• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭЛХИЙД ДАНСТАЙ ТАМИРЧИН БАЙЛДАГЧ
Нийтэлсэн: 2014-10-20 09:57:09
Үзсэн: 58

ДЭЛХИЙД ДАНСТАЙ ТАМИРЧИН БАЙЛДАГЧ
Нийтэлсэн: 2014-10-20 09:57:09 Үзсэн: 58



Энэ удаагийн “Зочин”-ы хойморт “Алдар” спорт хорооны дэргэдэх буудлагын “Аварга” клубын тамирчин, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн байлдагч Ш.БУЯНЗАЯАГ урьж ярилцлаа.

Дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа, Испани Улсын Гранада хотод 51 дэх удаагийн буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 6-20-ны хооронд болж өндөрлөлөө. Үндэсний шигшээ багийн хамт манай клубээс 6 тамирчин оролцсон. Тус тэмцээнд залуучуудын төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэндээ баяртай байна.

Үнэхээр бахдам амжилт гаргажээ. Ер нь буудлагын спорттой хэрхэн холбогдсон бэ?

-Буудлагын спортоор 5 жил хичээллэж байна. Би Булган аймагт төрж өссөн. 2009 онд аймгийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт буудлагаар хичээллэх хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэж байсантай таарсан юм. Хоёрхон сар хичээллээд байтал Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох завшаан тохиосон. Анхны тэмцээнд орж, шагналт байрын эзэн болж, буудлагын II зэргийн болзлыг хангачихаад маш их урамшиж байлаа.

Анхны гараагаа мундаг эхэлжээ. Өөрийн амжилтуудаасаа дурдвал?

-2008 оны Хүүхдийн их наадамд богино гар бууны төрөлд оролцож, алтан медаль авч, 2014 онд зохиогдох өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авч байлаа. Тус тэмцээнээс хүрэл медалийн эзэн болсон. Мөн 2012 онд ОХУ-ын Казань хотод болсон Дэлхийн оюутны универсад их наадмын шагналт байрт шалгарсан. Кувейт Улсад зохиогдсон 2013 оны Залуучуудын ДАШТ-нээс хүрэл медаль авч байсан. Тэгээд саяхан Испани Улсаас алтан медальтай ирлээ.

Сайн тамирчны цаана багш хүний оролцоо их. Дасгалжуулагчийнхаа талаар?

-Анхны багшийг маань Ганхуяг гэдэг. Буу ч барьж үзээгүй жаахан хүүхдэд өөрийн мэдлэг, чадвараа чин сэтгэлээсээ зааж сургаж, буудлагын спортын “А” үсгийг анх таниулсан хүн дээ. Энэ хүний удирдлагад гурван жил хичээллэсэн. Харин 2011 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Л.Ундралбатын удирдлагад хичээллэж, суралцаж байна.

Буудлагын спорт хувь хүнээс ямар чанарыг шаарддаг вэ?

-Мэдээж, тэсвэр тэвчээр, сахилга бат, хөдөлмөрч чанарыг шаардана. Үүний сацуу өөрийгөө удирдах, дотоод сэтгэл рүүгээ өнгийх, сэтгэл хөдлөлөө удирдан жолоодох чадвар маш чухал. Тэмцээний үед багагүй сандарч, анхаарал төвлөрөлт хоёрдмол байдалд орох үе байдаг. Тэр бүхэнд өөрийгөө зөв удирдаж, тайван байх нь чухал.

Зэвсэгт хүчинд алба хаахын хажуугаар ДАШТ-нд оролцож, том амжилт гаргана гэдэг амаргүй байв уу?

-Мэдээж, хугацаат цэргийн албаны үүргээс гадна тэмцээний бэлтгэл хийхэд амаргүй. Гэхдээ ангийн маань бие бүрэлдэхүүн, тэр дундаа ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр намайг сайн ойлгож, тэмцээн уралдаанд оролцох боломж нөхцлөөр хангаж, үргэлж дэмжиж байдагт нь баяртай байдаг юм.

Цаашдаа Зэвсэгт хүчинд алба хаах хүсэлтэй юу?

-Миний аав цэргийн хүн байсан. Хүүхэд байхаасаа дүрэмт хувцастай аавыгаа харж, бахархаж, түүн шиг болохыг хүсдэг байлаа. Тиймээс цаашид тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурсгаж явах зорилготой.

Дэслэгч М.МӨНЗОРИГ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226