
Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон бусад албаны хүмүүс танилцлаа. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасгийг энэ сарын 15-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн юм.
Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж байгуулсан 50 ортой шинэ тасагт 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 24 цагийн дотор 20 гаруй хүүхэд эмчлүүлэхээр зорьж ирдэг. Амралтын өдрүүдээр ачаалал их байдаг тухай тус тасгийн хүүхдийн эмч Д.Мөнхжаргал ярив. Тус тасаг нь нийт 50 ор, 11 өрөөтэй, сард 250-300 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Эрүүл мэндийн яамнаас амьсгалын аппарат, судасны шахуурга, өвчтөний монитор, соруулах аппарат, хүчилтөрөгч зэрэг 67,8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бол тус эмнэлгийн ажилчид өөрсдийн санаачилгаар 2 сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл авсан байна. Уг тасагт эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг хүүхдийн 9 эмч, 15 сувилагчдыг туршлага, ур чадварыг нь харгалзан сонгон ажиллуулж байгаа аж. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 8, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж байна. Цаашдаа тус тасгийг хэвээр ажиллуулж хүүхдийн сувилал нээх бодлого барьж байгаа аж.