Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 24 орны далбаа зэрэгцэн намирч, хэл соёл, зүс царай ондоо ч үйлс зорилго нэг, бие хаа тэгш, хийморь золбоотой 1200 дайчин эрсийн уухай 14 хоног нүргэлсээр өчигдөр өндөрлөлөө. 2003 оноос эхлэн зохион байгуулж ирсэн “Khaan Quest” нь өдгөө Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван том сургуулийн нэгэн болтлоо өргөжин тэлжээ.

“Khaan quest-2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын Монголын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагуудаас гадна Япон, Франц, БНСУ, АНУ, БНТУ, БНЧУ, БНЭУ зэрэг орны элчин сайд нар, олон улсын сургуульд оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид, цэргийн атташе нар оролцлоо.
Өнөөдөр НҮБ-аас дэлхийн 16 оронд энхийг дэмжих ажиллагаа зохион байгуулж, тэдгээрт дэлхийн янз бүрийн улс орны 98 000 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаагийн төлөөлөл болон Монгол оронд морилон ирсэн дайчдад хандан, Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий коамндлагч Ц.Элбэгдорж “Юуны өмнө дэлхий дахины энхийн үйлст нэгдэж, “Khaan Quest 2014” энхийг сахиулах олон улсын сургуульд цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнууд, түүнчлэн энх тайвны үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахаар манай сайхан оронд морилон саатсан эрхэм та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, эрхэм үйлст нь амжилт хүсье. Манай сайхан оронд морилон саатсан энхийн элч та бүхэн сургалт дадлагад хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ нүүдэлчин соёл иргэншлийн хосгүй өвийг өнөө хэр уламжлан хадгалж үлдсэн монгол туургатны зан заншил, түүх цадигтай танилцаж, амьдралдаа үүрд дурсагдах гэгээн бүхнийг сэтгэлдээ тээн, улс түмнүүдийн найрамдал нөхөрлөлийн гүүр, эрхэм дотно анд нөхөд болон ижилдсэн гэдэгт миний бие итгэж байна.
...Энхийг сахиулагчдад мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, тэсвэр хатуужлыг суулган өгч байдаг энэхүү ажиллагаа нь манай улсын төдийгүй дэлхийн улсуудын энхийг сахиулагчид халуун цэгт үүргээ амжилттай биелүүлэхэд нь нөлөөлж байдаг юм.Энхийг сахиулагчид цаг агаарын эрс тэс уур амьсгалд эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй орчинд үүрэг даалгавар биелүүлж, шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдгийг би мэднэ. Энэ бол хэн бүхний хийж чадах хялбар ажил бус гагцхүү цэрэг хүний хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр биеллээ олдог учраас би та бүхнийхээ үйл хэргийг дээдлэн байдаг” хэмээн хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлсэн юм
“Khaan Quest-2014" энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулилтад энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хоёр батальоны штаб, дөрвөн салаа, амьд гарах арга ухааны сургагч багшийн дамжаанд 20, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд 15, барилгын хамтарсан ажиллагаанд 50 цэргийн алба хаагч, салбар нэгжүүд оролцсон бөгөөд мөн Австрали, Бангладеш, Беларус, Канад, БНХАУ, БНЧУ, ХБНГУ, Унгар, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Балба, Пакистан, БНСУ, Сингапур, Тайланд, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Франц, АНУ-ын цэргийн баг, ажиглагч офицерууд оролцлоо.
Энэхүү олон улсын сургуулийг хамтран зохион байгуулсан, дадлага сургуулилтад хамтран туршлага солилцсон, зөвхөн цэргийн хэргийн мэдлэг туршлага, дадлага чадвар төдийгүй хүмүүнлэг, соёл урлаг, спортын үйл ажиллагаанд хамтран оролцож, өрсөлдөж дотноссон гадаадын оролцогчдыг төлөөлөн АНУ-ын 1 дүгээр корпусын командлагч, дэслэгч генерал Стифен Ланза “Бид өнгөрсөн хэд хоногийн хугацаанд хамтдаа сурч, бие биетэйгээ дотносч, урт удаан хугацаанд үргэлжлэх сайхан харилцаа тогтоолоо. Мөн энхийг сахиулахаас өгсүүлээд эмнэлгийн ажиллагаа хүртэлх өөр өөрсдийн онцлог бүхий ажиллагаа, ажил мэргэжил, дадлага туршлагаа солилцлоо.Дэлхийн халуун цэгүүд буюу дайсагнасан, тогтворгүй дайн байлдаантай газруудад очиж, аюулгүй, тогтвортой байдлыг бий болгож, хөгжил дэвшлийг авчрах мэргэжлийн цэргийг бэлтгэхэд “Khaan Quest” олон улсын цэргийн сургуулийн ач тус оршиж байна. Энэхүү ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын ихэнх нь удахгүй Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэхээр зорих гэж байгаа нь олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалахад энэхүү сургууль ямархан чухал үүрэг гүйцэтгэж байгаагийн тод жишээ болж байна” хэмээгээд энд жагссан цэрэг эрсээрээ бахархаж байгаагаа илэрхийлээд, өөрийн орондоо төдийгүй дэлхий дахинд мэргэжлийн ур чадвар, дайчин чанараа харуулж чадсан залуучуудаа дэлхийд шилдгийн тоонд орох олон улсын цэргийн сургуульд амжилттай оролцсоноо насан туршдаа санаж явах явахын ерөөл өргөлөө.
