• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМГИЙН ГОЛ НЬ СЭТГЭЛ, СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ ХИЙСЭН ХООЛ АМТГҮЙ БОЛНО ГЭЖ ҮГҮЙ
Нийтэлсэн: 2016-04-07 14:43:01
Үзсэн: 33

ХАМГИЙН ГОЛ НЬ СЭТГЭЛ, СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ ХИЙСЭН ХООЛ АМТГҮЙ БОЛНО ГЭЖ ҮГҮЙ
Нийтэлсэн: 2016-04-07 14:43:01 Үзсэн: 33



Нутаг ус, бага нас, ээж, аавын тань тухай ярилцлагаа эхлэх үү?

    -Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Завхан аймагт ажиллах болсон учир гэр бүлээрээ тийшээ нүүж, бага насаа тэнд үдсэн. 1982 онд нийслэлийн 14 дүгээр сургууль, 1984 онд Худалдааны техникумыг тогооч мэргэжлээр төгссөн.

Төгсөөд ?

     -Тухайн үед санал харгалзахгүй шууд хувиарладаг байлаа. Би Цэргийн худалдааны газар хувиарлагдсан. Их хол хөндий санагдаж, цэрэгтэй газар л очих нь дээ гэж бодоод дургүйцэж, очихгүй гэж хэлтэл “Тэгвэл өөр газар хувиар өгөхгүй” гээд. За тэгээд яалт ч үгүй, эрж сурсаар Цагаанхуаранд Цэргийн худалдааны газрыг олоод очтол шууд л БХЯ-ны цайны газарт хувиарласан. Ингэж л ажлынхаа гарааг эхэлсэн дээ. Анх ирэхэд БХЯ, ЗХЖШ-ын 300 гаруй хүнд үйлчилдэг, үүнээс гадна хээр хөдөө их явна. Ачаалал маш ихтэй. Амралтын өдөр гэж бараг байхгүй дээ.

Шантрах үе олон л байсан байх ...

    - Эхэндээ ч хэцүү л байсан, өдөрт нэг хуруугаа эсгэчихнэ. Худалч хүнд 10 хуруугаа боочихсон хүн л ажилладаг байлаа. Халширах үе байлгүй яахав. Цаашдаа тогоочийн ажил хийхгүй гэсэн бодолтой ажилласаар нэг л мэдэхэд 3 жил өнгөрчихсөн. Мэдээж энэ хугацаанд дадлагажаад, ажил гарт ороод ирэхээр тэр бодлоо хаях нь ойлгомжтой. Хичээл заасан багш нараас гадна, ажил амьдрал дээрх багшийн заасан эрдэм их чухал. Намайг ажилд ороход инженер технологич Цэцэгмаа, ахлах тогооч Наранцэцэг гээд мэргэжилдээ эзэн нь болсон чадварлаг хүмүүс “тосч” авсан. Их ч зүйл сурсан даа. Энэ хүмүүс болон Цэргийн худалдааны газар, хамт олноо дурсаж ярих дуртай. Хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн ачтай, буянтай хүмүүс дээ.

Хээрийн сургууль дадлага гээд л явна биз?

    -Тэгэлгүй яахав. Хавар, намартаа хээр хөдөөнөөс салахгүй. Удирдах бүрэлдэхүүний хоолыг хийнэ. Нэг газар очоод л төвхнөж амжаагүй шахуу байхад түргэн аваад нүүнэ. Хийн плитка энэ тэр гэж байсан биш. Зуухаа чирээд, дагалдах хэрэгслээ аваад л явна. Сайд дарга нарын гэрт гадаадын зочид төлөөлөгчид ирэхэд очиж зоог бэлтгэнэ. Ёндон сайдын гэрт олон очсон доо. Үүнээс гадна МАХН-ын Онц бага хурал, Армийн ХЗЭ-ийн хурлын төлөөлөгчид, гадны зочид төлөөлөгчдийн айлчлал гээд л олон үйл явдалд үйлчилгээ үзүүлнэ. Дээр нь төлөвлөгөө норм биелүүлнэ гээд ачаалал үнэхээр ихтэй байсан. Төлөвлөгөө норм биелүүлсэн гээд баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр их шагнуулсан. Бараг чемодан дүүрэн бий.

