: 30



   “Тэргүүний нэг өдөр” шинэ буландаа тухайн анги, байгууллагын тэргүүн ахлагчтай нэг өдрийг хамт өнгөрүүлж, хийж буй болон цаашид хийхээр төлөвлөж байгаа зарим ажлыг сонирхох, түүнчлэн өрх гэрийн тэргүүнийх нь хувиар хувийн амьдралын сонин сайхныг уншигч таньтай хуваалцахад энэхүү булангийн үндсэн зорилго оршино.

Эхний зочноор  Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн батальоны ахлагч, сургагч ахлагч Ч.ТҮвшинг урилаа.

                               ӨГЛӨӨНӨӨС ҮД ХҮРТЭЛ

     Өглөөнөөс үд хүртэл сургагч ахлагч Ч.Түвшинтэй хамт ангид нь  байж,  түүний ажлын  зах зухтай танилцаж, ярилцаад сууж  байхад цэргийн даргад байх, хийж бүтээх өрнүүн хүсэл тэмүүлэл, өөртөө итгэлтэй байж, хамт олноо манлайлах чадвар, албандаа хандах хандлага зэрэгт чамлахааргүй суралцсан нь анзаарагдаж байлаа.

 

 

Цэргийн мэргэжил сонгоход тань юу нөлөөлсөн бэ?

-Дунд сургуульд сурч байхдаа нисгэгч болох мөрөөдөлтэй байлаа. Нэг өдөр хичээлээ тараад харих замдаа  3 жилийн өмнө цэрэгт явж байсан  Дарьбазар ахтай таарсан юм.  Цэрэгт явж байхдаа туранхай бор залуу, харин халагдаад ирэхдээ сүрдмээр ханхар эр болсныг хараад бараг таниагүй. Намайг өглөө хичээлдээ явах бүрт хашаандаа гимнастик хийж байгааг  нь хараад л цэргийн хүн болох сонирхолдоо хөтлөгдсөн. Миний бага нас эмээтэй минь салшгүй холбоотой. Эмээ минь ч цэргийн хүн болох саналыг  дэмждэг байсан. Дунд сургуулиа дүүргээд 1996 онд ЦИС-ийн Ахлагчийн сургуульд орж цэргийн амьдралд хөл тавьсан.

Анхны цалин, шинэ хамт олныхоо талаар...

-Зэвсэгт хүчний 124 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж байлаа.  Шинэхэн төгсөж ирсэн ахлагчид бүх зүйл шинэхэн бас сонихон. Мэдээж хүндрэлтэй зүйл бишгүй л тохиолдоно. Тэр болгонд шантралгүйгээр сурч мэдэх ёстой гэсэн зарчим баримталж, хамт  олноосоо чадах чинээгээрээ олон зүйлийг  суралцсан гэж боддог. Аливаа зүйлийн үндэс суурь зөв тавигдахаас цааш хэрхэх нь тодорхой харагддаг. Миний хувьд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангиас  ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэндээ олзуурхаж явдаг. Тус ангид 14 дэх жилдээ ажиллаж байх үед  БХИС-ийн Ахлагчийн сургуульд цэргийн албаны даргаар томилогдох санал ирсэн. Саналыг сонсоод их сүрдэхийн зэрэгцээ, энэ ажлыг хийж чадах болов уу гэж хамт олон найз нөхдөөсөө асуусан. Тэд надад урам өгч залуу хүн ажлаас айх хэрэггүй хэмээн ташуур өгснөөр  2010 онд БХИС-ийн Ахлагчийн сургуульд цэргийн албаны даргаар томилогдон ирж байлаа. Хүн үхэн үхтлээ суралцдаг гэдэг шиг эрдмийн их өргөөнд ажлын туршлага,  хүн удирдах ухаан гээд олон зүйлийг ахмад үе, захирал, дарга нараасаа сурсан. 

Саяхан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн тэргүүн ахлагчаар томилогдсон. Даргалах албан тушаалын ахлагчийн хувьд ямар арга барилаар ажиллаж байна вэ?

-Анги, байгууллагын захирагч, тэргүүн ахлагчийн хоорондын харилцаа маш чухал.  Захирагч хүн тэргүүн ахлагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, итгэл хүлээлгэснээр тэргүүн ахлагчийн үйл ажиллагаа илүүтэй илэрдэг гэж боддог. Үүнийг  дагаад ахлагчийн  албаны үүрэг, тавигдах шаардлага шат болгонд нэмэгддэг. Мөн ангийн ахлагч нарын хоорондын харилцаа, тэдний нийгмийн асуудал, сургалт бэлтгэлийн талаар анхаарч ажиллаж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид үргэлж суралцаж байх тогтолцоотой байдаг. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний ахлагч нарт тавигдах шаардлага, тэднийг бэлтгэх арга зүй маш чухал гэж боддог. Хувь хүн талаасаа хамт олонтойгоо нээлттэй байхыг хичээж ажилладаг. Мөн ямар нэг ажил санаачлахад хамт олон маань үргэлж дэмжиж байдагт   баяртай явдаг.

