• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛТНУУД ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2016-04-07 14:58:17
Үзсэн: 36

СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛТНУУД ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2016-04-07 14:58:17 Үзсэн: 36



     ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ээс  “Зэвсэгт хүчний анги, байгууллагын сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах арга зүйн асуудал” сэдвээр Зэвсэгт хүчний соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжил арга зүйн сургалтыг  хоёр хоногийн хугацаатай амжилттай зохион явууллаа. Сургалтад Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн соёл хүмүүжлийн офицерууд  хамрагдлаа. Сургалтын хоёр дахь өдөр БХЯ-ын Төрийн нарын бичгийн дарга хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, АУГ-ын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нар оролцсон юм. Сургалтад хамрагдсан соёл хүмүүжлийн офицеруудад  “Зэвсэгт хүчний сэтгэл зүйн хангалт, иргэн-цэргийн харилцааны өнөөгийн байдал, зорилго зорилт, хэтийн төлөв, цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ” сэдвээр  ИЦХХ-ийн дарга хурандаа Б.Отгонбаяр,  “Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлийн мөн чанар, ач холбогдол, арга зүй” сэдвээр доктор, профессор Г.Мягмаржав, “Хүний хөгжлийн зарим асуудлууд” сэдвээр бэлтгэл хурандаа А.Гэлэгжамц, “Сонин хэвлэлийн ач холбогдол, анги байгууллагын сонин гаргахад анхаарах асуудлууд” сэдвээр Соёмбо сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж,   БХИС-ийн ЦХС-ийн “Соёлын ажилтан бэлтгэж байсан туршлага, сургамж”  сэдвээр бэлтгэл хурандаа Ц.Энхбаатар, “Ангийн түүх, түүхчилсэн лавлагаа бичих, баяжилт хийх, түүхэн эх сурвалжуудын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах арга зүйн зарим асуудал” сэдвээр Батлан хамгаалахын төв архивийн мэргэжилтэн, дэд хурандаа Г.Сарантулга, “Цэргийн сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах зааврын агуулга, мөн чанар, хэрэгжилтийг зохион байгуулахад тавигдах шаардлага” сэдвээр ИЦХХ-ийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т.Мөнхсаруул, “Иргэн-цэргийн харилцааны тухай ойлголт, гадаадын улс орнуудын иргэн-цэргийн харилцааны туршлага, сургамж” сэдвээр ИЦХХ-ийн мэргэжилтэн, хошууч Ү.Хүрлээ,  “Соёлын төвийн үйл ажиллагааны онцлог, урлаг, соёлын арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах арга зүй” сэдвээр ЦДБЭЧ-ын уран сайхны зөвлөлийн дарга, хошууч  Р.Өнөржаргал,  “Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад зохион явуулж байгаа соёл хүмүүжлийн ажил, соёл хүмүүжлийн ажилтан бэлтгэж байгаа өнөөгийн байдал,  мэргэжлийн сэтгэл судлаачдын ёс зүй, практик хэрэглээ”  сэдвээр сэтгэл судлаач, багш Б.Золзаяа, гадаадын зарим улс орны мэргэжлийн соёлын ажилтанг хэрхэн  бэлддэг талаар БХЭШХ-ын мэргэжилтэн, дэслэгч Очирсүрэн нар өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ сонордуулсан юм. Үүний дараагаар сургалтад хамрагдаж байгаа соёл хүмүүжлийн офицерууд гурван бүлэгт хуваагдан дээрх илтгэлүүдийн талаар санал солилцож хэлэлцүүлэг хийв.

ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ээс уламжлал болгон анги байгууллагын соёл хүмүүжлийн ажилтнуудын дунд явуулдаг  энэ удаагийн сургалтад   ахмадуудаа урьж тэдний ажлын туршлага, санал зөвлөмжийг сонссон нь сургалтын нэг онцлог зүйл болсон юм.

АХМАДУУДЫНХАА АЖЛЫН АРГА БАРИЛ ТУРШЛАГА, СУРГАМЖААС СУРАЛЦЛАА

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Соёл хүмүүжлийн офицер, ахмад У.ОЮУНЧИМЭГ

Алслагдсан анги, салбарт соёл хүмүүжлийн ажил хэрхэн явагддаг талаар сонирхвол?