Баярын бичиг гэснээс та ямар шагналуудтай вэ?

    -Хамгийн анх Эвлэлийн Төв Хорооны “Тэргүүний ажилтан залуу” алтан медалиар шагнуулж байлаа. Хөдөлмөрийн хүндэт медаль, Худалдааны тэргүүний ажилтан, БХЯ, ЗХЖШ-ын “Хүндэт жуух” гээд төр засгийнхаа хайр хишгийг чамлахааргүй хүртсэн.

Тухайн үед өндөр шаардлага тавьдаг байсан биз?

      -Шаардлага, хяналт өндөр. Жишээ дурдахад, БХЯ-ны Улс төрийн газрын Хашбат гэж хурандаа тусгай өрөөнд хооллодог байлаа. Заавал нэг өө олж хэлнэ. Нэг л зүйл дутуу байвал тогоочоос эхлээд газрын даргыг хүртэл жагсааж байгаад л загнана шүү дээ. Талхны зүсэлтийг хүртэл шүүмжилнэ.

Мартагддаггүй магтаал, урмын үг?

      -Олон хүнээс олон удаа сонсож байлаа. Үе үеийн дарга нараас магтаалын үг сонсож, урмаар тэтгүүлэх үе бишгүй л их байлаа. Дарга, цэрэг хэн ч байсан хийсэн хоолыг минь амтархан идэж “баярлалаа” гэж хэлэх нь юунаас ч илүү магтаал, урам юм. Манай хэлтсийн дарга, хурандаа Чулуунбаатар нэг удаа шинэ жилийн баярын арга хэмжээн дээр “Наад Гантөмөрийн чинь яс нь амрах цаг болсон шүү” гэж билээ. Их л сайхан санагдсан юмдаг.

Өөр ажилд  шилжих бодол төрж байв уу?

    -1989 онд Цэргийн худалдааны газар татан буугдаад цайны газруудыг харьяа газарт нь шилжүүлсэн. Тэгээд яамны цайны газар ҮААХ-ийн харьяанд орж, хэлтсийн дарга Нацагдорж хурандаа та нараас авах хүмүүсээ аваад үлдсэнийг нь явуулна гэдэг юм байна. Тэгэхээр нь бид нар хамт олноороо хотын нийтийн хоолны газар очиж ажиллая гэж ярилцаад, саналаа хэлтэл бидний асуудлыг хурлаар хэлэлцээд нэр цохон хэдэн хүн үлдээж, намайг ахлаж үлд гэсэн. Үүнээс өөр ажлаа өөрчлөе гэж бодож байгаагүй ээ.

Саваагүй ч юмуу гэмээр асуулт асуумаар санагдаад. Та ер нь 30 гаруй жилийн хугацаанд хичнээн литр, кг хоол бэлдсэн бол?

      -За ёстой энэ талаар бодож байсангүй. Намайг ажилд орж байх үед “СЭСМ-05” гээд 100 литрийн II хоолны тогоогоор өдөрт 2, үүнээс хоёр дахин бага хэмжээтэй тогоогоор 2, 50 литрийн саваар шөлтэй хоол 3 удаа гардаг байлаа. Бэлтгэгч нар маань хүрэлцдэггүй байсан учраас хоолны анхны ажиллагаа, бэлтгэлийг тогооч нар өөрсдөө хийдэг. Өдөрт 5-7 хонины мах шулах жишээтэй. Ажил ч “буцалдаг” байжээ.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний онцлог, түүхэн арга хэмжээнүүдийн зоог гүнцгийг хариуцаж ажилласан байх. Хар сүлдний анхны тахилгаас эхлээд ...

