Монгол Улсын цэргийн үлээвэр найрал хөгжимчид өөрсдийн мэргэжлийн ур чадварыг сорих, гадаадын орнуудын хөгжимчдөөс суралцах, харилцан туршлага судлах, өөрийн эх орон, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нэрт хөгжимчдийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулан 2002 оноос эхлэн өдгөө ОХУ, ИБУИНВУ, ХБНГУ, БНАСАУ, БНСУ-д олон улсын цэргийн хөгжимчдийн наадамд амжилттай оролцож, Монгол Улсынхаа Төрийн далбааг өргөсөөр байна.
Энэхүү амжилтыг түүчээлэн өнгөрөгч 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Хабаровск хотноо зохион байгуулагдсан “Олон улсын цэргийн хөгжимчдийн наадам”-д БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжимчид амжилттай оролцоод ирлээ. Ингэснээр хоёр орны ард түмний өнө мөнхийн найрамдал, ард түмний нөхөрлөл, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн чухал арга хэмжээ болсон юм.
Хабаровск хот нь ОХУ-ын Алс дорнодын томоохон хотын нэг бөгөөд Хабаровскийн хязгаарын засаг захиргаа, соёл, урлаг, үйлдвэр, худалдааны гол төв болдог онцлогтой. Тус хот нь Москвагаас 8533 км-т орших ба 37,2 мянган га талбайтай, 617,8 мянган хүн амтай бөгөөд үндсэн 5 дүүрэгт хуваагддаг байна. Хабаровск хотын түүх нь Номхон далай, Амур мөрний эрэг Орос орны харьяалалд орсонтой салшгүй холбоотой бөгөөд 1858 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ахмад Я.В.Дьягенкогийн удирдсан Сибирийн шугам ангийн цэргүүд анхны харуулын байраа барьсан тэр үеэс эхэлсэн гэж үздэг. Хожим энэхүү харуулын байрыг XYII зууны Оросын нэрт аялагч Ерофие Хабаровын нэрээр нэрийджээ. Улмаар ердөө 5 жилийн дотор гэхэд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн байр, төрөл бүрийн агуулах, мухлаг, дэлгүүр зэрэг 167 барилга, байгууламжийг барьж, 1880 онд хотын статусыг авчээ.
“Амурын долгио” нэрийн дор зохион байгуулсан олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга миний бие ахлаж, удирдлагын бүрэлдэхүүнд БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал, хурандаа Т.Мөнхтунгалаг, Монголын үлээвэр хөгжимчдийн холбооны дэд ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Г.Цэрэнсүх нар томилогдож, үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ.
Олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцох хөгжимчдийг БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн багш, сонсогч нараас голлон бүрдүүлсэн нь онцлог байлаа. Мөн ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зарим хөгжимчид хөг нэмж оролцсоны дээр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн ахлах дэслэгч Б.Даваадорж, 186 дугаар ангийн ахлах ахлагч Б.Цэрэнбат нар гоцлол хөгжимчнөөр оролцсон ба нийт хөгжимчдийн мэргэжлийн ур чадварыг сорих, харилцан суралцах, туршлага солилцох үйл ажиллагаанд сайнаар нөлөөлсөн юм.
Манай хөгжимчдийн бүрэлдэхүүн 5 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Хабаровск хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа нэгдсэн тоглолтын бэлтгэлд хамрагдсанаар анхны тоглолтоо Яруу алдрын талбайд тоглож, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. Мөн өдрийн орой “Олон улсын цэргийн хөгжмийн 5 дугаар наадам”-д зориулсан нээлтийн ёслолын ажиллагааг дээрх талбайд зохион байгуулсан ба гадаадын орнуудын хүндэт зочид, Хабаровск хотын захирагч, төрийн захиргааны болон олон нийтийн байгууллагуудын удирдлага, иргэд, залуучуудын төлөөлөл өргөнөөр хамрагдлаа.
Энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв найрал хөгжим, Москвагийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, ОХУ-ын Алс Дорнодын үндэсний гвардийн төв найрал хөгжим, Хабаровскийн цэргийн хүрээний зарим ангиудын хөгжимчид, Номхон далайн флотын штабын цэргийн хөгжим, Казахстан Улсын үлээвэр найрал хөгжим, Сингапурын Зэвсэгт хүчний төв хөгжим, БНХАУ-ын эмэгтэй үлээвэр найрал хөгжимчид оролцсон юм. Мөн ОХУ-ын Хабаровск хотын сонгодог бүжгийн болон ардын дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, ерөнхий боловсролын дунд сургуулиудын дэргэдэх үлээвэр найрал хөгжим, дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид оролцож, өөрсдийн уран бүтээлийн дээжийг өргөн барьсан.
