Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, чөлөөнд байгаа хурандаа Ж.Ядмаа “Төр түмнийхээ хайр ивээлээр” номондоо ... “Эх орны манаа” сонины босгоор 1945 оны намар алхсан юм. Сонин мэддэг, сүрхий сайн бичдэг гэж намайг энэ албанд томилсонгүй, ганц нэг жил багш хийж байсан болохоор үг, үсгийн алдааг ч болсон харахсан болов уу гэж найдсан байх гэж одоо хэр боддог юм. Ийнхүү гурван жил сонин гэдэг “хатуухан боорцог” хэмлэж, 1950 онд сонины удирдах ажилтан О.Пунцаг, Д.Шагдарсүрэн, З.Цэдэн нарын хамт сонин хэвлэлийн талаар номын дуу сонсохоор Москва явж, нүд тайлна гэгч болоод ирэхэд намайг Цэргийн яамны “Улаан-Од” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилжээ” гэж дурссан байдаг. Улмаар 1959 онд тус сонины эрхлэгчээр, 1978 он хүртэл тасралтгүй 20 гаруй жил ажилласан буурал хурандаад “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан төрөлх нутаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын удирдлага гэрт нь ирж хүндэтгэл үзүүлсэн юм. Тухайлбал, тус сумын Иргэдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг дарга Ш.Энхбат, Засаг даргын орлогч Ц.Галбадрах, Тамгын газрын дарга П.Чулуунбат нар ойн баярын өмнөх өдөр хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ ирэх 7 дугаар сард тэмдэглэх сумынхаа 90 жилийн ойн тухай энгүүн сайхан яриа өрнүүлж, хүү Я.Эрдэнээ болон төрөл төрөгсдийг нь түүхт ойдоо урьж байлаа.
ХТАЗ, чөлөөнд байгаа хурандаа Ж.Ядмаа 1920 оны 9 дүгээр сарын 19-нд Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутагт төрж, эдүгээ нас сүүдэр 96-тай зэрэгцжээ. Арми, Зэвсэгт хүчиндээ нэр хүндтэй хурандааг төрүүлсэн Архангай аймгийн Цэцэрлэг сум 1929 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр Чулуут, Туулант, Хонгорж, Ихбулаг, Хужирт гэсэн таван багийн 1057 өрхөд 3856 хүн амьдардаг ажгуу. Улаанбаатар хотоос 532 км, Архангай аймгийн төвөөс 212 км, Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Рашаант, Булган аймгийн Баян-Агт сумтай хил залган оршдог манай улсын томоохон сумдын нэг юм. Тус сум сэтгэл мэдрэл, дотор, үе мөчний өвчнийг анагаах чадалтай “Мухар хужирт”, “Хануй”, “Цагаан толгой” зэрэг нэрд гарсан рашаануудтайн зэрэгцээ Монгол Улсын сансрын нисэгч М.Ганзориг, хошууч генерал Б.Цийрэгзэн, МСНЭ-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга асан, сэтгүүлч Я.Сумъяа нарын олон алдартнуудаараа бахархдаг аж.