     -Энэ хугацаанд олон арга хэмжээний хоол, үйлчилгээг хариуцаж ажиллалаа. УИХ-ын анхны 76 гишүүний хүлээн авалт, анхны “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль гээд л...

     Анхны “Хааны эрэлд” сургууль Таван толгойд болсон. Галладаг зуухаа чирээд 2 туслах тогооч, 3 зөөгч, бэлтгэгчтэйгээ гарлаа. Юу байхав, сураагүй биш үзүүлээд өгөх л юм бодож байгаа юм чинь. Тэгсэн чинь 100 гаруй хүний бүрэлдэхүүн, ихэнх нь гадаадынхан. Өдрийн 3 хоол, 2 цайтай. Эхний хоёр хоног ч гүрийсэн, хоёр, гуравхан цаг унтана. Сүүлдээ ч “Дарга минь үнэхээр мөлхөх нь холгүй байна. Наана чинь ямар л хүн байна, цагаан халадтай нь явуул” гэж дарга руугаа утасдсан. Хээрийн нөхцөлд сонголттой хоолоор үйлчилнэ гэдэг тийм ч амар биш. Энэ хээрийн сургууль санаанаас гардаггүй юм. Хар сүлдний тахилгын хувьд маш хариуцлагатай ажил. Төрийн тэргүүн болон төр засгийн удирдлагууд оролцдог.

Энэ олон арга хэмжээнд тохируулж идээ зоог бэлдэнэ гэхээр судлаж, сурах зүйл байнга л тулгардаг нь мэдээж?

    -Үйл явдал, орон орны ёс заншил, онцлог гээд л судлах зүйл их. Номтой л нөхөрлөнө, хамт олонтойгоо зөвлөлдөнө, багш нараасаа асууна. Хоол, хүнстэй холбоотой шинэ технологи хаана нэвтрүүлсэн байна, очиж судлана. Хэлтсийн дарга, хурандаа Чулуунбаатар “Цаг үеэсээ хоцрохгүйн  тулд цалин буух бүрт нэг том зоогийн газар очиж хоол идэж бай” гэдэг байж билээ. Одоо хүртэл хэрэгжүүлдэг. Мэргэжлээ байнга дээшлүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхийг л хичээдэг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг хоол хүнсний инженер, технологич мэргэжлээр дүүргэсэн. 2000 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч, 2001 онд мастер тогоочийн болзол хангаж, мастерын зэрэг авсан.

Таныг Ерөнхийлөгч Н.Багабанди гуайнд тогоочоор ажилласан гэж сонссон...

      -Нэг өдөр Жанжин штабын дарга хэлтсийн даргыг ахлах тогоочтой нь дууд гэж байна гээд. Даргатайгаа яваад л орлоо. Ерөнхийлөгчийн гэрт 2 хоног үйлчлэх боллоо, өвлийн өргөөнд нь яваад оч гээд нэг утасны дугаар өгсөн. Холбогдоод, Төв шуудангийн өмнөөс комиссар нь ирж авлаа. Миний сандарсныг хэлэх үү, оройн хоолыг нь хийчихээд, хүргэж өгөх гээд 2 давхар руу яаж гарах вэ гэсэн чинь комиссар нь нэг давхар байшин шүү дээ гэж билээ. Хэдэн давхар, ямар байшинд орсноо ч анзаарах сөхөөгүй, сандарсан хэрэг. Хоёр хоног ажиллачихаад иртэл дахин дуудаад “Их хурд”-д Ерөнхийлөгч явна, дагаж явах боллоо гэсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа ажлаар хөдөө явахад хоол ундыг нь бэлтгэсэн. Цэргийнхэн ёс дүрэмтэй, хариуцлагатай гэж л сонгосон байх. Ерөнхийлөгчийн албаа өгснийхөө дараа ажиллаач гэж санал тавьсан, тогоочтой болтол чинь хэдэн сар ажиллая гэсэн. “Илжиг модон хударгандаа дуртай” гэгчээр ажлаа санаад болохгүй юм билээ. Ер нь өглөө ажилдаа ирээд энэ хашаагаар орох бүртээ л өдий зэрэгтэй яваадаа багш нар, үе үеийн удирдлагууд, хамт олондоо талархдаг. Буянтай өгөөжтэй газар даа.