      -Анги, салбар бие бүрэлдэхүүнтэй явуулах соёл хүмүүжил сэтгэл зүйн хангалтын ажлыг сургуулийн жилийн зорилго, зорилтууд, жилийн төлөвлөгөөгөө үндэслэн  сар, долоо хоногоор төлөвлөн зохион байгуулж явуулдаг. Үр дүнтэй ажил,  арга хэмжээ зохион явуулахад байнга хүнтэй ажилладаг соёл хүмүүжлийн ажилтнуудын хувьд хөгжих, шинэ мэдээ мэдээллээр баяжиж байх, цаг үеэ сайн мэдрэх, ур чадвараа өсгөн нэмэгдүүлэх олон зорилт шаардлагууд ажил алба, амьдралаас урган гарч байдаг. Анги, салбар, албан тушаалтнуудын ололт амжилтыг жижиг гэлтгүй сурталчилах, алдаа дутагдлыг засч залруулахад чиглүүлэн явуулж буй арга хэмжээнүүд нь байгууллагын хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. 

Соёл хүмүүжлийн ажлыг зохион явуулахад хүндрэлтэй тал юу байна вэ?

     -Соёл хүмүүжлийн албан тушаалтнуудын 90 хувь нь мэргэжлийн офицеруудаар  нөхөн хангагдсан, залуучуудын ур чадвар, ажлын арга барил өсөн нэмэгдэж, ажлын үр дүн ч сайн байгаа. Мөн “Баруун бүсийн сургалтын төв” төслийн хүрээнд шинээр баригдсан “Соёл, спортын төв” болон анги дотоод нөөц бололцоогоо ашиглан биеийн тамирын заалны хуучин барилгыг их засвар хийн шинээр тохижуулж 180 хүний суудал бүхий “Сургалт мэдээллийн төв” болгон ашиглалтад оруулсан нь бүхий л төрлийн сургалт, уралдаан тэмцээн зохион явуулах нөхцлийг бүрэн хангасан томоохон бүтээн байгуулалт болсон нь бидний хувьд олзуурхууштай. Мэдээж, ажил явуулж байхад дутагдалтай зүйл гарах нь тодорхой. Үүний нэг жишээ бол цаг улирлын нөхцөл харагалзахгүй ашигладдаг зориулалтын техник хэрэгсэл дутмаг байдаг.

Зэвсэгт хүчний соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжлийн арга зүйн энэ удаагийн цугларалтын талаар...?

     -Энэ удаагийн цугларалт зөвхөн мэргэжлийн арга зүйн түвшинд явагдаад зогсохгүй Зэвсэгт хүчинд он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн эрдэмтэн багш, ахмадуудынхаа ажлын арга барил, туршлага, сургамжаас сонсож тэднээс баггүй зүйлийг сонсож, суралцлаа. Энэхүү сургалтыг үр дүнтэй шинэлэг хэлбэрээр зохион явуулсан ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн удирдлага, мэрэгжилтэн та бүхэндээ  ажлын өндөр амжилт хүсье.

 

МЭРГЭШИХЭД ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн соёл хүмүүжлийн офицер, ахмад Д.Хадхүү

Соёл гэгээрлийн техник хэрэгслийн хангалт болон тэдгээрийг засварлан ашиглах боломж хэр байдаг вэ?

      -Соёл хүмүүжлийн ажлыг ангийн хэмжээнд зохион явуулахад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал одоогоор байхгүй. Техник хэрэгсэл эвдэрч муудах нь зайлшгүй. Тэдгээрийн засвар үйлчилгээг цаг алдалгүй хийхийн тулд бидний хувьд мэдлэг дутах үе бий. Тийм учраас техник хэрэгслийг ашиглах болон засварлах богино хугацааны нэгдсэн сургалтыг явуулбал үр дүнгээ өгөх нь ойлгомжтой.

Бусад анги байгууллагын соёл хүмүүжлийн офицеруудтай мэргэжлийн талаас хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?

     -2009 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн сургалт байлдааны мотобуудлагын батальоны соёл хүмүүжлийн зааварлагчаар томилогдон 2012 оноос хорооны соёл хүмүүжлийн даргаар ажиллаж байна. Соёл хүмүүжлийн офицерууд, сэтгэл зүйч нарын  мэргэжилдээ мэргэшихэд харилцан ажиллагаа маш чухал гэж боддог. Анги, байгууллагын соёл хүмүүжлийн офицеруудтай харилцан туршлага солилцож ажил үүргээ явуулж ирсэн.

Соёл хүмүүжлийн чиглэлээр аймаг орон нутгийн удирдлага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг вэ?

     -Ангийн удирдлага, хамт олон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон бусад байгууллагатайгаа нягт хамтран ажилладаг. Үүний нэг жишээ хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит шагай харвааны тэмцээнийг  аймгийн 18 аж ахуйн нэгж байгууллагын дунд зохион явуулсан нь орон нутагтаа анги маань хэрхэн нэр хүндтэйг илтгэх байх. Сургалт семинарын чиглэлээр энгийн ажилтан албан хаагчиддаа хууль  эрх зүйн мэдлэг олгох зорилгоор орон нутгийн мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалтыг нэлээдгүй явуулсан. Цаашид ч батлагдсан төлөвлөгөөний дагуу олон арга хэмжээ, сургалтыг зохион явуулна.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх соёл хүмүүжлийн офицер, сэтгэл зүйч нарын үүрэг оролцооны талаар ямар бодолтой явдаг вэ?

