• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"РИО-2016" ОЛИМПОД ОРОЛЦОХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ "АЛДАР"-ЫН СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2016-07-05 10:55:59
Үзсэн: 33

"РИО-2016" ОЛИМПОД ОРОЛЦОХ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ "АЛДАР"-ЫН СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2016-07-05 10:55:59 Үзсэн: 33



   Рио-2016 зуны олимп эхлэхэд 30 гаруй хоног үлдээд байна. Одоогийн байдлаар манай улсаас 40 орчим тамирчин гаргасан амжилтаараа Бразил улсад болох олимпод оролцох эрхээ аваад байна. Тэгвэл энэ тамирчдын 10 тамирчин нь 70 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид багтаж байна. Тэгвэл Монголын чимэг болсон, ард түмнийхээ хамтын тэмүүлэл, мөрөөдөл хийморийг тээсэн манай Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид Рио-2016 оны олимпод хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор бэлтгэл сургуулилтаа хангаж, хүлгийн жолоо залахад бэлэн боллоо.

    Өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, Зэвсэгт хүчний анги байгууллагын удирдлагууд, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр болон бусад тамирчид Рио-2016 олимпод оролцох тамирчдад баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа баяр хүргэж хэлсэн үгэндээ "Хүн төрөлхтний эв найрамдал, итгэл үнэмшил, ахан дүүсийн барилдлагын тод илэрхийлэл-Олимпийн наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 1964 оноос эхлэн амжилттай оролцож, 2008 оны Бээжингийн Олимпоос “Олимпийн аваргууд” маань тодорч, 2012 оны Лондоны олимпоор энэхүү амжилтаа ахиулан биелүүлсэн сайхан үйл явдал тохиож байсныг бид бүхэн мэднэ. Манай Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо түүхэн 70 жилийнхээ хугацаанд 13 олимпийн мөнгө, хүрэл медальтан төрүүлсэн түүхтэй. Удахгүй энэ медалиудын өнгө нь хувирч, тоо нь нэмэгдэнэ гэтэгт итгэлтэй байна. Рио-2016 зуны олимпод оролцох эрхээ гардан авсан Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны шилдэг тамирчид та бүхэнд болон та бүхний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан тамирчдад амжилт хүсээд олимпийн тэнгэрт Монгол төрийн дуулал олонтаа эгшиглэж, Монгол төрийн далбаа олонтаа мандаж, Монгол түмний буян заяа, аз хийморь, төрийн сүлд та бүхнийг үргэлж ивээж явахыг хүсэн ерөөсөн юм. Мөн БХЯ, ЗХЖШ, Цэргийн тагнуулын газрын удирдлага, ажилтан алба хаагчид тамирчдад баяр хүргэж, сэтгэлийн өргөл болгож нэг өдрийнхөө цалинг хандивласныг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулан өгсөн юм. ЗХЖШ-ын даргын тушаалаар Азарбайжан улсын Баку хотод болсон олон улсын тэмцээнээс Рио-2016 олимпийн эрхээ авсан ОУХМ Х.Энх-Амард дэд ахлагч цол олгосноо гардуулан өглөө.

     Тамирчдыг төлөөлж, зургаа дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа "Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулах мөч бүрт бидний ард батлан хамгаалах салбар, шилдэг дайчид байдагт баярлаж, бахархаж байна. Энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 10 тамирчин маань оролцож байгаа нь тамирчдын бэлтгэл, "Алдар" спорт хорооны удирдлагын хичээл зүтгэл байгааг илэрхийлэх байх. Хүндэтгэл үзүүлж буй явдалд баярлалаа. Бид төрийнхөө далбааг Бразилийн тэнгэрт мандуулахын төлөө хичээх болно" гэсэн юм.
"Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр "Манай тамирчдад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, алба хаагчид баяр хүргэж хүндэтгэл үзүүлж байгаад баярлаж байна. Манай О.Гүндэгмаа зургаа дахь олимпдоо оролцох гэж байна гэдэг бол түүний тасралтгүй хичээл зүтгэл байгааг харуулж байна. Манай улсын түүхэнд анх удаагаа таеквондогийн төрлөөр Зэвсэгт хүчний "Алдар"-ын тамирчин П.Тэмүүжин оролцоно. Хүндийн өргөлтөөр анх удаа Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн эрх авчирсан тамирчин бол бас манай хорооны тамирчин М.Анхцэцэг юм. Олимпийн олон аварга төрөх байх гэж найдаж байна. Ерөөл бат орших байх аа" гэсэн юм.
1. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа /буудлага/
2.Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад Г.Мандахнаран /чөлөөт/
3. ОУХМ П.Орхон /чөлөөт/
4.ОУХМ О.Үйтүмэн /чөлөөт/
5.ОУХМ Б.Мөнхзаяа /марафон/
6.ОУХМ М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
7.ОУХМ А.Цолмон /жүдо/
8.ОУХМ П.Тэмүүжин /таеквондо/
9.ОУХМ, дэд ахлагч Б.Чинзориг /бокс/
10. ОУХМ, дэд ахлагч Х.Энх-Амар /бокс/

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226