
Батлан хамгаалахын сайд, Эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Х.Шагдар, Монгол Улсын гавьяат багш, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав нарын туурвисан “Монгол цэргийн урлаг” номын нээлт энэ сарын 12-ны өдөр Офицеруудын ордонд боллоо. Модун Шаньюйгаас маршал Чойбалсан хүртэлх Цэргийн урлагийн түүхийг багцалсан номын нээлтийн ёслолд БХЯ, ЗХЖШ-ын удирдах албаны хүмүүс, БХИС, БХУА, БХЭШХ-ийн удирдлага, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, тус сургуулийн сонсогч, сурагчид, зарим ангийн захирагч нар хүрэлцэн ирсэн юм. ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатарын “Эгшиглэнт Монгол эх орон” дуугаар шүншиг оршоон уг номын мялаалга өргөсний дараа номын зохиогч, гавьяат багш Г.Мягмаржав хэлсэн үгэндээ, Цэргийн түүх биш, цэргийн урлаг талыг нь голлон анхаарч, сурах бичгийн хэмжээнд энэхүү номыг бүтээхэд Батлан хамгаалахын сайд, их ажлынхаа хажуугаар санаа тавин ажиллаж, хэвшмэл нэг загвараас биднийг гаргасан гэдгийг тэмдэглэж байв. Мөн энэхүү номыг уншсан цөөнгүй хүн урмын үг хайрласныг онцлоод, “Магтуулахдаа гол нь биш, бас шүүмжийн үг сонсох зорилгоор номын нээлтийг хийсэн” гэлээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Өнөөдрийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн гэдгээр бус, номын зохиогчийн хувьд оролцож буйдаа баяртай байна. Энэ номыг хамгийн ойлгомжтой, энгийн үгээр бүтээхийг зорьсон ч бүгдийг хийсэн гэхгүй. Харин эхлэлийг нь тавилаа. Цаашид улам баяжуулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр янз бүрийн түвшинд цэргийн алба хааж байгаа хүмүүст хэрэг болох бүтээл болсон байх” гэсэн юм.
Харин доктор, профессор Х.Шагдар хэлэхдээ, бидний бүтээсэн ном тийм ч царай муутай болоогүй байх. Цэргийн урлагийн талаас харж бичсэн ганц ном байдгийг л мэдэх юм. Тэр нь Манлайбаатар Дамдинсүрэнгийн нагац ах Эрхэмбат гэдэг хүний ном. Энэ номыг миний бие 2001 онд Монгол бичгээс галиглан буулгаж тусгай ном болгон хэвлүүлсэн ч, өнөөг хүртэл хаа нэгтээ байгааг олж харсангүй. Хоёр том багшийн дунд халиуны зулзага шиг хавчуулагдаж байхдаа багаар ажиллахыг анх удаа мэдэрлээ. Миний гучаад жил ажилласан хамтын бүтээл багийн бүтээл биш байсныг ойлгосон. Багаар ажиллана гэдэг нь бүтээлч хамт олныг бүрдүүлдэг юм байна гэдгийг онцолсон. Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр, БХИС-ийн БХУА-ийн тактикийн багш, дэд хурандаа Ё.Түмэнжаргал, БХИС-ийн ЦНС-ийн захирал, хурандаа А.Уламбаяр нар эл номын ач холбогдлын талаар өөрсдийн сэтгэгдлийг хуваалцав. Төгсгөлд нь, номын зохиогчид хүрэлцэн ирсэн хүмүүст “Монгол цэргийн урлаг” номоо бэлэглэсний дээжийг нь Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын салааны захирагч, ахлах дэслэгч Н.Лхамжавт гардуулсныг зориуд тэмдэглэж байна. Учир нь тэрбээр уг номын тактикийн таних тэмдэг болоод зураг бүдүүвчийг өөрийн багш, БХИС-ийн БХУА-ийн тактикийн багш, дэд хурандаа Ё.Түмэнжаргалын хамт хийснийг ийнхүү хүндэтгэснээ, гавьяат багш Г.Мягмаржав тайлбарлаж, Ерөнхий цэргийн сайн дарга болохыг ерөөж байлаа. “Монгол цэргийн урлаг” хэмээх туурвил нь Монгол цэргийн урлагийн талаар хийсэн олон арван судалгаа, бүтээлүүдээс дээжлэн авч, хялбарчилсан сурах бичиг хэлбэрээр бүтээсэн энэхүү номын санал хүсэлтийг БХЭШХ-ийн “Цэргийн түүх судлалын төв”-д хүлээн авах аж.
Дэд хурандаа Г.БААТАРНУМ