Уг наадмын нээлтийн ёслолын ажиллагааны үеэр ОХУ, Монгол Улс, Казахстан Улс, БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж, орон тус бүрийн хөгжмийн ерөнхий удирдаач нар ээлжлэн удирдаж байгаа нь бахархал төрүүлэм санагдсан. Ялангуяа Монгол Улсын Төрийн дууллыг 5 орны 400 гаруй хөгжимчид нэгэн зэрэг тоглож, тэдгээр хөгжимчдийг БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал, хурандаа Т.Мөнхтунгалаг тун чадварлаг удирдаж байгааг хараад ихэд сэтгэл хөдөлж байсан бөгөөд манай хөгжимчдийн зүгээс бусад орнуудын Төрийн дууллыг нот харахгүйгээр чадварлаг тоглож байгаа нь бэлтгэлийг сайтар хангасны илрэл гэлтэй.
Үүний дараагаар нэрт хөгжмийн зохиолч Макс Кюссийн “Амурын долгио” алдарт вальсийг нийт хөгжимчид тоглосон бөгөөд орон орны цэргийн удирдаачид ээлж дараалан удирдсан нь наадмын нэг онцлог бөгөөд наадамд оролцогч 5 улсын Төрийн дууллыг тоглолт бүрийн өмнө эгшиглүүлж байсан нь уг наадамд оролцсон улсыг хүндэтгэсэн их хүндэтгэл, зохион байгуулж байгаа арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл байсан юм.
Ингээд наадамд оролцогч улсуудын цэргийн үлээвэр хөгжимчид өөрсдийн бэлтгэсэн хөгжимтэй жагсаалын үзүүлбэрийг хөтөлбөрийн дагуу үзүүлсэн ба манай хөгжимчдийн тоглолтыг үзэгчид их л халуун дотноор хүлээн авсан. Учир нь дээрх хөгжмийн наадамд 2 жилийн өмнө ЗХЖШ-ын АУГ-ын Ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Дашзэвэг, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал, хурандаа Т.Мөнхтунгалаг нарын ахалсан хөгжимчид өндөр ур чадвар гарган амжилттай оролцсон болоод тэр үү, манай хөгжимчдийг хурандаа Г.Цэрэнпилийн “Нийслэлийн алдар” маршийг тоглоод орж ирэх тэр л агшинд үзэгчид суудлаас босч, “Монгол”, “Монгол” хэмээн ихэд хүндэтгэлтэй хандаж билээ.
Манай хөгжимчид талбайн төв хэсэгт байраа эзэлсний дараа ОХУ-ын нэрт дуучин Ф.Крикоровын амьдруулсан “Дива” дууг ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Н.Түвшинжаргал дуулсан ба дараа нь Төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Бирваагийн “Залуучууд, оюутны марш” аялгууг чадварлагаар тоглож билээ. Үүний дараа Соёлын тэргүүний ажилтан Д.Тараагийн “Эх орон танаа” бүжгийн хөгжмийн хэсгээс тоглох тэрхүү агшинд Циркийн уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрийг залуу жүжигчин Э.Лхагва-Очир тун авьяаслагаар үзүүлсэн.
Дараа нь манай хөгжимчид танго болон твист бүжгийн аялгууг тоглохын хамт эвлэгхэн бүжиглэсэн ба тэдний дундаас хөгжимчин дэд ахлагч Л.Тэнгис, сонсогч Ц.Мөнхтөр, Б.Цогбадрах нар латин америкийн бүжгийг хийхэд үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авсан. Ийнхүү манай хөгжимчид өөрсдийн найруулж, бэлтгэсэн үзүүлбэрээ хурандаа Т.Мөнхтунгалагийн “Хөгжимчдийн алдрыг магтъя” маршаар өндөрлөхөөр найруулж, үзэгч олондоо өргөн барьсан юм.
Дээрх бүх үзүүлбэрийг ердөө 10 гаруйхан минутад зохиомжлон олон түмэнд хүргэнэ гэдэг нь уран бүтээлчээс их авьяасыг шаардах агаад түүнийг Цэргийн хөгжмийн сургуулийн ахлах багш хошууч Д.Одгэрэл төвөггүйхэн найруулж, нэгдсэн бэлтгэлийг хангах талаар ихээхэн сэтгэл гаргасан нэгэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч билээ. Тиймээс ч энэхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцсон монгол хөгжимчдийн үзүүлэх тоглолтыг удирдах хүндтэй үүргийг хошууч Д.Одгэрэл хүлээж, чадварлаг удирдсанаар цаашид ихээхэн ирээдүйтэй хөгжмийн удирдаач болохоо батлан харуулсан юм.