Цэргийн хүн болох боломж байсан уу?

     -Дарга нар тийм санал хэлж байсан. Ээждээ очоод хэлтэл “Одоо гэрийн бараа харахгүй байгаа хүн цэргийн болчихвол бүр харагдахгүй биз” гээд дургүйхэн байхаар нь ээжийнхээ үгэнд орчихсон. Хааяа харамсдаг л юм. Миний ээж их нямбай, цэвэрч хүн байсан. Махны гадна талын арьсыг хуулж, угааж хэрэглэдэг. Би ч гэсэн энэ зарчмаар ажилдаа ханддаг. Нэг ширхэг ч хялгас хоолонд орох ёсгүй гээд л цэвэрлэж өгнө шүү дээ.

Идсэн хоолондоо сэтгэл хангалуун бус байхыг мэдрэх тогооч хүнд хамгийн хүнд шийтгэл гэдэг юм билээ?

      -Хамгийн хэцүү зүйл чинь тэр. Тийм тохиолдол байлгүй л яахав. Тийм үед энэ хашаанаас нуугдах шахам л гарна шүү дээ. Санаа зовоод. Хамт олондоо бид нүүр бардам хоцрох ёстой. “Ямар ч хүнд байхгүй гэж битгий хэл. Хоол болоогүй байсан ч хар цайгаа, талх, маслотайгаа өгчихөж бай” гэж үргэлж хэлдэг юм. Хоолны дараа үлдэгдэл хэр гарч вэ гэдгийг шалгана. Хамгийн гол нь сэтгэл, сэтгэлээ шингээж хийсэн хоол амтгүй болно гэж үгүй.

Эрүүл зөв хооллолт гэж сүүлийн үед их ярих боллоо...

      -Хоол, хүнсний аюулгүй байдлын асуудал  үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдаж байна. Тогооч бол эмчийн дараа ордог мэргэжил. Миний хувьд төрөл бүрийн амтлагчуудаас аль болох татгалздаг. Монгол малын мах, эх нутгийнхаа хөрсөнд ургасан ногоог түлхүү хэрэглэж, монгол хоолоо баяжуулж хийхийг хичээдэг.

Олон шавьтай юу?

      -Нэлээд хэдэн шавьтай. Шавь нар маань анги, байгууллагад сайн ажиллаж байгаа, шавь нараараа бахархдаг.

Тогооч хүний хувьд хамгийн чухал зүйл юу вэ?

      -Багаж хэрэгсэл. Тэр дундаа сайн хутга. Дэлгүүрт ороод өөрийн эрхгүй хутган дээр л нүд тусчихдаг. Хүмүүс ч бас бэлэглэнэ. Нэлээд хутга бий.

Хобби ...

     -Цэцгийн хорго цуглуулдаг. Ном унших дуртай. Багаасаа л номын амтанд орсон. Бидний үед чинь ном их уншдаг байлаа. “Цагаан соёот”, “Морь унасан толгойгүй хүн” гээд л. Мэргэжлийн чиглэлийн ном, сэтгүүлүүд цуглуулдаг. Номын дэлгүүр орвол гарахаа мартчихна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу?

    -Ханийг минь Мягмардорж гэдэг. Автын инженер мэргэжилтэй. Их суруульд багшилж байсан, одоо гэртээ байгаа. Ажлыг минь ойлгож дэмждэг ханьдаа баярлахгүй байхын аргагүй. Залуу байхдаа “Чи зочид буудалд байгаа хүн шиг л байх юмдаа” гэж ганц удаа хэлсэн. Түүнээс хойш энэ талаар огт юм хэлж байгаагүй. Ар гэрийнхэн нь ойлгодоггүй, татлаа түлхээ ихтэй бол ажил хийхэд хэцүү шүү дээ.

