1. МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН ҮНДЭС
БАРИМТ БИЧИГ БАТЛАГДАВ
Монгол Улсын Их Хурлын тогтоолоор “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” тулгуур баримт бичиг шинэчлэгдэн батлагдсанаар улс орны батлан хамгаалах асуудлыг тогтолцоогоор нь авч үзэн, бодлогын чиглэл, үйл ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурласан улс төр, эдийн засаг, нийгэм, цэргийн арга хэмжээний цогц болохыг нарийвчлан тодорхойлж, удирдлагын зохицуулалтыг оруулж өгсөн чухал ач холбогдолтой боллоо.

2. ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.
ОХУ-ын Москва хотноо болсон Эх орны дайны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод явагдсан 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл амжилттай оролцсон нь Дэлхийн II дайнд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, оролцоог олон улсад таниулаад зогсохгүй цэрэг дайчдын сүр хүч, цог золбоог илтгэн харуулсан түүхэн арга хэмжээ болсон.

3. 1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙ
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймагт тэмдэглэн өнгөрүүлсэн нь түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч үзэл хүмүүжлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээ болов

4. ЦЭРГИЙН МОРИН ПОЛОГ ХӨГЖҮҮЛЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА
Английн армийн морин поло нийгэмлэгтэй хамтран Цэргийн морин поло нийгэмлэгийг хөгжүүлэх эхлэлийг тавилаа.Цэргийн биеэ даасан морин полог байгуулснаар өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү тэмцээнийг өвлөн үлдээж, XIII зууны үед Чингис хааны цэргүүд морьдынхоо хурд хүч, авхаалж самбааг сорин нэмэгдүүлэх зорилготойгоор өнөөгийн бидний нэрлэж буй Морин поло тоглоомоор тоглодог байсан түүхэн уламжлалыг сэргээх чухал ач холбогдолтой юм.

5. ОЛОН УЛСЫН БОЛОН ХОЁР ТАЛЫН ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУРГУУЛИУД
ХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2015”, БНХАУ-ын АЧА-ийн тусгай хүчинтэй хамтарсан “Анчин бүргэд-2015”, БНТУ-ын тусгай хүчинтэй хамтарсан “Нүүдэлчин дайчид-2015” хээрийн сургууль, Япон Улстай хамтарсан Зам-2015” хээрийн сургалт, дадлагыг тус тус амжилттай зохион байгуулав.“Сэлэнгэ-2015” хээрийн сургуулийн явцад усан саадыг байлдаантайгаар гатлах дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анх удаа зохион байгуулж явуулсан нь байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

6. ДАЙЧИЛГААТАЙ КОМАНД ШТАБЫН БОЛОН БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ СУРГУУЛИУД
Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 310 дугаар ангитай 1 удаа, Зэвсэгт хүчний 30 анги, байгууллагатай Команд штабын сургууль /КШХС/-ийг нэгдсэн байдлаар 10 удаа, дотооддоо 51 удаа, байлдааны буудлагатай болон буудлагагүй тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний төлөвлөгөөгөөр 9 удаа, ангиудын төлөвлөгөөгөөр 17 удаа тус тус амжилттай зохион байгуулж Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын хуулиар хүлээсэн үндсэн болон тусгай чиг үүргээ хамтарч болон бие дааж гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүллээ. Байлдааны буудлагатай хээрийн сургуулийг шөнийн нөхцөлд зохион байгуулсан нь шөнийн хараа, хэрэгслүүдийг ашиглан байлдааны ажиллагаа явуулах дадлага, чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой болсон.

7. ОФИЦЕРУУДЫН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГ
Офицеруудын түвшин тогтоох үзлэгт Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын офицеруудыг бүрэн хамруулан хүн нэг бүрийн мэдлэг боловсролын түвшинг техник технологийн дэвшлийг ашиглан тусгай программаар шалгаж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг менежментийн шинжлэх ухааны сорил, аргуудаар үнэлж, офицеруудын түвшинг бодитоор тогтоосон нь цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээгээ тодорхойлсон чухал ажил боллоо.

8. “KHAAN QUEST-2015” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
“Хааны эрэлд-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад 22 улс орны нийтдээ 1200 гаруй цэргийн алба хаагчид оролцлоо.
Тактикийн хээрийн сургуульд 8 улсын нийт 14 салаа оролцсоноос Азийн орнуудаас БНХАУ, Япон Улс, БНФУ, БНЧУ улсууд анх удаагаа салаа оролцуулж, харилцан туршлага солилцон өөрсдийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн.
Сургуулийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг сурган бэлтгэхэд чиглүүлж, анх удаагаа команд штабын сургуулийг НҮБ-ын ажиллагааны стратеги-оперативын түвшинд зохион байгуулж, штабын төлөвлөлт, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг, туршлага хуримтлуулсан.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах арга хэмжээний хүрээнд Эмнэлгийн болон барилга инженерийн хамтарсан ажиллагааг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт зохион байгуулж, 10 мянга гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

9. ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН ТОГЛОЛТОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.
Дэлхийн цэргийн спортын 6 дугаар тоглолтод Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр амжилттай оролцож, нийт 23 медаль хүртэж, Дэлхийн 117 орноос 16 дугаар байрт шалгарсан өндөр амжилт үзүүлж, Монгол улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулсан үйл явдал боллоо.

10. ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙН “САХАЛИН III” НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Зэвсэгт Хүчний Үлгэр Жишээ Үлээвэр Найрал Хөгжмийн бие бүрэлдэхүүн ОХУ-ын Өмнөд Сахалин мужид Олон Улсын цэргийн үлээвэр хөгжмийн “Сахалин III” хөгжмийн наадамд амжилттай оролцов. Наадмын хүрээнд ОХУ-ын Өмнөд Сахалин мужийн 5000 гаруй оршин суугчдад 4 удаагийн тоглолтыг зохион байгуулж, улс орон, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон улсад сурталчилсан чухал арга хэмжээ болов.