Ийнхүү олон улсын цэргийн хөгжмийн наадамд орон бүрээс бэлтгэж ирсэн үзүүлбэрүүдийг хамруулсан нэгдсэн тоглолтыг “Яруу алдрын талбай”-н дэргэд тусгайлан зассан нүүдлийн театрт 3 удаа үзүүлэхэд өдөр бүр суудал дүүрэн байсан нь хөгжмийн хэлийг хэн бүхэн бүрэн ойлгодогтой холбоотой байсан биз.
Харин 5 дугаар сарын 29-ний өдөр Лениний нэрэмжит гудамжаас Залуучуудын гудамж хүртэлх өргөн чөлөөгөөр хөгжимтэй ёслолын жагсаал, хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулсан юм. Хабараовск хотын 168 жилийн ойд зориулсан цэргийн хөгжимтэй жагсаалын үеэр бүх албан байгууллагууд туг, дарцаг, цэцэг барьж, сурталчилгааны үзүүлэнгүүдээ дэлгэн явган болон авто машинтайгаар жагсаалаар явж байсан нь сонирхолтой байсны дээр энэ баяртай давхцан Амур мөрний дээрх алдарт гүүрийг байгуулсны 100 жилийн ой тохиож буй нь бас л онцлог байлаа.
Энэхүү гудамжаар явж буй орон тус бүрийн хөгжимчид өөрийн улсын нэрт хөгжмийн бүтээлүүдээс сонирхуулахын хамт хэд хэдэн цэгт түр зогсолт хийж, өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрийг сонирхуулж байлаа. Тэр үеэр хотын бүх хүмүүс цуглав уу гэлтэй, уртаар үргэлжлэх замын хоёр тал үзэгчдээр дүүрэн байсан нь гайхалтай. Үүний дараа залуучуудын талбайд тусгайлан зассан тайзнаа Монгол, Сингапур, Хятадын хөгжимчид өөрсдийн тусгайлан бэлтгэсэн концертыг тоглосон ба бид 45 минутын концертыг үзүүлэхэд үзэгчдийн сэтгэл ихэд хөдлөн байлаа. Учир нь манай хөгжимчид өөрийн орны хөгжмийн бүтээлээс сонирхуулж, морин хуурын гоцлолыг үзүүлсний дээр голлон Оросын алдарт зохиолчдын хөгжмийг уран чадварлаг тоглосон нь тэдэнд ойр байсан бизээ. Энэ тоглолтын үеэр тоглосон алдарт хөгжмийн бүтээлүүдийг Монгол Улсын Соёлын болон Боловсролын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, хурандаа Т.Мөнхтунгалаг, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн сургалт, соёл хүмүүжил эрхэлсэн орлогч, ахмад Б.Нэргүй, Цэргийн хөгжмийн сургуулийн тэнхимийн дарга хошууч Б.Анхбаяр, ахлах багш хошууч Д.Одгэрэл нар удирдан манай хөгжимчид гайхамшигтайгаар тоглож билээ.
Мөн ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Н.Түвшинжаргал Оросын хит болсон дуунуудаас дуулж, залуу жүжигчин Э.Лхагва-Очирын уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэрүүдээ үзүүлсэн нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан нь гайхамшигтай байлаа.
Наадмын сүүлийн хоёр өдөр Хабаровск хотын Спорт, соёлын цогцолборт нэгдсэн тоглолтыг үзүүлсэн бөгөөд мөн л үзэгчдээр дүүрэн байсан нь тэдний соёлын илэрхийлэл, чөлөөт цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлдэгийн бодит жишээ, Оросын Зэвсэгт хүчин, цэргийн хөгжимчдөөрөө цаг ямагт бахархдагийн тод илрэл гэхэд хилсдэхгүй.
2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн 5 орны 1000 шахам хөгжимчид, дуучид, бүжигчид оролцсон концерт уйдах завгүйгээр өнгөрч, үзэгчдийн халуун алга ташилт, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсныг зохион байгуулагчдын зүгээс хөгжмийн наадмын дүн гаргах үеэр онцолж билээ.