      Ганц охинтой, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид эмч. Саяхан хөөрхөн зээ хүүтэй болоод бөөн баяр хөөр л байна даа.  Хүүхэд ярьсан чинь нэг зүйл санаанд орчихлоо. Охиноо төрүүлчихээд удаагүй байтал хэлтсийн дарга Нацагдорж  хурандаа дуудаад “Хэн чамайг хүүхэд төрүүл” гэсэн юм гэхээр нь айгаад “Ээж л төрүүл гээд байсан” гээд л хэлчихсэн. Дахиж ийм асуудал байхгүй шүү. Хамаг ажил алдагдчихлаа. Одоо шууд ажилдаа ор гэж билээ. Залуу ч байж дээ. Одоо бодоход хөгжилтэй санагддаг юм.

Монголын тогооч нарын холбоонд Батлан хамгаалах салбарын тогоочдыг төлөөлж ажиллах болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

     -Монголын тогооч нарын холбоо 1993 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж тогооч нарын эрх ашгийг хамгаалж буй ганц байгууллага. Энэ жил шинэ ерөнхийлөгчтэй болж, удирдах ажилтны зөвлөлгөөнөө хийлээ. Нийт 35 салбар зөвлөлтэй, Батлан хамгаалах салбарын салбар Зөвлөлийн даргаар намайг томилсон. Эхний ээлжинд Монголын тогооч нарын холбооны удирдлагуудыг урьж, салбарынхаа тогооч нарын үйл ажиллагаа, онцлогийг танилцуулахаар төлөвлөсөн. Мөн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд ажиллаж байгаа тогооч нарынхаа бүртгэлийг гаргаж, дотооддоо салбар зөвлөлөө байгуулан гишүүдээ сонгож тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн зорилго зорилт, хийх ажлаа тодорхойлно. Цэргийн анги, байгууллагын тогооч нарт мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгуулах, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэглэлд оруулах зэрэг олон асуудал бий. Зарим асуудлыг саяхан болсон зөвлөлгөөнөөр хэлэлцсэн.

     Түүнчлэн холбооны дэргэд академи байгуулагдсан. Энэ академи маань сургалтууд явуулах юм. Шинэ болон давтан сургалтад хамрагдсан хүмүүст тогоочийн үнэмлэх шинээр олгоно. Ер нь ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, цэгцлэх зорилготой. Ингэснээр чанаржиж, мэргэжлийн ур чадварын хувьд дээшлэх зэрэг ач холбогдолтой юм. Бас холбоо маань Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн. Энэ харилцаагаа идэвхжүүлж сургалт дамжаа, уралдаан тэмцээнд оролцох зэрэг боломж нээгдэнэ. Салбарынхаа тогооч нарыг ч хамруулах талд ажиллана.

Ангиудын тогооч нарын хувьд сургалт дамжаанд хамрагдах боломж хомс, завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс?

      -Ажлын нөхцөл, эдийн засгийн хувьд ч асуудал бий. Тэгэхээр холбооны удирдлага, ЗХЖШ-ын АТГ-ын дэмжлэгтэйгээр газар дээр нь, бүсчилсэн хэлбэрээр сургалт явуулъя гэж төлөвлөж байна.

Танай хамт олны хувьд ...

     -Бие бүрэлдэхүүнд үйлчлэхээс гадна жижүүрлэлт, хүлээн авалт, цугларалт гээд арга хэмжээ тасардаггүй. Өдрийнхөө хоолыг өгчихөөд л, маргаашийн бэлтгэлээ базаана. Бид амт чанартай хоолоор тав тухтай үйлчлэхийг үргэлж хичээдэг. Та бүхэнд очиж буй таваг хоолонд олон хүний хөлс хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэдэг юм шүү.

Энэ дашрамд бидний ажил, хөдөлмөрийг ойлгож, дэмжиж, тусладаг удирдлага, хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.

Хошууч Х.ГАНЗУЛ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226