• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭРГҮҮЛСЭН ОРНУУД ТАЛХ ХИЙХДЭЭ ИЛТ ДАВУУ БАЙСАН
Нийтэлсэн: 2017-08-28 10:36:14
Үзсэн: 81

ТЭРГҮҮЛСЭН ОРНУУД ТАЛХ ХИЙХДЭЭ ИЛТ ДАВУУ БАЙСАН
Нийтэлсэн: 2017-08-28 10:36:14 Үзсэн: 81



Москва хотод зохиогдсон уралдаанд амжилттай оролцоод ирлээ. Тэмцээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Олон улсын цэргийн тоглолтын хүрээнд “Хээрийн гал тогоо-2017” уралдаан 7.29-8.12-ны өдрүүдэд Москва хотын цэргийн сургалтын төвд зохион байгуулагдлаа. Тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний 013, 014, 084, 150, 310 дугаар ангийн тогооч, техникийн ажилтан зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тэмцээнд буудлага, ур чадварын тэмцээн буюу хоол бэлтгэх, зохион байгуулагчдын зүгээс өгсөн цэсээр талх барих, нарийн боов хийх гэсэн гурван төрөлд өрсөлдсөн. Тэмцээний нэгдсэн дүнгээр ОХУ, Беларусь, Азербайжан, Монгол Улсын цэргийн алба хаагчид эхний дөрвөн байрыг эзэллээ.

Тусгай байр гэдэг багагүй амжилт юм?

-Тэмцээний явцад манай тогооч нарын мэдлэг, ур чадвар тэргүүлсэн орнуудын тогооч нартай дүйцэх хэмжээнд сайн байсан. Үндсэндээ нэг, хоёрдугаар хоол болон зууш бэлтгэхэд эн тэнцүү өрсөлдсөн. Гагцхүү тэд талх, нарийн боов хийх төрөлд илт давуу байлаа. Энэ нь нэг талаасаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй чадвар. Яагаад гэхээр ОХУ болон Беларусь орны иргэд эртнээс талх, нарийн боовоо хийж сурдаг уламжлалтай учраас тэдэнд давуу тал болох нь дамжиггүй.  Тэмцээний үеэр цэргийн алба хаагчдын хуурай хүнсний үзэсгэлэн зохион байгуулагдсан. Үзэсгэлэнд 2016 онд ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хэрэгслийн төлөвлөлт, хангалтын  хэлтсээс санаачилж хийсэн “Үүц-1” хуурай хүнсийг задалж, сурталчилсан.

Таны ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгутай авахуулсан зураг цахим хуудаснаа тарсан. С.Шойгу та бүхний бэлтгэсэн хоолонд ямар сэтгэгдэлтэй байв?

-Тэмцээний нээлт болон хаалтын үеэр үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулагдсан. Өдөрлөгөөр бид үндэсний 17 нэр төрлийн хоол, зууш, цагаан идээ, ундааг дэлгэж тэмцээнд оролцогчид болон Оросын ард иргэдийг дайлсан.  Нээлтийн үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу манай цэг дээр ирэхэд нь бид монгол ёс заншлаар тавгийн идээгээ засч,  сүүтэй цайгаараа дайлахад манай үндэсний хоолны онцлогийг мэддэг болоод ч тэр үү  “Сайхан байна, амттай байна” гэж магтаж байсан. 

Танай багийнхан тэмцээний хажуугаар биеийн тамир болоод дууны тэмцээнд түрүүлсэн гэсэн?

-Тийм ээ. Тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан “Орос дууг хэн сайн дуулах вэ” арга хэмжээ болоод  биеийн тамирын цогцолбор тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байрт шалгарсан. Дууны тэмцээнд манай гурван эмэгтэй алба хаагч “Катюша” дууг дуулсан нь ОХУ-ын иргэдийн талархал, дэмжлэгийг хүлээсэн шүү. Спортын цогцолбор тэмцээний тухайд багаараа тэргүүлсэн. Түүнээс гадна “Танкийн биатлон-2017” тэмцээнд оролцсон алба хаагчидтай хамтран 30 минутын тоглолтыг зохион байгуулж, эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчиллаа. Энэ тоглолтоор үндэсний урлаг, оросын дуунуудыг эгшиглүүлж хоёр орны дайчин нөхөрлөлийг улам баталгаажуулсан гэж дүгнэж болно.   Энэ дашрамд, тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд бүх талаар дэмжиж тусалсан ЗХЖШ, Зэвсэгт хүчний 013, 014, 084, 150, 310, 232, 011, 015 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд баярлаж талархснаа илэрхийлье.

Холбоотой мэдээ
БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2022-11-28 18:06:58 Үзсэн: 256