Шинээр төгсөж ирж байгаа ахлагч нарын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Шинээр төгсөн ирж байгаа зарим ахлагчийн хувьд сэтгэл дундуур явдгаа нуухгүй. Учир нь удам дамжсан цэргийн хүн болох, гарцаагүй ажлын байр, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж гэх мэтийг хөнгөнөөр хараад зарим залуус эцэг, эхийн шахалт, шаардлагаар ахлагчийн сургуульд элсэн ордог. Өөрийн хүсэл сонирхлоороо орсон залуус өмнөө зорилго тавьж шат шатаар ахидаг. Шахалтаар орсон нөхдүүд замаас нь шантарч буцах, албандаа хандах хандлага сул болдог нь ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд ажиллаж байхад анзаарагдсан.  Үүнээс харахад  ахлагч бэлтгэх сургалтын тогтолцоо, тэднийг мэргэшүүлэх асуудалд анхаарлаа түлхүү хандуулж ажиллах шаардлагатай гэж боддог. Даргалах албан тушаалын ахлагч нарын хувьд сурсан мэдсэн зүйлээ шинэ залуу ахлагч нарт сургаж, тэдэндээ толь нь болж явах хэрэгтэй. Хүнд хүсэл эрмэлзэл гэж том зүйл байдаг. Тиймээс ажлын байрандаа сэтгэл хангалуун байж, албандаа чинь сэтгэлээсээ хандаж, ахлагч хүн ахлагч нараа олон хүний дунд төлөөлж явах ёстой. Мөн энхийг дэмжих ажиллагаанд 3-аас дээш удаа явсан ахлагч нарын хувьд ажиллагаа гэхээсээ илүү мэдлэг боловсролдоо түлхүү анхаардаг. Энэ нь юм үзэж нүд тайлах гэдэг үгээр тайлбарлагдах байх.

 ҮДЭЭС ҮДЭШ БОЛТОЛ

Ч.Түвшингийнх гэдэг айл эхнэр, охин, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр З.Батжавхлан төрийн тусгай албанд ажилладаг. Мөн л мөрдэс зүүж цэргийн тангараг өргөсөн бүсгүй юм.

Төрийн сүлдэндээ сүслэн залбирч дээдэлдэг  монгол хүн, тэр дундаа мөрдэс зүүсэн гэр бүлийн хувьд ч тэр үү Монгол Улсын төрийн далбааг гэрийнхээ хойморьт хүндэтгэлтэйгээр залжээ. Хотын айлд тэр болгон хараад байдаггүй мөнгөн тоногтой суран хазаар, яргай ташуур зэрэг нь өвөө, эмээгээс нь уламжлагдан ирсэн хүндтэй өв аж.

Ангийн тэргүүн ахлагч гэртээ хэр сайн өрхийн тэргүүн бэ?

Гэргий З.БаЯржавхлан:

-Бид хоёр Ахлагчийн сургуулийг хамт төгссөн. Ханийн маань төлөвлөсөн, амласан зүйлдээ хүрэхийн тулд болохоос нь болохгүйг нь хүртэл тууштай явж чаддаг зан чанар нь их таалагддаг. Эрхэлсэн ажилдаа эзэн болж, санаачлагатай ажилладаг талаар  найз нөхөд нь сэм надад магтдаг. Би ч үүнтэй санал нийлдэг. Өрхийн тэргүүний хувьд хүлээсэн үүргээ ухамсартайгаар гүйцэтгэж сайн хань, сайн аав байж чаддаг. Хань маань бага насаа эмээтэйгээ өнгөрөөсөн болоод ч тэр үү ажилсаг,  аливаад нухацтай ханддаг. Ханийнхаа нөмөр нөөлгөнд амьдарч хэн хэнээ халамжаар дутаахгүй явах гэр бүлийн зарчимтайгаар амьдарч байна.

Амралтын өдрийг хэрхэн өнгөрөөж байна?

