Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч, хурандаа С.БОЛДБААТАР
Та ямар улиралд төрсөн бэ?
-Хаврын адаг сар буюу зуны уур орох үеэр мэндэлсэн.
Таны хүндэлдэг хүн...
-Төрүүлж, өсгөсөн аав ээж, элгэндээ тэвэрч хүмүүжүүлсэн эмээ, “А” үсэг заасан багш, цэргийн эрдэмд сургасан эрдэмтэн багш, үе үеийн дарга, захирагч нар минь юм даа.
Бахархал...
-Бахархал гэдэг хүний хөгжин дэвших цаг үетэй салшгүй холбоотой байдаг болов уу. Анх цагаан толгойн 35 үсгээ нүдлэчихээд үсэглэлийн баяраараа уншиж сурснаараа бахархаж байлаа. Харин хожим ангийн захирагч болоод медалийн тавцанд зогсох үед хөлсөө урсгаж, хүчээ шавхан уралдсан баг тамирчид, хамт олон, хийморлог олон эрчүүдтэй элитийн батальоноороо бахархах сэтгэл төрдөг.
Шүтлэг…
-Ер нь л шүтлэгтэй, шүтлэгийн минь цар хүрээ өсөөд хамт олныхоо сайн сайхны төлөө залбирдаг болоод байгаа.
Таны шүтдэг хүн…
-Бурхан багш шиг шүтээд байдаггүй ч хүндэтгэж явдаг хүн олон бий. Тэд туулж өнгөрүүлсэн амьдралын минь түүхийн салшгүй хэсэг.
Эх орон гэж юу вэ?
-Өвөг дээдсийн минь цусаа урсган байж бидэнд өвлүүлсэн газар шороо, тусгаар тогтнол, эрх чөлөө.
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
-Мөн чанар нь гэрэлтсэн, өнгөгүй тунгалаг.
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
-Аль, аль нь шударга байгаарай.
Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг. Хүний оюун ухаан биегүй л болохоос мөнх байж, үр хүүхдээ харж, хамгаалж байдаг байх гэж санагдах үе байдаг.
Дуртай хоол?
-Банштай будаатай цайнд нугасгүй. Сайхан өрөмтэй бол бүр янзтай.
Дуртай дуу?
-“Эх орондоо аяыг нь сонсож, гадаадад үгийнх нь утгыг ойлгож дууг сонсдог” гэсэн үг байдаг. Иймээс сэтгэлд шингэсэн дуу бүхэн сайхан.
Дуртай спорт?
-Цэргийн 3 төрөлт. Ер нь цэрэгжилийн спорт болгон цэргийн мэргэжлийн онцлогтой тохирсон болохоор сайхан. Чөлөөт цагаараа гар бөмбөг тоглох дуртай.
Үзэн яддаг зүйл?
-Сөрөг үр дагавартай хов жив ярих дуртай хүмүүсийг таашаадаггүй. Хүнийг хэн нэгний үгээр биш өөрөө харьцаж байж дүгнэх зарчмыг баримталж ажилладаг. Хүнд алдаагаа засах боломжийг олгох хэрэгтэй.
Хэлэх дуртай үг?
-“Хэрвээ чи сэтгэлийнхээ гүн рүү өнгийж харвал тэнд гайхамшигт нэгэн баатар бий, тэр бол чиний өөртөө итгэх итгэл” гэдэг үгийг онцолдог.
Таны хобби?
-Хүүхэд ахуйдаа марк цуглуулдаг байлаа. Харин одоо дурсгалын зоос цуглуулдаг болсон.
Мөрөөдөл...
-Эх орон минь баян, хүчирхэг байж, “Би Монгол Улсын иргэн” гэж миний үр хүүхдүүд нүүр бардам, ирээдүйдээ итгэлтэй амьдрах үе удахгүй гэж мөрөөддөг.
Та хэр өр нимгэн хүн бэ?
-Өрөвч талдаа. Сэтгэл хөдөлгөсөн кино үзээд нулимс унагах тал ч бий. Иракт үүрэг гүйцэтгэж байхдаа гэрийнхнийхээ илгээсэн видео мэндчилгээг хүлээж аваад хүүхдүүдийнхээ “Ааваа би таныг санаад байна” гээд уйлахыг үзэх болгондоо л нулимс гаргадаг байсан.
Баярлалаа гэдэг үгийг Та хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?
-Хэлэх дуртай үгийн нэг, болж л өгвөл хэлэхийг хичээдэг.
Бухимдсан үедээ…
-Яарч хатуу шийдвэр гаргасан тохиолдол байдаг. Гэхдээ тайвшраад аль болох хоёр талаас нь эргэцүүлж хараад зөв шийдвэр гаргахыг хичээдэг.
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?
-Эрээнтэй, бараантай хорвоо гэж ойлгодог. Алийг сонгох нь хувь хүний сонголт. Үүндээ тохирсон хариуг л бид хүртдэг.
Сүүлчийн асуултыг Танд үлдээе…
-Би эх орныхоо ирээдүйд тэр тусмаа Зэвсэгт хүчнийхээ хөгжилд итгэлтэй байна. Хүмүүс эдийн засгийн хямрал, санхүүгийн хямрал тэр дундаа засаглалын хямрал гээд төрд итгэх итгэл нь алдарч байх шиг байна. Залуусаа хөгжлийн үзүүрт гэрэл биш прожектор байна. Баталгаатай, ирээдүйтэй албандаа үнэнчээр тэвчээртэй хөдөлмөрлөөрэй гэж уриалах байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
Ахлах дэслэгч Д.МЭНДБАЯР