• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГЫН ЦЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ СҮНДЭРЛЭСЭЭР...
Нийтэлсэн: 2014-12-19 09:08:31
Үзсэн: 54

БАРИЛГЫН ЦЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ СҮНДЭРЛЭСЭЭР...
Нийтэлсэн: 2014-12-19 09:08:31 Үзсэн: 54



Завхан аймгийн Улиастай хотод баригдсан Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн албан тушаалын орон сууцны нээлтэд оролцохоор явах замдаа Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиар орж сурвалжилсан юм. Тус анги Зэвсэгт хүчний өмнө хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэхийн сацуу Зэвсэгт хүчин болоод орон нутгийн их бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна. 2010 онд байгуулагдсан ч хийж гүйцэтгэсэн ажлаараа хэдийн аймагтаа тэргүүн байрт жагсах болжээ. Барилга угсралт, засвар, замын ажлын технологийг өндөр түвшинд чанартай хийж  гүйцэтгэх үүрэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулж буй тус ангийн бүтээн байгуулалтын ажлаас дурдвал...

   2013 онд ангийн 15 автомашины граж бүхий зоорийн давхартай, 40 айлын албан тушаалын орон сууц, Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад “Шинэ сум” төслийн барилга үйлдвэрлэлийн ажлыг 2 офицер, 8 ахлагч, 30 хугацаат цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэжээ. Тус төслийн хүрээнд замын суурь тэгшлэх, 4800 ширхэг бетон боржуур, авто замын хашлагын 2731, явган зорчигчийн хашлагын 1956 ширхэг боржуурыг тус тус цутгаж, суулгажээ. Мөн сумын цахилгаан станцын байгууламжийн дотор заслыг хийж гүйцэтгэснээс гадна сумын төвийн дулааны болон цэвэр усны 720 метр шугам, барилга байгууламжуудыг үер усны урсгалын аюулаас хамгаалах 1-2 метр өндөр 1480 метр урт  шороон болон цутгамал бетон, өнгөт чулуун чимэглэл бүхий даланг байгуулах зэрэг ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

   Энэ жил аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын өргөтгөл, их засвар, “Ламын гэгээн”-ий 375 жилийн ойн ажлын хүрээнд “Эрдэнэмандал” хайрханы иж бүрэн тохижилт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн соёл, спортын төвийн барилга зэрэг олон бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэжээ. Мөн бие бүрэлдэхүүнийг тав тухтай орчинд алба хаалгах зорилгоор ангийн барилга байгууламжуудыг сэргээн засварлаж, ногоон байгууламжуудыг ихээр шийдэж өгсөн нь харагдаж байв.

   Улс орны хөгжилтэй уялдаад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь Зэвсэгт хүчний барилгын салбарт ч нөлөөлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус ангид барилгын чиглэлээр коллеж болон их, дээд сургууль төгссөн залуус олноор алба хааж боловсон хүчнийг зузаатгаж байгаа аж. Үүний нэгэн жишээ нь тус ангийн талбайн инженер, дэслэгч Т.Эрдэнэцогт юм.

  -Гэрээт цэргийн алба хаагчаар 2012 оны 12 дугаар сард тус ангид ирж, барилгачин цэрэг болж байлаа. Би өмнө нь ШУТИС-ийн харьяа Барилгын технологийн коллежид суралцаж төгссөн. Төгссөн даруйдаа барилгын хувийн компанид ажиллаж, ажлын дадлага туршлагатай болсон. Эрээн хувцас, цэнхэр дуулга өмссөн цэрэг эрсийг хараад тэд нар шиг болохыг хүсдэг байлаа. Тэгээд барилгачин цэрэг байж болдогийг мэдээд энэ ангид өөрийн хүсэлтээр ирж байсан. Дуртай мэргэжлээрээ ажиллахын сацуу цэрэг хүн байна гэдэг ховор завшаан. Энэ ангид ирснээсээ хойш Зэвсэгт хүчин болоод аймаг орон нутагтаа барилгын олон ажил хүлээлгэж өглөө. Улс орны хөгжилд инженерийн мэргэжил маш хэрэгтэй. Тэр дундаа энэ мэргэжлийнхээ үр шимийг батлан хамгаалах үйлст зориулж байгаагаар бахархдаг.

  Ангийн удирдлага залуу боловсон хүчнээ сургаж бэлтгэхэд онцгой анхаардаг. Саяхан гэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрагдаад ирлээ. Монгол орны өнцөг булан бүрээс олон аавын хүүхдүүдийг цуглуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцуулна гэдэг амаргүй. Ялангуяа, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний шаардлага учир тус сургалтад хамрагдсан. Цаашдаа Зэвсэгт хүчний хөгжлийг илтгэх олон бүтээн байгуулалтыг улс орондоо босгох болно хэмээн тэрээр ярилаа.

   Зэвсэгт хүчний барилга инженерийн ангиуд энэ мэт олон залуусаар эгнээгээ тэлж байгаа гэдгийг ангийн захирагч, хурандаа Ж.Баатарзориг хэлсэн юм. Дашрамд тус анги саяхан хийж бүтээж буй ажлаа үнэлүүлж, Монгол Улсын шилдэг 50 байгууллагын нэгээр тодорчээ.

   Харин Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн хувьд барилга инженерийн тусгай хороо байхаас эхлээд улс орны бүтээн байгуулалт, Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр нь яндашгүй их. Тэдний барьж босгосон 325 дугаар ангийн албан тушаалын 24 айлын канад технологийн орон сууц Зэвсэгт хүчний барилгын хөгжилд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болсон юм. 45-хан хүний бүрэлдэхүүнтэйгээр 7 сарын хугацаанд ийм тооны орон сууц босгоно гэдэг хувь хүнээс хэр их ачаалал шаардах нь ойлгомжтой. Тэр дундаа барилгын ажлыг бүхэлд нь хариуцан ажилласан 017 дугаар ангийн залуу инженер, дэслэгч Ц.Мижидсамданг дурдахгүй байхын аргагүй. Тэрээр Зэвсэгт хүчинд алба хаагаад удаагүй хэдий ч залуу хүмүүст итгэл хүлээлгэхэд хэрхэн үр дүн гаргадгийг харуулж чаджээ. “Барилга барина гэдэг амаргүй байх нь хэнд ч ойлгомжтой. Тэр дундаа нийслэлээс мянга гаруй км алслагдсан аймагт. Улаанбаатар хотоос барилгын материал, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж авчирах ажил цөөнгүй тохиолдоно. Зөвхөн энэ ажлыг амжуулахад замдаа явсаар долоо хоногийн хугацааг өнгөрүүлдэг байлаа. Барилгыг хүлээлгэж өгөх график хугацаа шахуу байсан болохоор манай залуус баяр наадмын үеэр ч амрахгүй ажилласныг энд тэмдэглэх хэрэгтэй. Зэвсэгт хүчинд жишиг болохуйц бүтээн байгуулалтыг бид хийж чадсан болохоор гар нийлэн ажилласан хамт олон, залуустаа талархаж байна. Цаашдаа үүн шиг олон орон сууцыг бид барихад бэлэн” хэмээн тэрээр өгүүлсэн юм.

   24 айлын орон сууцны нээлтийн ажиллагааны үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хэлэхдээ, дэслэгч Ц.Мижидсамдан тэргүүтэй барилгын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, ийм залуус олон байх тусам Зэвсэгт хүчин болоод Монгол Улсын хөгжлийг хурдасгана хэмээн дурдаж байсныг тэмдэглэхэд таатай байна.

Дэслэгч М.МӨНХЗОРИГ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226