Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа АНУ-ын Хавай мужид зохион байгуулагдсан “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын хурал”-д 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд оролцлоо.
Уг хурлыг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал зохион байгуулсан бөгөөд тус бүс нутагт байрлах Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, Бруней, Вьетнам, Индонез, Их Британи, Камбодж, Канад, Фижи, Лаос, Малайз, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Перу, Сингапур, Тайланд, Тонга, Филиппен, Франц, Чили, Шинэ Зеланд, Япон зэрэг нийт 25 улсын Жанжин штабын дарга нар оролцсон юм.

Энэ удаагийн хурал нь “Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй асуудлууд, тэдгээрийн эсрэг хамтран тэмцэх арга зам” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба “Дайн байлдааны үед болон олон улсын хамтын ажиллагааны үе дэх хууль эрх зүйн үндэс”, “Ази-Номхон далайн бүс нутагт терроризмийн эсрэг тэмцэх үеийн давуу тал болон саад бэрхшээлүүд”, “Кибер аюулгүй байдал, түүний стратеги ба хүчин чадал”, “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” гэсэн дэд сэдвүүдээр харилцан ярилцаж, санал бодлоо солилцжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваагийн хувьд хурлын эхний өдөр Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Тэнгисийн цэргийн адмирал Х.Харристай уулзаж хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, цэргийн сургалт, бэлтгэл, 2016 онд зохион байгуулагдах “KHAAN QUEST” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн тухай, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцав. Мөн Их Британ Улсын Нэгдсэн штабын дарга, генерал Ричард Баррон болон Франц Улсын Полинезиа дахь Зэвсэгт хүчний командлагч дэд адмирал Бернард-Антонио Морио нарын хүсэлтийг хүлээн авч хоёр талын уулзалтад тус тус оролцов. Уулзалт ярианы үеэр хоёр улсын дипломат харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан санал солилцсон юм.

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа нь хурлын явцад Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд уг хурлыг амжилттай зохион байгуулсан явдалд алба ёсоор талархал илэрхийлснээс гадна хурлын явцад нэлээд хэдэн асуудлуудаар харилцан санал бодлоо илэрхийлсэн нь хурлыг зохион байгуулагчдын зүгээс болон уг хуралд оролцогч гадаадын улсуудын Жанжин/нэгдсэн штабын дарга нарын талархлыг хүлээсэн юм.