• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭЛДЭВТЭЙ ЭР
Нийтэлсэн: 2016-03-25 17:27:21
Үзсэн: 34

ЭЛДЭВТЭЙ ЭР
Нийтэлсэн: 2016-03-25 17:27:21 Үзсэн: 34



     1991 оны хавар, Таван толгойн толгодын дунд марш тактикийн тэмцээн ид явагдаж байхад Б.Отгонбаяртай танилцсан санагдана. Мань эр салааны захирагчийн төрөлд торолгүй мөнгөн медаль авчихсан юм даг. Тэгтэл тэр нь тохиолдлынх биш байжээ. Үе тэнгийн офицеруудынхаа айргийн тавд баттай бичигдсэн тамирчин байв. Б.Отгонбаяр марш тактикийн тэмцээнээс миний мэдэхийн л гурван мөнгө, нэг хүрэл медаль авсан даа. Цэргийнхний мэргэжлийн энэ тэмцээнд хүссэн бүхэн медаль хүртээд байдаггүй “бага олимп” шүү дээ. Цэргийн шинэчлэл ид явагдаж, монгол цэргийн нэр сүр дэлхийд танигдаж эхлэхийн гараанд нэгэн том тэмцээн явагдсан нь “Супер офицер” шалгаруулах цэргийн мэргэжлийн тэмцээн байлаа. Анхны тэмцээнд тухайн үеийн аргагүй л шилдэг залуу офицерууд шандсаа шалгасан даа. Б.Отгонбаяр супер офицер шалгаруулах анхны тэмцээнд 5 дугаар байрт шалгарч, айргийн тавд багтдаг офицер гэдгээ мэдрүүлсэн.

     1996 онд цэргийн дууны уралдаан зарлагдаж, нэртэй уран бүтээлчид олноороо оролцож хэдэн сайхан дуу шинээр төрсөн. Энэ уралдаанд Б.Отгонбаярын үгийг нь бичиж, А.Цоодол ая данг нь тааруулсан “Цэрэг эрс” дуу хоёрдугаар байрт шалгарч билээ. Цэргийн жагсаалд алба хаадаг уран бүтээлч цөөхөн, тэдний тоог мань эр нэгээр нэмэгдүүлсэн хүн. БХУА-д сурч байхад нь хэд хэд таарсан, төгсөөд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид захирагчийн орлогчоор томилогдоод явсан. Хашир хүн гэж өөр л дөө, марш тактикийн тэмцээнд салаа бэлтгэн оролцуулж мөнгөн медаль хүртсэн нь алдарт Ховдын хорооны амжилтыг арван жилийн дараа давтсан үйл явдал байлаа. Б.Отгонбаяр таг чиг болдоггүй нөхөр, уулзалт үдэшлэг хөтөлж, сонин хэвлэлд материал бичнэ. Хэдийдээ амжуулдаг юм гэмээр хөдөлгөөнтэйг нь одоо цэргийнхэн мэддэг болжээ. Тэр жил Монголын сэтгүүлчдийн холбооны их хуралд сууж байтал Б.Отгонбаяр “Ган үзэгтэн” цол тэмдгээр шагнууллаа. Түүний бичсэн сурвалжлага, тэмдэглэл үнэхээр мэргэжлийн түвшинд хүрснийг би тэгэхэд л анзаарч билээ.

      Бичсэн шүлэг, дууны үг барьсаар сонины редакциар ирэх нь олшров. Энэ нь уран бүтээлч хүний зам мөр л дөө. Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар Ховдоос ярьж байна. “Танай цэргийнхэн лут авьяастай юмаа. Аймгийн Хөгжимт драмын театр гурван өдөр үзэгчдээр дүүрэн байлаа. “Сэтгэлээс урсах миний дуунууд” тайлан тоглолт надад их урам өглөө. Би таньдаггүй байсан юм, одоо дэд хурандаа, яруу найрагч Б.Отгонбаяртай найз болсон шүү” гэж байна. Бие даасан тайлан тоглолт хийх хэмжээнд хүрнэ гэдэг уран бүтээлдээ өсөж дэвжиж байгаагийн, бас их хөдөлмөрлөсний гэрч юм. Уг тоглолтыг Б.Отгонбаяр ээжийнхээ төрсөн нутаг Увс аймгийн Наранбулаг суманд мөн хийсэн гэж сонссон шүү. Хөгжмийн зохиолч, удирдаач, хурандаа Т.Мөнхтунгалагтай хамтран “Бидний дуунууд” тайлан тоглолт хийсэн гэж байгаа. Тэгтэл тун саяхан надад урилга өглөө. “Тангараг өргөсөн гучин жил, танд өргөх миний дуунууд” нэртэйгээр уран бүтээлийн тайлан тоглолтоо Бөхийн өргөөнд хийх гэж байгаа аж. Жил дараалан уран бүтээлийн тайлан тоглолт хийнэ гэдэг жинтэй найрагчийн жавхаатай үйлс мөн билээ. Түүний тайлан тоглолтод ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, ардын жүжигчин Б.Зангад, Ө.Баярмагнай, Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, Ж.Одмаа, Г.Батбаяр, Д.Батсүх нарын шилдэг уран бүтээлчид оролцож байгаа нь уран бүтээлийнх нь царааг илтгэнэ.

      Дэд хурандаа Б.Отгонбаяр Ирак, Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхдээ “Бид нэг багийнхан”, “Энхийн үйлст зүтгэсэн 181 хоног” гэсэн хоёр ном бичиж хэвлүүлсэн байдаг. Тэрбээр 123 дугаар ангид захирагчийн орлогчоор хоёр удаа томилогдон арван жил ажиллаж, дийлэнх уран бүтээлээ бичсэн учраас хүмүүс түүнийг Ховдынх гэж боддог юм билээ. Б.Отгонбаярын аав Завхан аймгийн Ургамал сумынх бөгөөд алаг адуут овгийнх. Б.Отгонбаяр нийслэлд төрсөн. Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол надад нэг удаа “Танай тэр жижигхэн бор офицер элдэвтэй эр байдаг шүү. Цэргийн хүн тайлан хийнэ гэхээр нь би зориуд очиж үзсэн юм. Ер нь юм юмтай залуус л цэрэгт амаргүй алба хашдаг байх. Тэр ч мөлжүүртэй, элдэвтэй эр” гэж Б.Отгонбаярыг хэлж байсан юм. Уран бүтээлчийн бэлэг дэмбэрэлийг бодож ардын уран зохиолчийн хэлснээр энэ багахан тэмдэглэлийг “Элдэвтэй эр” гэж нэрлэсэн юм.

Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226