Батлан хамгаалах салбарт ажилладаг 300 офицер ахлагч, энгийн ажилтан албан хаагчид энэ өдөр шинэ байрны түлхүүрээ гардан авлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Болд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, орон сууцанд орж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцов.

Энэхүү 300 айлын орон сууцанд батлан хамгаалах салбартаа олон жил ажиллаж байгаа, орон сууцтай болох хүсэлт өргөдөл гаргасан, албан үүрэгтээ амжилттай ажиллаж байгаа цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний түүхэнд 1990 оноос хойш 300 айлын орон сууц нэгэн зэрэг ашиглалтад орж байгаа анхны тохиолдол энэ бөгөөд 300 айлын орон сууц Цэргийн музейн дэргэд босч, Зэвсэгт хүчний анги салбаруудаас 215 офицер, ахлагч, Батлан хамгаалах салбараас 85 албан хаагч шинэ сууцны түлхүүр гардан авч байгаа юм.

Цэргийн алба хаагчдийн 300 айлын орон сууцны барилгын ажлыг “ХӨМОТЭ” ХХК 2011 онд эхэлсэн ба 2014 он хүртэл 70 орчим хувийн ажлыг гүйцэтгээд зогсонги байдалд ороод байсан.
Улмаар барилга гүйцэтгэгч “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн болон ажиллах хүчний бололцоогүй тухай мэдэгдсэний дагуу энэхүү орон сууцанд орохоор хуваарилагдсан 300 айлын эрх ашгийг хамгаалах, амьдралын нөхцөл бололцоог сайжруулах үүднээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын шийдвэрээр манай барилгын болон инженерийн цэргийн ангиуд барилгын үлдэгдэл 30 хувийн гүйцэтгэлийг гурав хүрэхгүй сарын дотор хийж гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 017 дугаар анги, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг Зэвсэгт хүчний гурван ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийлсэн 250 гаруй залуус маань дөрвөн блок орон сууцны барилгын дотор иж бүрэн засал, цахилгаан, сантехникийн тоноглолын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, энгийн, хугацаат цэргийн албан хаагчид нийлсэн 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр 120 метр шороон далан бэхжүүлэх ажил, 144 метр урт явган хүний замын ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.
Ийнхүү олны хүч оломгүй далай гэдэгчлэн цэрэг эрсийнхээ уйгагүй хүч хөдөлмөрийн үр ашгаар цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц ашиглалтад оров. Батлан хамгаалах салбарын хэмжээнд 2015 онд цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах талаар багагүй ажил хийгдээд байна. Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Баянзүрх дүүрэгт цэргийн албан тушаалын 63 айлын орон сууц ашиглалтад орсон бол өнөөдөр 300 айлын орон сууцаар бүл нэмж байна.



