
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Цэргийн алба хаагчдын эрх ашиг, нийгмийн баталгаа зэрэг нь тухайн батлагдсан хуулийн хүрээнд тодорхой түвшинд сайжирч байгаа бөгөөд энэ тухай БХЯ-ны СБТГ-ын Батлан хамгаалах эрх зүйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Энхболдоос тодрууллаа.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ямар заалтууд нэмэгдсэн бэ, энэ нь цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд хэрхэн нөлөөлөх вэ?
-Цэргийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулж батлуулсан. Энэ хууль нь цэргийн алба хаагч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааг зохих хэмжээнд хангаж өгч байгаа. Цэргийн байгууллагад алба хаах насны дээд хязгаарыг ямар хуулийг баримтлан мөрдөж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох талаар тодорхой болгосноор хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх давуу тал үүсч байна.
Тухайлбал, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барахад түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй болно. Цэргийн алба хаагч 55, 60 насанд хүрсний дараа тэтгэвэр тогтоолгохоор ойлгогдож, хэрэгжихгүй байсан заалтыг залруулсан. Ингэснээр энгийн байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласан жилд шилжүүлж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Мөн 10-аас доош жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч энэхүү жилийг энгийн жилд шилжүүлэн тооцуулж болох бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврээс гадна тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох боломжтой болсноор тухайн иргэн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгаа хангагдах боломж бүрдэнэ. Харин зохих шимтгэлийг шилжүүлсэн байх шаардлагатай. 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт цэргийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид тэтгэвэр тогтоолгох боломжтой. Энэ заалт хэрэгжсэнээр 2 асран хамгаалагч нь нас барвал бүтэн өнчин хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нэмэгдэж хүүхдийн нийгмийн баталгаа нь сайжрах юм. Үүнийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс шалтгаалж тогтоох юм. Энэ мэт цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлэхүйц 20 гаруй зүйл нэмэгдсэн.