
Эрхэм хүндэт Монгол Улсын Их хурлын дарга аа!
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа!
Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагчид аа!
Эрхэм хүндэт бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдаа!
Хүндэт зочид оо!
Эрхэм хүндэт иргэд ээ!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн дайчин цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Төрийнхөө сүлд, бэлгэ тэмдгийг сүслэн дээдэлдэг манай ард түмэн үндэснийхээ баяр наадмын өмнө Монгол Улсын Төрийн далбааны өдрийг Монгол хүн болж төрснөөрөө бахархан омогших Монгол бахархалын өдөр болгон долоо дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Манай улсын төрийн алтан соёмбот сүлд, эрдэнийн далбаа тэргүүтэн нь Монголын төрт ёсны нандин уламжлал, гүн утга санааг агуулан өнгөрсөн, өнөө, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ холбоонд мөнхөд мандан бадарч байхыг бэлгэддэг юм.
Ертөнцийн умард, өмнөд туйл, Гималайн оргил, сансрын уудам, НҮБ-ын ордон, олимп, тив дэлхийн урлаг, спортын дэвжээнээ Монголын Төрийн алтан соёмбот далбаа монгол хүний эрэлхэг зориг, тэсвэр хатуужил, авьяас билэг, бүтээл туурвилын баталгаа болон мандаж байдаг нь ард түмэн, төр, улсын маань үнэт бахархал болж байдаг билээ.
Батлан хамгаалах салбарынхан бид Үндэсний их баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг орчин үеийн нийгмийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, чадварлаг болгох, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар өнгөрсөн хугацаанд багагүй ажил амжуулсан ч цаашид хийх ажил түүнээс их байгааг манай салбарынхан төдийгүй ард иргэд маань сайн мэдэж байгаа. Батлан хамгаалах яам болоод үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах уламжлалт үүргээ нэр төртэй биелүүлж байна. Цаашдаа НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Улс орныг хамарсан их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, салбарыг оролцуулах, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэний цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд зарчмын өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлаар шинэчлэлийн шинжтэй бодлого дэвшүүлж, ажил хэрэг болгохоор хичээж ажиллаж байгааг онцлох учиртай. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг дэлхийд гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдахад таатай байна.
Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, өвөг дээдэс, ахмад үеийнхээ эрэлхэг дайчин уламжлалыг залгамжлан авч төр, түмэндээ хүндлэгдэн ирсэн Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал зэрэг байгууллагын алба хаагчид эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Та бүхэндээ Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадарч байх болтугай.
Ура, нөхдөө