-Амралтын өдөр гээд гэртээ суугаад байхыг боддоггүй. Агаар салхинд гэр бүлээрээ гарч амралтын өдрийг аль болох гэр бүлийн хүрээнд идэвхтэй өнгөрөөдөг. Зарим үед гэр бүлээрээ дэлгүүр хэсч ойр зуурын хүнсний зүйл цуглуулдаг. Хааяа дүү нар ирж гэрт бужигнаж өнждөг. Түвшингийн хувьд бямба гараг бүр зарим ангийн тэргүүн ахлагч нартай “Алдар” спорт хорооны зааланд гар болон сагсан бөмбөг тоглодог. Спорт бол идэвхтэй амьдралын үндэс шүү дээ.

Гэр бүлээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр гэвэл?

-Шинэ жилийн баярыг нэрлэнэ дээ. Өнгөрсөн оноо үдэж, ололт амжилтаа дүгнэж, ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэдэн угтдаг сайхан баяр. Мөн манай хүү 12 сарын 31-нд төрсөн. Тиймээс энэ хоёр баярыг хамтатгаад гэр бүлийн хүрээнд өргөн тэмдэглэдэг.

Ажлаа тараад гэртээ ирээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?

-Эхнэр бид хоёрын түрүүлж ирсэн нь хоолоо хийдэг. Миний хувьд чөлөөт сэтгэлгээний хоол хийх сонирхолтой. Гэвч тэр болгон санасан шиг амттай болдоггүй. Гарын хоол гэвэл гуляш, баавартай сүүтэй цай чанадаг.  Харин идэх дуртай хоол бол гурилтай шөл. Хоолоо идээд л  зурагтаар Монгол Улс, дэлхий дахинд болж байгаа цэрэг улс төрийн мэдээ үзэж мэдээлэл авдаг. Зав гарвал цахим мэдээллийн хэрэгслийг ашиглана. Жишээ нь ахлагч нарын NSO’S группээс маш их мэдээлэл авч харилцан солилцдог.

Хүний нэр их учир утга агуулдаг?

-Монголчууд нэр хугарахаар яс хугар гэж ярьдаг. Тиймээс нэр бол хүнд маш чухал зүйл. Нэг жишээ дурьдахад Иракийн эрх чөлөө ажиллагааны II ээлжинд үүрэг гүйцэтгэж байхад амиа золиослогчийн халдлагыг дэд ахлагч Г.Аззаяа таслан зогсоосон. Халдлага болохоос өмнө тухайн цэгт дэд ахлагч С.Амарзаяа гарч байсан. Би жолооч байсан болохоор Г.Аззаяаг цэгт хүргэж өгч С.Амарзаяаг буулгаж байлаа. Хэсэг хугацааны дараа дэлбэрэлт болж бид харуулын цэгүүдийг хүчжүүлсэн. Салааны захирагч, ахмад О.Банди  бид хоёр машинтайгаа l цэг рүү очтол дэд ахлагч Г.Аззаяа сандарч тэвдсэн байдалтай биднийг угтсан. Салааны захирагч намайг l цэгээс станцаар холбоонд орж мэдээлэл өг гээд дэд ахлагч Г.Аззаяаг хоргодох байр руу авч явсан. Намайг l цэг дээр гараад ажиглалт хийх хугацаанд дахин дэлбэрэлт болоогүй. Үүнээс харахад дэд ахлагч С.Амарзаяаг харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхад амар тайван байж, дэд ахлагч Г.Аззаяа үүрэг гүйцэтгэж байхдаа амь үрэгдэж болох нөхцлөөс азтай мултарч, намайг гарахад дахин халдлага болоогүй юм. Ингээд бодохоор хүний нэр цаанаа маш их учир холбогдолтой санагддаг.

Түвшин олон жилийн дараа хаана юу хийж явах болоо?

-Төв суурингаас зайтайхан мал аж ахуй эрхлээд явж байх болов уу.

Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Улсын маань хөгжил өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад үндэсний сайхан уламжлал бага багаар алдагдаад байх шиг санагддаг. Одооны хүүхэд, залууст ахын дүү наадхаа тэгж болохгүй гээд л хэлчих юм бол,  танд хамаагүй миний хувийн асуудал гэдэг өнцгөөс хандаж байгаа санагддаг. Тэдгээр дүү нарт гэж захихад ах, эгч, ахмад буурлаа хүндэтгэх ёсонд илүү их суралцах хэрэгтэй. Даварч явахад аавын даруулга, ядарч явахад  ээжийн сургааль шиг сайхан зүйл ховор.

Ийнхүү ажлын хамт олондоо сэтгэлтэй, гэр бүлдээ халамжит хань нь болсон Зэвсэгт хүчний даргалах албан тушаал, ахлагч нарын нэгэн төлөөлөл сургагч ахлагч Ч.Түвшинтэй өнжсөн нэгээхэн өдрийн ажил энд хүрээд өндөрлөж байна.

 

Ахлагч А.АЛТАНХУЯГ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227