      -Энхийг дэмжих ажиллагаанд соёл хүмүүжил, сэтгэл зүйн албан тушаалд томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч тэр болгон мэргэжлийн бус тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байгаагүй хүн зарим тохиолдолд томилогдон үүрэг гүйцэтгэдэг. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчийн сэтгэл зүйг тогтвортой байлгах нь маш чухал тиймээс соёл хүмүүжил, сэтгэл зүйн талын мэдлэгтэй хүнийг илүү их хамруулж мэргэшүүлэх хэрэгтэй гэж боддог.

Энэ удаагийн мэргэжил, арга зүйн сургалтын талаар...

      -Хориглох байлдааны үед мотобуудлагын хорооны сэтгэл зүйн хангалтыг зохион явуулах штабын нэгдсэн дадлагыг зохион байгуулах /ерөнхий цагийн байдал, хэсэгчилсэн цагийн байдал,тактикийн даалгавар, захирамж танилцуулах/гэх мэт үр өгөөжтэй сэдвүүдээр хэлэлцсэн сургалт боллоо. Цаашид энэ сургалт, улам өргөжин тэлж үр дүн  нь бодитоор гарна гэдэгт итгэлтэй байна.

ГАРЫН АВЛАГА, НОМ ТОВХИМОЛ ГАРГАХ НЬ НЭН ТЭРГҮҮНД ШААРДЛАГАТАЙ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн соёл хүмүүжлийн офицер, хошууч М.Ганбат

Соёл хүмүүжлийн офицер болон сэтгэл зүйч нарын мэргэжлийг дээшлүүлэх гарын авлага хэр их байдаг вэ?

     -Ном товхимол нэлээдгүй байдаг. Гэхдээ энгийн сэтгэл зүйч, цэргийн сэтгэл зүйч нарын мэргэжлийн ялгаа, онцлог эрс өөр юм. Тиймээс ахмадууд болон соёл хүмүүжлийн офицер, сэтгэл зүйч нарын туршлагаар гарын авлага, ном товхимол гаргах нь нэн тэргүүнд шаардлагатай нь  ажиглагддаг.

Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар шинээр батлагдсан. Энэ талаар ямар ойлголттой байна вэ?

     -ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ээс зохион явуулсан “Зэвсэгт хүчний анги, байгууллагын сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах арга зүйн асуудал” сэдэвт Зэвсэгт хүчний соёл хүмүүжлийн офицеруудын мэргэжил арга зүйн хоёр хоногийн сургалтад хамрагдсанаараа ойлгож авлаа. Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар төлөвлөгөөтэй уялдуулж ямар арга хэмжээ авах, тайван болон байлдааны цагт ямар үүрэгтэй вэ, шалгаж, үнэлэх заавар гэдгийг нэгтгэн нэг болгож өгсөн. Үүнийг анги байгууллагад өгсөн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах вэ гэдгийг илүү ойлгомжтой болгож өгсөн.

Хамт олныг нөхөрсөг харилцаанд нэгтгэх, цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг тогтвортой байлгах талаар ямар ажлыг авч хэрэгжүүлж байна?

    -Ангийн бие бүрэлдэхүүнийг хамарсан тэмцээн уралдааныг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион явуулдаг. Ингэснээр цэргийн алба хаагчдын хоорондын нөхөрсөг харилцаа, харилцан уялдаатай ажлыг явуулах, цаашлаад цэргийн алба хаагчдын ёс зүй, төлөвшилтөд эергээр нөлөөлдөг. Тиймээс соёл хүмүүжлийн офицер хүн цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэлийг тогтвортой барихын тулд олон ажлыг  шинээр санаачлахын ач холбогдлын талаар сургалтанд суусан нөхөдтөйгөө санал солилцож байлаа.

Хоёр хоногийн хугацаатай явагдсан энэ сургалтын талаар ямар бодолтой байна вэ?

     -Сургалт үр дүнтэй боллоо гэж мэргэжил нэгт нөхөд маань нэгэн дуугаар хэлж байгаа. Хугацааны хувьд богино санагдсан. Энэ сургалтыг 14 хоногийн хугацаатай явуулж бусад анги, байгууллагын байрлалд очиж соёл хүмүүжлийн офицер ажил үүргээ хэрхэн явуулдаг, туршлага сургамжийг нүдээр харж харилцан туршлага солилцох  юм бол илүү үр дүнтэй болох байх.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226