Олон орны цэрэг дайчид жагсаалын сүрт уухайгаар бие биедээ дахин хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулангаа бие биенээ андын ёсоор тэвэрч, багахан хугацаанд ижилдэн дассанаа мэдэрцгээж, ахин уулзахын учрал билэгдсэн үгс солилцож байлаа.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн чадварлаг шүхэрчид Монголын цэлмэг хөх тэнгэрт улс улсын далбааг мандуулсан нь удахгүй эх орноо зорих гадаадын цэргийнхний хувьд “Баяртай, “Khaan Quest. Баярлалаа, Монгол орон” хэмээх үгсийг өөр өөрийн хэлээр эрхгүй шивнэж, энэ жилийн олон улсын цэргийн хээрийн сургууль хаалтаа хийсний дохио байлаа.

Амьд гарах арга ухаанд суралцлаа
Энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын ур чадварыг дээшлүүлж, олон үндэстний цэргийн албан хаагчид төрөл бүрийн зэвсгийн систем, тактиктай танилцуулдаг Команд штабын сургуульд нийт 13 улсын 150 гаруй хүн оролцсон нь өмнөх жилүүдийнхээс олон хүн оролцсон, өргөн хүрээнд зохион байгуулагдсан явдал байлаа. Харин хээрийн дадлага сургуулийг Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Афганистан дахь эвслийн цэргийн ажиллагааны цагийн байдалд ойртуулсан нөхцөлд оролцогч салаадын тооноос хамааран найман хичээлийн цэгээр зохион байгуулсан юм. Тухайлбал, Явган эргүүл, Бүслэн нэгжих ажиллагаа, Шалган нэвтрүүлэх цэг, Цувааны хамгаалалт, Иргэдийн үймээнийг намжаах, Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, Усан эргүүлийн ажиллагаа гэсэн цэгүүдээр хичээллэж, дадлага сургууль хийж, олон орны энхийг сахиулагчид туршлага солилцож, шинийг сурсан юм.
Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан амьд гарах арга ухаан дамжааг АНУ болон Австралийн сургагч багш нарын дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, Таван толгойн районд зохион байгуулж, тус сургалтын үеэр хээр тал, уул усанд амьд гарах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, татан гаргах арга техникийг цэргийн алба хаагчдад эзэмшүүллээ.
Дөрвөн мянган иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэв
“Khaan quest-2014” сургуулийн эмнэлгийн хамтарсан ажиллагааг Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэгт зохион байгууллаа. Олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 42 дугаар сургуулийн байранд байрлан, дүүргийн I, II дугаар хорооны 4000 орчим иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, нөхөн сэргээх физик эмчилгээ, нуруу нугасны өвчлөлтэй хүмүүсийн оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх анагаах ухааны эмчилгээ зөвлөгөө, мэдрэл, шүд, нүд, дотор, ЭХО, хүүхдийн өвчний оношлогоо эмчилгээ, амьсгалын дээд замын өвчний оношлогоо эмчилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүллээ. Мөн ажиллагааны үеэр өндөр настай болон хэвтрийн өвчтэй 100 орчим хүмүүсийг гэрээр нь очиж үзэж, эмчилсэн бөгөөд БХХСАХНЭ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох сургалтуудыг давхар зохион байгууллаа.Энэхүү хүмүүнлэгийн ажиллагаанд иргэд идэвхтэй хамрагдаж, үнэ төлбөргүй, чанартай эмчилгээ үйлчилгээ авсандаа сэтгэл хангалуун байлаа.Энэ үеэр нүдний тасгаар үйлчлүүлсэн 1000 орчим хүн АНУ-аас авчирсан нүдний шилтэй болсон байна.
Хүүхдийн цэцэрлэг засч, ус түгээх байр барилаа
Барилгын хамтарсан ажиллагаанд манай талаас Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, 338 дугаар ангийн 50 цэргийн алба хаагч, АНУ-ын талаас тэнгисийн явган цэрэг, хуурай замын цэргийн 46 цэргийн алба хаагч, БНЭУ-ын нэг барилгын ахлагч оролцож байна. Тэд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 114 дүгээр цэцэрлэгийн шал, цонх, хаалгыг иж бүрэн сольж, засвар үйлчилгээ хийж, хашаа барьж, хүүхдийн тоглоомын талбай бий болгож өгчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн IV хороонд цэвэр усны шугамд холбогдсон ус түгээх байр барьж, эмнэлгийн хамтарсан ажиллагаа явагдсан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн биеийн тамирын заалны гэрэлтүүлгийг иж бүрнээр нь шинэчилж өглөө.
Гадаадын цэргийн алба хаагчид барилдаж, бас харваж үзэв
Тавантолгойд жилд нэг удаа олон улсын чанартай бэсрэг наадам болдог нь энэхүү “Khaan Quest” олон улсын цэргийн хээрийн сургуулийн явцад тохиодог.Энэ удаа ч АНУ-ын Альяскийн Үндэсний гвард, Тэнгисийн явган цэрэг, БНСУ, Тажикстаны цэргийн алба хаагчид зүлэг ногоон дэвжээнээ хүч бяраа сориод авлаа.Тэнд хуран чуулсан олон орны дайчин эрс монгол бөхчүүдийн авхаалж самбаа, хүч бярыг гайхан шагширч, мөн монгол сурыг сонирхон, цөөнгүй зарим нь нумын хөвчийг татангаа хүч бяр, эв дүй ихээхэн шаарддаг амаргүй наадам болохыг нь мэдрэх шиг боллоо.
Хүчит бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагч, сумын заан М.Амарсанаа түрүүлж, 032 дугаар ангийн харьяа, аймгийн арслан н.Эрдэнэчулуун үзүүрлэж, “Алдар” спорт хорооны тамирчин, аймгийн начин Д.Амгаланбаатар, 303 дугаар ангийн залуу бөх Б.Сэнгээ нар удааллаа.