
“Монгол Улсын Үндсэн хууль”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн дагуу Нийслэлийн 8 дүүрэг, 11 аймгаас татагдан ирсэн шинэ дайчдыг цэргийн албанд дасгаж, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулж, өнгөрсөн бямба гарагт эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон Цэргийн тангаргаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөлөө. Цэргийн тангараг өргөх арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны СУТГ-ын дарга хурандаа Г.Сайханбаяр болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хугацаат цэргийн алба хаагчдын арг гэрийн төлөөлөл оролцлоо.
Өвөг дээдсээс уламжилсан дайчин замналтай Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах эрдэм боловсролтой, эрэлхэг зоригт хөвгүүдээр хүрээгээ тэлж байгаагийн дотор энэ жилийн II дугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн залуусын дотор их, дээд сургууль төгссөн 56, тусгай болон бүрэн дунд боловсролтой 316 буюу нийт цэргийн алба хаагчдын 80 гаруй хувийг дээд, тусгай, бүрэн дунд боловсролтой залуучууд бүрдүүлж байгаа нь Зэвсэгт хүчинд алба хаах залуучуудын боловсролын түвшин дээшилж, алба хаах сонирхол нэмэгдсээр байгааг илтгэж байгаа юм.
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө цохилох зүрхээрээ тангараг өргөж, туурга тусгаар улсынхаа хүү гэдгээ тунхаглах цэрэг эрс Монгол түмний бахархал билээ.

