“МАНАЙ ДЭЛХИЙ ҮНЭХЭЭР ҮЗЭМЖТЭЙ ГОЁ, ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЖИЖИГХЭН ШҮҮ! ХАЙРЛААРАЙ, ХАМГААЛААРАЙ” БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
Өдгөөгөөс 35 жилийн тэртээ Монгол даяар бөөн баяр хөөр болж байлаа. 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконураас “Союз-39” хөлөг амжилттай хөөрч, монгол малчны хүү Ж.Гүррагчаа анх сансарт ниссэн учраас арга ч үгүй. Тэрээр сансарт ниссэн Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.
Ж.Гүррагчаа ЗХУ-ын хашир туршлагатай сансрын нисэгч В.Жанибековын удирдлага дор дэлхийн агаар мандлаас гаран В.Ковалёнокийн ахалсан “Салют-6-Т-4” станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг, 42 минут ажиллахдаа дэлхийн бөмбөрцгийг 125 удаа тойрчээ. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн гишүүд үүрэгт ажлаа төлөвлөгөөний дагуу амжилттай гүйцэтгээд 1981 оны гуравдугаар сарын 30-ны 11:40 цагт эх дэлхийдээ эсэн мэнд газардсан билээ.
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Ж.Гүррагчаа нь 1978 оноос эхлэн ЗХУ-ын Ю.Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлжээ. Тэрээр сансарт ниссэнийхээ дараа 34 насандаа ЗХУ болон БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан бөгөөд одоо хошууч генерал цолтой юм.
Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Цэнхэр гарагаас монгол орноо бүтнээр нь харлаа. Сайхан байна. Миний бие маш сайн байна. Үүргээ амжилттай гүйцэтгээд эх сайхан Монгол орондоо эсэн мэнд харих болно. Та бүхэн минь сайн сууцгааж байгаарай” гэсэн гайхалтай үгсээр монголчууддаа мэндийн цэнхэр хадаг барьсан нь олон жил улиравч үл мартагдах гайхамшигтай түүх болон мөнхөрчээ.
Олон газар орноор яваад ирэхээр байгаль эхээ улам их хайрладаг
Монгол орныг хилийн шугамын дагуу тойрон аялахаар залуу аялагч, спортын мастер М.Дархижав Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас “Хүүгийн нүүдэл” тойрон аяллаа энэ сарын 21- нд эхлүүлсэн юм.

Аяллын гол зорилго?
-Монгол орон минь үнэхээр нүд алдам үзэсгэлэнт газар ихтэй. Эх орныхоо үзэсгэлэнт тогтцыг гэрэл зургийн хальсанд үлдээж цомог гарган өсвөр үе, оюутан залуучуудад танилцуулга хийж, эх орноороо бахархах, газар нутгаа хайрлан хамгаалах зорилготой.
Таны аяллын цүнх аваад гарахад байнгын бэлэн байдаг биз?
-Байнгын бэлэн байдаг. Гэхдээ аяллын маршрут болон хугацаанаас хамаарч энэ цүнхэн доторх аяганаас бусад нь солигддог. Хөдөө хээр аягагүй бол амгүйтэй адил шүү. Энэ удаагийн аялал маань 10000 км-ыг 123 хоногийн хугацаанд туулах болохоор шаардлагатай зүйлсээ хангалттай базаасан. Энэ хугацаанд авто машин, дугуй, мотоцикл, завь зэрэг тээврийн хэрэгслээс гадна морь, тэмээ хөлөглөн аялах юм.
Та хэзээнээс эхлэн аялах хоббитой болсон бэ?
-Би аяллын спортоор 7 дахь жилдээ хичээллэж байна. Өмнө нь хэд хэдэн газраар аялж байсан. Хөдөө хээр аялж явахад ус олох, мөр шинжих, ой модонд яаж хонох гэх мэт олон зүйлд суралцаж явна. Энэ бүхнээс л сэтгэлийн таашаал авч, зав гарах бүрд л нэг шинэ газар очиж үзэхийг боддог.
Аяны дөрөө нийлсэн хүмүүстэй аялах сайхан байх. Аяллын хамтрагчдаа хэрхэн сонгодог вэ?
-Сайхан байлгүй яахав. Аяллаар явахдаа санаа нийлсэн, зан зангаа мэддэг хүмүүстэй явбал хол замд сэтгэл амар шүү. Ядаж л асуудал тулгарвал шийдлийг хялбархан олдог. Замд явж байхад зөндөө л ан амьтан тааралддаг ч зөвхөн харж кайф авна. Зарим хүмүүс улайрч агнах гээд байдаг нь харамсалтай. Ер нь аялагч хүн олзонд “нүд аньж” сурах хэрэгтэй. Олон газар орноор яваад ирэхээр байгаль эхээ улам их хайрладаг болчихдог юм даа. Нэг ч гэсэн хог хаяхгүй явахыг боддог.
Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Аялал, амралт зугаалгын цаг хаяанд иржээ. Бэлтгэлээ базааж аваад аль болох хөдөө, хээр аял, зугаал. Одоо зам мэдэхгүй гэх юмгүй Garmin GPS байхад тухайн газраа ямар ч байсан олоод л очно. Байгаль гэдэг хүнийг өөрөө өөртэйгээ ярих боломж олгож, тайвшруулдаг. Хотод уурлаж, бухимдаж байсан хүн цэлийсэн сайхан зам харахаараа шал өөр болоод уур бухимдал нь алга болчихсон явж байдаг.