Тоглолтын сүүлийн өдөр олон улсын цэргийн хөгжмийн 5 дугаар наадмын хаалтын ёслолын ажиллагааг зохион байгуулж, ОХУ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга, Ерөнхий удирдаач, ардын жүжигчин, дэслэгч генерал Валерий Халилов, Хабаровскийн хязгаарын дарга, Хабаровск хотын захирагч Вячеслав Иванович Шпорт нарын албаны хүмүүс, гадаад орнуудын хүндэт зочид оролцож талархал илэрхийлсэн. Энэ үеэр олон улсын цэргийн хөгжмийн наадмын дурсгалын зүйлсийг гардуулж, орон тус бүрээс хамгийн сайн оролцсон гоцлол хөгжимчид, дуучдыг хотын захирагчийн дурсгалын цагаар шагнасан ба энэхүү хүндтэй шагналыг БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал, дэд профессор, хурандаа Т.Мөнхтунгалаг, ахлах багш хошууч Д.Одгэрэл, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Н.Түвшинжаргал, залуу жүжигчин Э.Лхагва-Очир нарт олгож билээ.
Наадмын үеэр ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв найрал хөгжмийн дарга, гавьяат жүжигчин, хурандаа Сергей Дурыгантай уулзахад “Монголчууд бусдаас чадварлаг байна. Цэргийн хөгжмийн сургуулийнхан ийм чадварлаг байхад Монголын Зэвсэгт хүчний хөгжимчдийн ирээдүй ямар байгаа нь тодорхой. Та бүхэн энэ наадмыг үнэхээр чимж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа” гэдгийг онцолсон. Мөн хурандаа Т.Мөнхтунгалаг, хошууч Д.Одгэрэл, ахмад Б.Нэргүй нарын чадварлаг удирдаачид нь ОХУ-д цэргийн хөгжмийн академийг төгссөн офицерууд гэдгээ нотлон харуулж чадлаа гэдгийг онцолж билээ. Энд онцлоход, ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв найрал хөгжмийн дарга, гавьяат жүжигчин, хурандаа Сергей Дурыган өмнө нь Дорноговь аймгийн Сайншанд хотноо аав, ээжийн хамтаар амьдарч байсан гэдгээрээ ихэд бахархдагаа дурсаж билээ.
Ер нь энэхүү наадамд манай хөгжимчдийн ур чадвар сайн байсныг, ялануяа сахилга бат, зохион байгуулалт сайтай оролцсоныг олон хүн тэмдэглэж байсны дотор ОХУ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга, Ерөнхий удирдаач, ардын жүжигчин, дэслэгч генерал Валерий Халиловын сэтгэгдэл бүхнээс үнэтэй байлаа. Тэрээр уг наадамд оролцсон хүндэт зочдын дотор онцгойлон манай хөгжимчдөд, манай хөгжмийн удирдаач нарт дотночлон баяр хүргэж, бүхнээс илүү байсныг тэмдэглэсэн нь бидэнд өгсөн их итгэл, цаашдын ирээдүйг тодорхойлсон том шагнал байлаа.
Олон улсын цэргийн хөгжмийн наадмын үеэр ОХУ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга, Ерөнхий удирдаач, ардын жүжигчин, дэслэгч генерал Валерий Халилов, ОХУ-ын Батлан хамгаалах яамны төв найрал хөгжмийн дарга, гавьяат жүжигчин, хурандаа Сергей Дурыган, ахмад Андрей Ниссенбаум, ОХУ-ын цэргийн хөгжмийн сургуулийн захирал, гавьяат жүжигчин Александр Герасимов, Алс Дорнодын цэргийн хөгжмийн албаны дарга, дэд хурандаа Вадим Пахомов, үлээвэр найрал хөгжмийн дарга, хошууч Павел Сергиенко, Казахстан Улсын Ерөнхийлөгчийн үлээвэр найрал хөгжмийн ерөнхий удирдаач, хурандаа Талгат Бердигулов, БНХАУ-ын хөгжмийн удирдаач Гао Юань, Е.Линь, Сингапурын Зэвсэгт хүчний цэргийн хөгжмийн албаны дарга, хошууч Танг Лиат Пенг Филипп, Цэргийн төв хөгжмийн дарга, хошууч Ки Кен Стивен нарын олон хүмүүстэй танилцаж, нөхөрсөг уулзалт өрнүүлж билээ.
Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үздэг монгол ёсоор танилтай бол талын чинээн үлгэр дуурайллыг үзүүлж, дэлхий нийтийн хэл болсон хөгжмийн урлагаар өртөөлөн 5 орны цэргийн хөгжимчид мэргэжлийн ур чадвараа сорьж, харилцан туршлага хуримтлуулсан наадам ийнхүү ёслол төгөлдөр болж өндөрлөсөнд сэтгэл юутай бахдалтай.
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, МУСТА хурандаа Батжаргалын Отгонбаяр











